Түүний хамгийн төгс чанар нь хэлсэндээ хүрдэг

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 09
Тамирчнаас дасгалжуулагч, дасгалжуулагчаас менежер болсон тэрбээр хэлний мэдлэг, ёс суртахуун, хувь хүний соёл, харилцаа, мэдлэг боловсролоороо олон улсын түвшинд ажиллаж чаддаг.

Спорт гэдэг гайхамшигт үг хүндлэл, хайр, зүтгэлийн нийлэмж билээ. Спортоор хичээллэсэн хүн хэзээ ч буруу замаар явдаггүй гэдэг үг бий. Энэ ортой гэж би боддог. Арав гаруй жил спортын сэтгүүлчээр ажиллахдаа энэ үгийн утга учрыг өдөр бүр мэдэрч, илүү ухаж ойлгохыг хичээн өнөөдрийг хүрчээ.
Тамирчин, дасгалжуулагч, тэдний ар тал болсон гэр бүлийнхэн нь ямар хүмүүс байдаг, тэмцээн, уралдаанд оролцохдоо ямар саад, бэрхшээлийг туулдаг гээд спортынхны алхам бүр спортын сэтгүүлчид буюу үзэгтэй тамирчдын анхаарлын төвд үргэлж ургаж явдаг сэдэв. Нэг талаараа тэдний гэр бүлээс дутахгүй ойр дотны зөвлөгч болсон нь ч цөөнгүй. Ямар ч спортын төрөлд олон жилийн уйгагүй хөдөлмөр, сэтгэл зүрх бүрэн зориулагдаж байж амжилт ирдэг. Туршлагаас туршлагын хооронд ухаажиж, хөдөлмөрлөж байж зорьсон зорилгодоо хүрдэг.
Монголын чөлөөт бөхийн спортод бодлого, менежментийн зөв хандлага авчирч, бөхийн спортоо төлөөлөн мэдлэг, боловсрол, дасгалжуулалт, удирдлагын арга барилаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан залуусын төлөөлөл бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр юм.
Түүнийг чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд гавьяатын дүү гэдгээр илүү сайн мэддэг байсан бол 1990-ээд оны сүүлээр чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, 2008  оноос Шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэх амжилт дагуулсан алба, үүргээр нь спорт сонирхогчид андахгүй мэднэ. Түүнийг чөлөөт бөхийн спорттой ажил, амьдрал, карьераа холбон зүрх сэтгэлээ зориулахад аав болон Гавьяат тамирчин Б.Болд (Төрсөн ах), нэрт дасгалжуулагч Н.Ганбаатар нар чухал нөлөө үзүүлж, спортын жаргал, зовлонг эд эсээрээ мэдэрдэг нэгэн болгон хүмүүжүүлсэн гэдэг.
Долоон жилийн өмнө буюу 2013 онд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа. Шинэхэн сэтгүүлч миний хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас яриа авах зорилготой утасны дугаарыг нь олж залгав. Б.Батбаяр дасгалжуулагч уриалгахан зөвшөөрч “Өглөө эрт уулзаж болох уу” гэлээ.
Би 10:00 цагийг санал болготол “Тийм орой юу. 08 цагт уулзах уу” гэсэнд маш их ичиж байснаа нуух юун. Товлосон цагаасаа 30 минутын өмнө очиход тэр аль хэдийн ирчихсэн, сонин гарчиглангаа компьютер дээрээ барилдааны бичлэг үзээд сууж байв. Эртэч, хичээнгүй зан чанар түүний өнөөдрийг хүртэл гаргасан том амжилтуудын нэг гол түлхэх хүч нь байсан гэж боддог.
Б.Батбаяр дасгалжуулагч 2008 онд чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн залуучуудын багтай ажиллаж, дасгалжуулагч болох гараагаа эхэлсэн. Тухайн цаг үеэс өнөөдрийн “томчууд” түүний удирдлага дор анхны багш нарынхаа гараас дамжин, тив дэлхийд өнгөлөх эхлэлээ тавьж байлаа.
Москвад 2010 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Архангайн Хашаатын охин Соронзонболдын Батцэцэг 20 насандаа түрүүлэн Дэлхийн аварга болж, цаашлаад 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж, 32 жил тасарсан чөлөөт бөхийнхний олимпийн медалийг буухиаг үргэлжлүүлсэн билээ. Шигшээ багийн тамирчин, багш, дасгалжуулагчдын нэгдсэн хүч, маш их хичээл зүтгэлийн ачаар чөлөөт бөхийн эмэгтэй багийн тамирчид анх удаа олимпийн хүрэл медаль хүртсэн гайхам түүх эндээс эхэлсэн.  2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн мөнгө, О.Насанбурмаа хүрэл медаль, 2012 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхтуяа хүрэл хүртсэн, 2013 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7 жинд өрсөлдсөн баг тамирчид 5 медаль зүүж, “Мөнгөн цом” гардсан гээд эх орныхоо нэрийг мандуулсан охидын шигшээ багийн түүх олон юм.
Тухайн үед Б.Батбаяр багшаас “Шигшээ багийн амжилтын гол нууц юунд байна?” гэж асуухад “Миний хувьд энэ гэрийн жижигхэн дээвэр нь. Харин Т.Сүхбаатар, З.Дүвчин багш нар маань миний хоёр багана юм” гэсэн даруухан хариулт өгч байсан санагдана. Түүний 2016 он хүртэл гар нийлэн ажиллаж, хамтдаа амжилтын үзүүрээс атгалцсан, Монгол түмний бахархалт дасгалжуулагчид нь энэ хоёр эрхэм.
Шигшээ багийн амжилт үүгээр дуусахгүй. Узбекстаны нийслэл Ташкентад 2014 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Цэрэнчимэд 19 насандаа түрүүлж, найдлага алддаггүй гавьяат О.Бурмаа хүрэл медаль зүүж байлаа.  Энэчлэн монгол охидын дэлхийг байлдан дагуулсан тууштай амжилтыг удирдан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүний гавьяаг үнэлэн  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнан урамшуулсан билээ.  Шигшээ багийн тамирчид дараа жилд нь АНУ-ын ЛасВегас хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л амжилттай оролцож, Батцэцэг маань дэлхийн хошой аварга болж, С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн байдаг. Түүнийг ийн улсынхаа шигшээ багийг ахлан ажиллах хугацаанд шигшээгийн тамирчид Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь бахдам түүхийн нэг мөнөөс мөн. 2013 оны Дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хүлээн авч, дэлхийн шилдэг найман орны баг тамирчдын өрсөлдөөнийг Монголд зохион байгуулсан. Энэ тэмцээнд Монголын тамирчид ганцхан онооны зөрүүгээр “Мөнгөн цом”-ын эзэд болж байсан юм. Харин 2015 онд ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд манай охид хүрэл медаль хүртсэн нь хилийн чанадад болсон Дэлхийн цомын анхны амжилт байлаа. Тухайн үед тэмцээн сурвалжилж, хамт хилийн дээс алхсан надад ярилцлага өгөхдөө “Риогийн олимп өөрт нь эцсийн дүн тавих байх” гэж тэр хэлж байсан юм. Энэ үгийн утга учрыг тухайн үед гүйцэд ойлгоогүй явж. Харин Риогийн олимпын үе шигшээ багийн уналтын жил байсан уу, тун тааруухан өрсөлдөж,  Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар шигшээ багаас уучлал хүсэн, ажлаа өгч байсан нь нэг талаараа ёс зүй, нөгөө талаараа харамсал төрүүлсэн үйл явдал байсныг нуух аргагүй.  
Ямартай ч түүнийг Үндэсний шигшээ багаа удирдан ажиллах үед хариуцаж байсан охидын баг тамирчид нь дэлхийд хэдэнтээ нэрээ өргүүлж, Монголын чөлөөт бөхийн спортын түүхэн амжилтуудыг бүтээжээ.
Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгөөд, чөлөөт бөхөөс тэр явж болох л байсан. Гэхдээ түүний боловсрол, мэдлэг, мэдрэмж, залуу хүний зарчимч зан чанар, удирдан зохион байгуулах авьяас нь энэ спортод хэрэгтэй байсан юм. Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл Б.Батбаяр дасгалжуулагчийг холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах итгэл хүлээлгэж, эгзэгтэй цаг үе байсан ч тэр спортын төлөө, холбооныхоо төлөө эв эеийг хичээн ажиллахаар зориг шулуудан чөлөөт бөхийн “гал тогоо”-г барьж эхэлсэн юм. Энэ үүргийг өдгөө ч тэр нэр төртэй биелүүлж яваа.
Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаасаа хойш Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа, дотоодын тэмцээн, уралдааны чанарыг сайжруулах, баг тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөл, тамирчдын амжилтыг үнэлэх, холбооны маркетинг төлөвлөгөөг дэлхийн томоохон спорт холбоод, клубын жишигт барьж ажиллах гээд олон шинэчлэлийг ажил хэрэг болгожээ. Тамирчнаас дасгалжуулагч, дасгалжуулагчаас менежер болсон түүний спортын замнал чөлөөт бөхөөс ер хөндийрөөгүй. Залуу хүний хувьд урваж хөрвөөгүй, их спортоо, дуртай салбараа гэсэн сэтгэл, зүтгэлээр тогтвор, суурьшилтай ажиллана гэдэг авах чанар мөн.
Б.Батбаяр дасгалжуулагчийг гадна дотны олон арга хэмжээ, тэмцээн, уралдаанд оролцож явахыг нь мэднэ. Хэлний мэдлэг, ёс суртахуун, хувь хүний соёл, харилцаа, мэдлэг боловсролоороо олон улсын түвшинд тэр харилцаж чаддаг.Үүний жишээ бол Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо түүнд итгэл хүлээлгэж, олон улсын хэд хэдэн сургалт, хурал, зөвлөгөөн удирдах үүрэг оноон, англи хэл дээр зохион байгуулсан бүх хөтөлбөрүүдийг Б.Батбаяр багш амжилттай удирдан зохион байгуулсан байдаг.
Түүнийг Гавьяат дасгалжуулагч болох үед нэг гэр бүлээс чөлөөт бөхийн ХОЁР ГАВЬЯАТ төрлөө хэмээн хэвлэлүүд онцлон тэмдэглэж байсан. Буяндэлгэрийн найман хүүгийн хоёр нь буюу Б.Болд, Б.Батбаяр нар ийн чөлөөт бөхөөрөө овоглон ах нь Гавьяат тамирчин, дүү нь Гавьяат дасгалжуулагч болсон ховор тохиол энэ эрхэм гэр бүлд ирсэн юм. Эцэг, эхээс олуулаа, эрчүүд голдуу хүүхдүүдтэй байна гэдэг их хувь заяа, том хариуцлага. Харин Буяндэлгэрийн хөвгүүд бүгд өнөөдөр өөрсдийн эзэмшсэн мэргэжил, хүмүүжил, боловсрол, мөн чанараараа салбар бүртээ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрчүүд болж өсжээ. Гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйл, бахархал хүний амьдралын хамгийн анхны сургууль болдог гэдэг энэ буй за.
Түүний хамгийн төгс чанар нь хэлсэндээ хүрдэг. Олон жишээнээс харж байлаа. Эхээс олуул өссөн болохоор байх байхгүйн бэрхшээлийг дэндүү сайн мэднэ. Тэр чимээгүй тусалдаг. Чимээгүй ажлаа хийдэг. Хэн нэгэнд тусаллаа гэж энд тэнд зарлаж явахыг нь сонсоогүй. Гэхдээ бүгдийг анзаарч тусалж, дэмжсэн л байдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Оюунсүрэн, Монгол Улсын Гавьяат тамирчин агсан Ц.Нацагдорж, Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг гээд  олон тамирчны хагалгааны зардалд хувиасаа болон  албан үүргийнхээ хувьд тусалж байсныг нь хожим сонсож байсан. Чөлөөт бөхийн спортод идэвх зүтгэлтэй, хичээнгүй ч ар гэрийн нөхцөл тааруу хүүхэд, залууст гадаадын их, дээд сургуульд суралцах боломж олгож байсан олон тусыг нь мэднэ. Тэр ийм л “Чимээгүй” гавьяат.
Спортын сэтгүүлч
Ж.ЦЭЦЭГМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх