Монгол Улс цахим үндэстэн болоход бэлэн үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 09

Технологийн хөгжилтэй хөл нийлүүлж цахим үндэстэн болох чухал мөч Монгол Улсын өмнө ирээд байгаа энэ цаг үед цахим шилжилтэд бэлэн эсэхээ ярилцаж, бэрхшээл, шийдлийг эрэлхийллээ. Манай улс өнгөрсөн оны байдлаар дижитал өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 62-т, 2020 оны Цахим засгийн хөгжлийн индексээр 193 улсаас 92 дугаар байрт жагсчээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны давуу талыг амьдралын хэв маяг болгож шинэ технологи үйлчилгээ нэвтрүүлэх олон гарц шийдлийг “Цахим үндэстэн” форумын салбар хуралдаануудын илтгэгч, панелистууд онцолж байв. Тухайлбал, хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа Е-mongolia систем төрийн үйлчилгээг иргэдийн атганд багтааж буй. Статистик мэдээллээр иргэд төрийн үйлчилгээг авахад дунджаар 1:30 цаг зарцуулдаг. Харин Е-mongolia системээр 3-5 минутад авдаг болсноор төсөв, хугацаа, ажлын ачаалал хэмнэж байгаа юм.  Монгол Улс цахим үндэстэн болоход цогц программ хангамжийг авч явахад хамгийн багадаа мэдээллийн технологийн салбарын 20 өөр төрлийн инженер, программист болон төсөл удирддаг  хүмүүсийн нэгдэл байх шаардлагатайг экпертүүд тэмдэглэлээ. Тэдний байр суурийг хүргэе.

 

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛЖ ЧАДВАЛ АВЛИГА ЦЭГЦЭРНЭ

-Цахим үйлчилгээг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд долоон жилийн хугацаа шаардлагатай. Нийтээрээ цахим үндэстэн болж, цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал авлигын асуудлыг цэгцэлнэ. Төрийн алба хаагчтай биечлэн уулзах шаардлагагүй утсаараа үйлчилгээ авна. Мөн цахим системд шилжсэнээр төрийн байгууллагуудын ажил үүргийн давхцалыг арилгаж, гүйцэтгэлд тулгуурласан цалингийн систем рүү шилжих боломж бүрдэнэ.

 

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА О.ЧИНЗОРИГ: НЭГ ЦАГДААД 3000 АВТОМАШИН НООГДОЖ БАЙНА

-Ухаалаг хотыг хөгжүүлэх зургаан модулийг танилцуулья. Үүний тулд ухаалаг засаглал, эдийн засаг, хүрээлэн буй орчин, мэдээллийн технологи, дэд бүтэц, тээвэр, амьдралын хэв маяг, оршин суугч  байх юм. Энд зөвхөн нийтийн тээврийг онцлоход өдөр тутам 949 автобус үйлчилгээ үзүүлж 650 мянган хүн үйлчлүүлдэг. Автомашины тоо 764400 байгаа нь нэг цагдаад 3000 автомашин ноогдож байна гэсэн үг. Тиймээс тээврийн хэрэгслийг автомат хяналтад оруулах хэрэгтэй.

 

“ГЭРЭГЭ СИСТЕМС” ХХК-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБАТ: АЖИЛ НУРААДАГ ДУНД ДАВХАРГЫГ ЦӨМЛӨХ ХЭРЭГТЭЙ

-Монгол Улс цахим үндэстэн болохын тулд юуны түрүүнд ажлыг нураадаг дунд шатны давхаргыг цөмлөх хэрэгтэй. Ингэхгүйгээр ажил явахүй. Төрөөс хамгийн түрүүнд хүсэх зүйл гэвэл уулзаж, ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Фронт дээр байлдаж байгаа байл­даг­чидтайгаа уулзахгүйгээр дунд нь юу тээглээд байгааг ойлгохгүй. Үүнтэй л адил. Төр, хувийн хэвшил хамтарч сэтгэл нэгдэж ажиллавал дижитал шилжилт 10-20 жил шаардахгүй. Маш амархан байх болно.

 

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ТӨР БОЛ IT-ГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ХУДАЛДАН АВАГЧ

 

-Төр бол IT-гийн салбарын хамгийн том худалдан авагч гэдэг утгаараа зах зээл дээрх сайн бүтээгдэхүүнийг худалдаж авах ёстой. Мэдээллийн технологийн салбар илүү шинэлэг, инновацлаг, эрүүл салбар байх ёстой.

IT-гийн компаниуд зөвхөн Монголдоо л тендер булаацалдаж хэрэлддэг биш хамтраад олон улсын зах зээл дээр гарах хэрэгтэй. Энэ тал дээр байр суурийг нь хамгаалж ажиллах болно.

 

ЮНИТЕЛ ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ: ИЛҮҮ ХУРДАЛЪЯ ГЭВЭЛ ХАМТДАА ЯВАХ ХЭРЭГТЭЙ

-Төр мэдээллийн техно­логийн салбарынхныг ший­дэл нийлүүлэгч биш үйлчилгээ нийлүүлэгч гэж харвал цахим шил­жил­тэд тулгамдаж буй асууд­лууд шийдэгдэнэ Юни­тел группийн 1.4 сая хэрэглэгчийн тал хувь нь дижи­­тал хэлбэрээр үйл­чил­гээ авч байгаа нь ма­най өнөөгийн нөхцөлд чам­ла­хааргүй үзүүлэлт.

Гэх­дээ илүү хурдалья гэвэл хамтдаа буюу төрийн апп дотор хувийн хэвшлийн үйлчилгээнүүд орж, хувийн хэвш­лийнхэд  төрийн үйл­чилгээ нь орчихвол энэ сал­ба­рын хөгжил илүү хурдасна.

 

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-НЫ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХЗОРИГ: ТҮГЖРЭЛИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ШИЙДВЭРЛЭХ ГАРЦ БИЙ

 

-Ухаалаг хот байгуулахад аль нэг дүүрэгт туршилтын байдлаар хэрэгжүүлж, технологийн хувьд тулгамдсан асуудлуудыг шийдэж тодорхойлж болно. Нөгөө талаас ухаалаг хоттой болсноор түгжрэлийн асуудлыг хиймэл оюун ухааны тусламжтай, техник технологийн дэвшлийг ашиглаж өгөгдөлд суурилсан байдлаар шийдэж болно. Ухаалаг хот гэдэг бол өгөгдөлд суурилсан асуудлыг шийдэх гарц юм.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх