2020 он хүн төрөлхтөнд эв нэгдэл, сахилга бат хэчнээн чухлыг ухаарууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 31

МАН-ЫН ЯЛАЛТЫН ШАНДСЫГ СОРЬСОН 2020 ОН

Улс төрийн ертөнцөд сонгуулийн хэмээн онцлогддог жил улиран өнгөрч байна. Дөрвөн жилийн давтамжтай болдог УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургаадугаар сард болж, МАН ялалт байгууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар өнөөгийн парламент МАН 62, АН 11, МАХН нэг, ХҮН-ын нэг, бие даагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улс төрийн хоёр том хүчний нэгд тооцогддог АН-ын хувьд УИХ-д нэр дэвшигчдэдээ 100 сая төгрөгийн босго тавьсан нь ялагдалд хүрэх үндсэн шалтгааны нэг яах аргагүй мөн. Басхүү С.Жавхлан, О.Баасанхүү нарыг урьж, тойрог өгөхдөө тулсан нь Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарын хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдөө хөөж явуулчихаад сонгуулийн үеэр эргэн ирэхийг урьсан ч ирээгүйн үр дүн. 

Намаа далаар нь цэвэр тавиулсан гэмээ үүрэн, АН-ын дарга намынхаа Үндсэн дүрмийн дагуу албаа тушаалаа хүлэээлгэж өгсөн С.Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө тамга гардуулсан Ц.Тувааны гаргасан шийдвэрүүд хууль бус хэмээн тамга юугаа эгүүлэн авсан. Зүүн хойд Азидаа л томд тооцогдох цахим хурал хийсэн хэмээн зарлан тунхагласан тус намын Их хурлын шийдвэр энэ янзаараа эвгүйтэх янзтай. Өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин хэмээн зарладаг МАХН ажиглагчдыг айхтар андууруулж, ганцхан суудал авсан нь өдгөө парламентад буй “босоо” С.Ганбаатар. ХҮНаас нэр дэвшигчийн тухайд УИХ-д ганц дайчин ганцаардахгүйн үлгэрийг ишлэгч Н.Доржханд гишүүн. 

Ганц бие даагч Н.Алтанухяг гишүүний тухайд аргагүй л угшил нэгтэй гэдэг утгаараа УИХ-д АН-ыг дэмжсэн шигээ сууна. УИХ-д унаж, улс төрийн хоёрдогч хүчин гэх рейтингээ алдсан АН-ын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар нэг шат ахисан бол МАН эсрэгээрээ нэг шат ухарсан. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь засгаа байгуулдаг жаягаар МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, багаа залуухан, халуухан шинэлгээр бүрдүүллээ гэх үнэлгээг олон нийтийн зүгээс авсан ч МАНын ялалтын шандсыг хэлж ирдэггүй хийсэж ирээд хүн төрөлхтнийг чичрүүлж буй “Ковид19”-ийн халдвар харин ч нэг сорьж буй. 

Хоёрхон сарын өмнө дотооддоо халдвар алдаагүй цөөхөн орны тоонд багтаж байсан Монгол Улсын дотоодын нийт халдвар өдгөө хэдэн зуугаар тоологдож байна. Тиймдээ Засгийн газар Монгол Улсын түүхэнд анх удаагаа бүх нийтийн хөл хорио тогтоож, нийслэлд өнөө хэр үргэлжилсээр буй. Цар тахлын өмнө барьц алдахгүйн тулд байдаг бүхий л аргаа хэрэглэж буй Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон, шахмал түлшний үнийг 75 хуиар бууруулж, зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэглэлээ. 

Түүнчлэн зарим импортын бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж, цар тахлын эсрэг хуулийг шинэчлэн баталж, хэрэгжих хугацааг нь сунгалаа. Өнгөрсөн жилийн улс төрийн амьдралд өөр өнгө нэмсэн нэг явдал нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг өвөртөлж, парламентын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, Хотын даргын албан тушаалд очсон явдал. 

