Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарснаар эдгэрсэн хүний тоо 308 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 07

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоног дөрвөн лабораторид нийт 1,281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,280 хүний сорьцод коронавирус илрээгүй.

Харин нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ хүн бол аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан.

Нэг сайн мэдээ нь өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан. Үүнээс 308 нь буюу 98 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалт дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх