Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 14
・ 1
Манай улсад аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн халдвар бол "Элэгний вирус" буюу "гепатит" юм. Энэхүү өвчнөөр 70,2 хүн нас баржээ. Монгол Улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг.
Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтэрчээ. Гэтэл Монгол Улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд нэлээд дээгүүрт орох болсон ДЭМБ-ын анхаарлыг сүүлийн хэдэн жил татаад байна.
2012 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 10 хувь нь хепатит В, 11 хувь нь хепатит С вирүстэй гэсэн судалгаа гарсан. Мөн элэгний хавдараас болж нас барагсдын тоогоор дэлхийд дээгүүр байрт орж байгаа юм. Учир нь ДЭМБ-аас гаргасан дундаж тоо нь 100 мянган хүн тутамд 9 хүн элэгний өвчлөлөөр нас бардаг гэж байдаг бол манай улсад 70,2 хүн нас барж байгаа нь харамсалтай. Мөн манай улсад 7 хүн тутмын нэг нь энэ төрлийн вирусаар өвчилсөн байдаг. Элэгний хавдарыг бий болгодог хепатит В, С, D вирусээр өвчлөөд удсан тохиолдолд эмчилгээ хийхэд хэцүү. Түүнчлэн халдвар аваад эхний үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир эрт оношлуулан таарсан эмчилгээгээ хийн эдгэрэх боломжтой байдаг аж. Халдах зам нь ерөнхийдөө ХДХВ-тэй төстэй буюу бэлгийн замаар, эхээс урагт, цусаар халдварладаг. Тиймээс шивээс хийлгэх, чихээ цоолуулах гэх мэт арьс салстыг гэмтээх зүйл хийлгүүлж байгаа бол ариутгал халдавгүйжүүлэлтийг шалгах хэрэгтэй.
Тэгвэл Эрүүл мэнд спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа. Түүний санаа уг нь зөв. Гэхдээ нэгэн асуудал бий. Юу гэхлээр Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал 900 доллароор оруулж ирж байгаа элэгний С вирүсын эмийг дэд сайд Амарсанаа 1800 доллароор зарна гээд зүтгээд байна гэж багагүй маргаан өрнүүлсэн. Харин Ж.Амарсанаа "Монгол хүнд халдварласан С вирусийн генотип нь ихэвчлэн нэгдүгээр генотип байдаг. Нэгдүгээр генотип бол эдгэрэх нь арай удаан байдаг. Тэгэхээр нэгдүгээр генотипээр халдварласан бол зургаан сараар л курс эмчилгээ хийгдэх байх л даа. Ингэж л тооцоо хийж курс эмчилгээний үнийг 1800 доллар гээд байгаа юм ш дээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Энэ хоёр эрхэмийн нэг нь гурван сарын курс эмчилгээний эмийн дүнг 900 доллар гэж тооцоолсон бол нөгөөх нь эмэнд дасал болчихсон өвчтөнд хавсарч хэрэглэвэл зургаан сарын курс эмчилгээ шаардагдана гэж үзэн 1800 долларын үнээр оруулж ирнэ гэж үзжээ.
Ямартай ч элэгний С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг батлуулчихвал дээрх маргаантай асуудал шийдэгдэх нь дамжиггүй. Харин өвчтэй хүмүүсийн зовлонгоор "бизнес" бүү хийгээсэй гэж хүсэх байна. Аль болох хямд үнээр оруулж ирэхгүй бол энэ төрлийн өвчлөл намжих нь бүү хэл улам халдвар цаашаа газар авч 15 хувь нь өсөх магадлалтай. Хэт өндөр үнэтэй эмийг худалдан авч чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.