Түүнээс гадна Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэл бий болох суурь тавигдлаа гэж үнэлэгсэд цөөнгүй. 70-н зүйлтэй Үндсэн хуулийнхаа 19 зүйл, 36 заалтад оруулсан өөрчлөлтийг сайн эсвэл муу гэж үнэлэхүйц үр дүн харагдахгүй л байна. Гэхдээ дагалдан гарах 40 хуулийн шинэчлэл алс хэтдээ итгэл төрүүлэхүйц гэгээ татуулах нь байх аа.

САНХҮҮГИЙН СТРЕСС ИРГЭНЭЭС ТӨРИЙГ ХҮРТЭЛ НЭРВЭЛЭЭ 

Монгол Улсын 2020 оны эдийн засаг дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөгөөр өөдрөг үзүүлэлттэй эхэлсэн ч бөмбөрцгийн бусад улс орнуудын туулсан гамшгийг туучсаар шинэ онтой золголоо. Оны босгон дээр Ерөнхийлөгчийн оргилуун дарс буудуулахдаа барьсан сюрприз буюу ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудал коронавирусийн халдварын муу мэдээтэй золготол банкны салбарт доргилт үүсгэсэн. 

Энэ байдлыг намжааж дээрх мэндчилгээнээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-нд “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж тус компани “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөхөөр арилжааны банкуудтай гарын үсэг зурсан үүргээ биелүүлээд нэг жилийн хугацааг үдэж байна. Ачааны хүндийг үүрсэн “Эрдэнэс Силвер ресурс” төрийн өмчит компани шинэ оны босгон дээр Монгол Улсын Эрдэнэсийн сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүлсэн баяртай мэдээг дуулгаснаас харахад тухайн лицензүүдийг төрийн өмчит компанид шилжүүлсэн нь зөв алхам байсныг нотолно. 

ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 31-ний шөнө хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг тогтоон барихын тулд дэлхий даяар онц байдал зарлав. “Ковид-19” цар тахлын нөлөө улс орон ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй хүнд үе ирээд буйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон, 2020 оны гуравдугаар сарын 25-нд “Ковид 19”-ийн цар тахлын нөлөөтэй уялдуулан 2020 оны төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танаж, хямралын эсрэг тусгай сан байгуулж, уг санд төвлөрсөн хөрөнгийг оновчтой, ил тод, хяналттай зарцуулах уриалга гаргасан. 

Харамсалтай нь, Сангийн сайд “Төсөвт тодотгол хийхгүй” гэсэн мэдэгдэл гаргаж, сонгууль дуустал хуучин төсвөөрөө явсаар 2020 оны наймдугаар сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай, ганцхан жилийн дотор 1.7 тэрбум орчим ам.долларын өр үйлдвэрлэхээс аргагүй нөхцөл байдалд оруулсан төсөв баталсан нь маргашгүй үнэн. 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБий 33 хувьтай тэнцэх зарлага баталчихсан мөртлөө “Ковид19”-ийн эсрэг вакцинаа худалдан авах зардлыг төсөвтөө тусгаагүй байсан нь илэрлээ. Өдгөө төсвийн орлого 700-аад тэрбум төгрөгөөр тасарчихаад буй. 

Тахлын уршгаар татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн санхүү хүндэрч, эдийн засаг хумигдлаа. Өөдрөгөөр төсөөлж, цар тахал намжихаар гэж амсхийвч, залгаад өрөө төлөх өдөр хоногууд эхэлнэ. Тиймдээ ч олон улсын байгууллагуудад одоо төлөхөөр хүлээгдэж байгаа бондын өр төлбөрүүдээ худалдах арга замыг сонгох тухай ярьж эхэлж байх шиг байна. Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бууруулж арилжааны банкуудын зээлийн хүүг захиргааны аргаар ч атугай барих оролдлогуудыг хийсэн ч банкуудын зээлийн эргэн төлөлт доголдож хүндэрсэн хэвээр байна. 

Эдийн засагчдын хэлснээр “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшиж, экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учруулсан хүндрэлийг алтны салбар, ялангуяа шинээр бүрдүүлсэн нөөц, алт тушаалтын хэмжээ аварсан. Гэхдээ ирж буй 2021 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байгаа. 

ҮНДЭСНИЙ УРЛАГААР “ХУЯГЛАСАН” МОНГОЛ РОКЧИД ДЭЛХИЙГ ШУУГИУЛАВ

Монгол уран бүтээлчдээс анх удаа “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Gold play button” шагналын эзэн боллоо. “The Hu” хамтлаг алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, сонорыг мялаасан нь тэр. 

Хэдийгээр дэлхйи нийт аюулт халдварт өвчний өмнө хүчин мөхөсдөж, хөл хорио хаа сайгүй үргэлжилж буй ч цахим ертөнцийн буянаар урлаг, спортын ертөнцөд Монголчууд амжилт гарган уухайлах дуу нь лайкад хувиран үргэлжилсээр байна. Тухайлбал, Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин Д.Дагвадорж амжилттай оролцон, “ГРАН ПРИ” шагнал хүртлээ. Насан хүрэгчдээс дутахгүй бахдам амжилтыг бяцхан үрс маань гаргалаа. 

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цом хүртлээ. ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан энэ тэмцээнд дэлхийн 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн билээ. Тайзны урлагаас дутуугүй амжилтыг киночид үзүүлж, монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртэв. Найруулагч Л.Номингийн “Хүрд” бүтээл, баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох The International Documentary Film Festival (IDFA)-иас шагнал хүртлээ. 

Монгол Улсад жилээс жилд өсөж байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн тус бүтээл кино фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Дунд хэмжээний баримтат кино”- ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсан нь бас нэг монгол бахархал. Түүнчлэн залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “ Шилүүс” богино хэмжээний кино Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгогдон, шалгарч, монгол бүсгүй Б.Хандсүрэн, холливудын “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тоглолоо. 

Шинэхэн цувралын эхний бүлэг есдүгээр сарын 13-наас Англи хэлээр “Netflix”-ээр гарч эхэлсэн бол Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУын олон улсын кино наадмын “Excellence in International Filmmaking medallion хэмээх шагналын эзэн болжээ. Уран бүтээлчид маань дэлхийн дэвжээнд дэвж байх үест Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан нь бас нэг дэвшил, багагүй амжилтын эхлэл болох нь дамжиггүй.

 ТОКИОГИЙН ОЛИМП НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛОГДЛОО

Спортын ертөнцийн хамгийн их анхаарал татсан үйл явдал Японы нийслэл Токио хотод болох байсан зуны олимпын наадам хойшлогдсон нь. “Ковид-19”-ийн цар тахлын улмаас олимп нэг жилээр хойшлогдож 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэхээр болсон нь оны онцлох үйл явдлын нэг. Дайнаас бусад ямар ч тохиолдолд хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл болох олимпын наадам хойшлогдож эсвэл цуцлагдаж байсан түүх үгүй. 

Ертөнц даяар олимпоос гадна спортын маш олон уралдаан тэмцээн цуцлагдсан ч Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, удирдлагаа шинэчилсэн. Тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгууль явагдаж, МҮОХ-ны ерөнхийлөгчөөр гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр сонгогдсон бол дэд ерөнхийлөгчийн албыг Ч.Наранбаатар хашиж, Мөн МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүнээр сонгогдсон юм. 

Салбарын шинэчлэл тамирчдын амжилтаар буухиалж, Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахим хэлбэрээр зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг түрүүлсэн бол бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионд манай баг дөрөвдүгээр байрт шалгарч, “3х3” сагсан бөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт гаргалаа. 

Тамирчны алдар хямдхан олддоггүй ч холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох UFC холбооны анхны монгол тамирчин болсон Д.Батгэрэл АНУ-ын Лас-Вегас хотод Аргентин тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, эдүгээ мэргэжлийн бокст хүч үзэж буй “King Tug” хочит Н.Төгсцогт тулаануудаа амжилттай хийж, Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны Нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэн, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал хацү башёд түрүүлж, 44 дэх түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан сайхан жил улирч байна. Гэвч саарын хажуугаар саар ч бас байв. 

Энэ жилийн наадмыг хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд бус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулагдсан. Мэдээж “ковид 19”-өөс болж тэр шүү дээ. 512 хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж Монгол Улсын аварга цолыг хүртэв. 

Наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариугаар үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, улсын харцага цол хүртсэн Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нараас сэргээш илэрсэн. Наадмын ногоон дэвжээг хотолзуулж, түмэн олныхоо уухайгаар бяр, ухаанаа тэгшилдэг үндэсний бөх нар маань наадамчин олныхоо сэтгэлийг гонсойлгож орхисон нь жаахан таагүй

 37 оныг санагдуулам олны танил олон хүн ял сонсож, шоронд орлоо. Зүйрлэл маань их хэлмэгдүүлэлтийн онтой давхацсан ч хилс гэхээсээ илүүтэй хариуцлагагүй сэтгэлгүй басхүү хяналтгүй он удсан ужгирал хагарч орхисон гэж дүгнэх нь зүйд нийцэх байх. Он солигдох энэхэн мөчид 14 улстөрч ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хасуулж, ялтан хэмээгдэн торны цаана сууж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарт шүүхээс ял шийтгэл оноосон. 

Зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг баривчлан хорьсон нь Монголын улс төрийн түүхэнд, урьд өмнөх сонгуулиудад гарч байгаагүй содон, харуусам басхүү эргэлзээтэй нөхцөл байдал байсан юм. Эргэн сануулахад, М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татсан ч эцэстээ авто машины хэрэг тохон дөрвөн жил зургаан сарын ял оноосон. 

С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан ч нотлогдоогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгасан. С.Баярт анх таван жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх хоёр жил зургаан сар, С.Баярцогтод 10 жилийг ял оноосныг дөрвөн жил, найман сар болгон бууруулсан. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад 4.5 жил, Б.Болорт 3.5 жил, Дубайн гэрээгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрвөн жилийн хорих ял оноосныг 1.3 жил болгон ялласан бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэмээн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг буруутгасан агаад албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноосон.

 ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ТҮГШҮҮРТЭЙ ЖИЛ ХЭМЭЭН ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭВ

2020 он дэлхийн түүхэн дэх хамгийн муу жилийн нэг болж үлдэх нь дамжиггүй болж байх шиг. 2020 буюу “хорь хорь” манай гарагт цар тахлын шинэ вирус илгээж, дэлхий даяар хөл хорионд орж, олон тэрбум хүн гэртээ нуугдаж, улс орнуудын эдийн засаг уналтад оров. 2019 оны эцсээр БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ төрлийн вирус “Ковид-19” 2020 онд дэлхий даяар тархаж, гуравдугаар сарын 11-нд ДЭМБ үүнийг цар тахал хэмээн зарласан. 

Аюулт вирус дэлхий дахиныг нөмөрч бөмбөрцгийн бараг бүх улс болох 218 оронд тархаж, цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 81 сая 669 мянга 521-д хүрлээ. Мөн энэ хугацаанд дэлхий даяар нэг сая 781 мянга 442 хүн амиа алдаад байна. Цар тахлын улмаас дэлхийн бүх орон хөл хорионы хязгаарлалтын арга хэмжээ авч, сургууль цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний газар, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, ихэнх ажил үйлчилгээ, харилцаа онлайнд шилжив. 

Аялал жуулчлалын салбар таг зогсож, дэлхийн эдийн засаг уналтад орлоо. 2020 он эхнээсээ сайн байсангүй. Нэгдүгээр сарын 3-ны өдөр Америкийн тусгай албаныхан Иракт явж байсан Ираны “АльКудс” корпусын командлагч, генерал Касем Сулейманиг пуужингаар харваж амь насыг нь хороосны улмаас Ойрхи Дорнодод байдал муудаж дэлхийн гуравдугаар дайн эхлэх нь хэмээн олон хүний санаа зовсон.

Ираны эрх бариигчид АНУ-аас хариугаа авна хэмээн мэдэгдэж, Ирак дахь Пентагоны цэргийн бааз руу пуужингаар харваснаас хойш хэдэн цагийн дараа Тегеран хотын нисэх онгоцны буудлаас Украины Киев хот руу хөөрсөн “Украины олон улсын агаарын тээвэр” компанийн “Boeing 737-800” онгоцыг Ираны тал пуужингаар харвасан сөнөөв. Үр дүнд нь 176 хүн цаг бусаар орчлонгоос буцав. Дайны хажуугаар дажин гэж үг үнэн аж.  АНУ-д “Ковид-19”-ийн цар тахлын тархалт хяналтаас гарсны улмаас олон нийтийн эсэргүүцэл хүчээ авсан. 

