Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг одоо л зориулалтаар нь ашиглая

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 12 сар 11 ・ 1

Хүүхдийн болон төрөх эмнэлэг хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг ч барилгыг нь бариад ашиглалтад оруулах гэж хэдэн жил дамнаж байгаа билээ. Азаар цахим ертөнцөөр тарсан эмнэлгийн хүрэлцээ тааруу байгаа зургууд төрийн түшээдийн  хараанд өртөж  ирэх жилийн 2-р сар гэхэд нэг  эмнэлэг зохицуулж өгөх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Тодруулбал, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Нэгэнт улсаас төсөв мөнгийг нь гаргаж  өгөх юм чинь олон нийтэд хүртээмжтэй байхаар, бас эмнэлгийн байрыг зориулалтаар нь ашиглах хэрэгтэй гэсэн  “горим”-ын саналыг дэвшүүлж байна.  Одоо Хууль зүйн яамныхан конторлож байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байр нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан болохоор тус байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад болохгүй  гэх зүйлгүй.  Нөгөө талаас тус эмнэлгийг ашиглалтад оруулсан тохиолдолд хүчин чадал нь одоо байгуулах эмнэлгийнх нь хүчин чадлаас  их болохоор ард түмэнд хүрч үйлчлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Төрийн тусгай албан хаагчдын өргөтгөлийг зориулалтаар нь ашигласан тохиолдолд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, нийтдээ 240 хүний ортой, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 120,000 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай болох юм.

Засгийн газрын шийдвэрээр байгуулах гээд байгаа 150 ортой эмнэлэгт нь Хууль зүйн яамны 130  хүн багтаад шингэх биз.  Харин 1.3 сая  оршин суугчтай нийслэлчүүдэд 150 ортой эмнэлгээс 240 ортой эмнэлэг нь хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр татан буугдсан яамныхаа байранд Хууль зүйн яамныхан нь  конторлоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглаад Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүлжүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй биз.

Тэгээд ч одоо Хууль зүйн яам конторлож байгаа нь байр нь анхнаасаа хууль бус байсан юм.  Тодруулбал,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ажлаа авсан даруйдаа  дээрэмдсэн.  Ингэхдээ  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Тэгтэл уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторхи тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны нэгдүгээр сарын наймны өдөр 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдрэх  шахсан.

Энэ удаад Хууль  зүйн яамныхан хүүхдүүдтэй байр сав булаацалдаад суухгүй  гэдэгт итгэж байна.  Монголчуудынхаа ирээдүйн төлөө энэ саналыг ажил хэрэг болговол улс төрчдийн нэр хүнд өсөж, ард түмэндээ ч ашигтай байх бизээ.

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 12/

    Temuujin ****** batsaanii bulaasan yamnii emnelgiig butsaagaad emnelgeern ashiglaval munch olon turduu tangargaa urugsun alban haagch nar bayarlandaa

    Хариулах