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа Дерек Шовин африк гаралтай Жорж Флойдыг баривчлах үеэр амь насанд хүрсэн нь давс нэмж орхисон. Зөвхөн Миннеаполис төдийгүй Нью-Йорк, Сан-Франциско, Сиэтл, Колумбус, Хьюстон гээд АНУ-ын олон зуун хотод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаа нарын гэм буруутай үйлдлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж, жагсагчид цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьст иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний өмнөөс дуу хоолойгоо өргөх эхлэв. 

“Black Lives Matter”-ын жагсаалд энэ онд 15-26 сая хүн оролцсоноор АНУ-ын түүхэн дэх хамгийн том хөдөлгөөнүүдийн нэг болсон юм. Иргэний нийгэм эмх замбараагүй байсан бол улс төрийн амьдрал өрнүүн байлаа, дэлхийд... Арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, дэлхийн хамгийн хүчирхэг орны төрийн тэргүүнээр хэн сонгогдох нь хүн төрөлхтнйи анхраалын төвд байсан гэвэл буруудахгүй. Ардчилсан намаас нэр дэвшсэн 78 настай Жо Байден төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдлоо. 

 Бидний монголчууд ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхлаа. Илүү гарч түүчээлээгүй ч ард нь хоцорч татуулсангүй. Хамгийн гол нь хүн төрөлхтөн эв нэгдэл, сахилга бат хэчнээн чухал болохыг ухаарсан ухаарлын жил улиран өнгөрч байна

Тус улсын түүхэнд анх удаа Дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн түүний дотор өнгөт арьстай хүн буюу энэтхэг, ямайк гаралтай Камала Харрис уг албыг хашихаар боллоо. Түүнчлэн Ливаны нийслэл Бейрут хотын боомтод наймдугаар сард хүчтэй дэлбэрэлт болж, томоохон гамшиг дагуулсан юм. Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 6000 орчим хүн шархдаж, 300 мянга орчим хүн орон гэргүй гудамжинд гарав. 

Мөнгөн дүнгээр 10-15 тэрбум ам.долларын хохирол учруулсан энэ дэлбэрэлтийг атомын бөмбөг байж магадгүй гэх цуу яриа ч гарсан. Үнэн хэрэгтээ хууль бусаар хил давуулан худалдах гэж байсан 2700 тонн аммонийн нитратыг 2013 онд “Rhosus” хөлөг онгоцноос хурааж, устгахаар боомтын агуулахад хадгалж байсан нь уг гамшгийн гол шалтгаан болсон юм. 2020 онд дэлхий дээр дайн мөргөлдөөн намжсангүй.

Сири, Ливи, Йемений дайн үргэлжилж, аллага хядлага болсоор байна. Энэ о н д нэг том мөргөлдөөн гарсан нь Уулын Карабахын дайн. Есдүгээр сарын 27-нд Армени, Азербайжаны хооронд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган хүн амь үрэгдсэний эцэст арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын зуучлалаар хоёр улс тохиролцоонд хүрч дайны галыг зогсоож, Армени улс Уулын Карабахын долоон районыг Азербайжанд буцааж өглөө. 

Мөн Беларусьт наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлсэн. Зургаа дахь удаагаа сонгогдсон А.Лукашенког эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн одоо ч үргэлжилж байна. Эцэст нь тэмдэглэхэд, халдварт цар тахлын нөлөөгөөр хүн төрөлхтөн цахим ертөнцөд ажиллаж, амьдарч жинхэнэ утгаараа суралцлаа. 

Цахим сургалт, цахим худладаа, цахим концерт, жүжиг цахим эмчилгээ хүртэл хийлээ. Эрсдэл, аюул ихтэй ч инээд, хөөр, амжилт бүтээл ч багагүй байлаа. Бидний монголчууд ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхлаа. Илүү гарч түүчээлээгүй ч ард нь хоцорч татуулсангүй. Хамгийн гол нь хүн төрөлхтөн эв нэгдэл, сахилга бат хэчнээн чухал болохыг ухаарсан ухаарлын жил улиран өнгөрч байна

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх