Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 02 сар 09
Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto” групптэй байгуулсан Оюу толгойн газар далд уурхайн 6.75 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын гэрээг цуцлахыг эрмэлзэж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Монголын эрх баригч Монголын ардын нам болон шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Оюу толгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөхыг парламент шаардаж байгаа юм.
Гэвч Улаанбаатарын засаг захиргаа нэг талыг баримтлан ирээдүйд эхлэх гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдээ эрсдэлд оруулахаас илүүтэйгээр төлөвлөгөөг харилцан зөвшилцсөний үндсэн дээр цуцалж, илүү сайн нөхцөлүүдийг тусгасан хэлэлцээрээр солиход бэлтгэлтэй байгаа эсэхийг “Rio Tinto”-гоос лавласан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил олон асуудалтай тулгарснаас гадна Засгийн газартай маргаан үүсээд байгаа юм. “Rio Tinto”-гийн хамгийн ач холбогдолтойд тооцогдох энэхүү төслийн зардал нь анх тооцоолсноос 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, олборлолт эхлэх хугацаа нь хоёр жилээр хойшлохоор болсныг мэдэгдээд байгаа билээ.
Өнгөрсөн сард Засгийн газар далд уурхайн олборлолт хойшилсоор Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөж буурах төлөвтэй байгаа тул бүтээн багуулалтын ажлыг зогсооход хүрч болзошгүйг мэдэгдсэн юм.
Оюу толгой олборлолт нь дээд хэмжээндээ хүрэх үед дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болж, ил, далд уурхайгаасаа жилд 500 мянга орчим тонн зэс олбрлох төлөвтэй байгаа юм. Хонгил үүсгэх ажиллагааг эхлүүлэх эсэх шийдвэрийг зургадугаар сараас өмнө гаргах шаардлагатай бөгөөд далд уурхайн эхний олборлолт 2020 оны 10 дугаар сараас эхлэх төлөвтэй байна.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр болох Оюу толгой нь өндөр цалинтай олон мянган ажлын байрыг бий болгож, сүүлийн 10 жилийн хугацаанд гурван тэрбум орчим ам.долларын татвар хураамж төлжээ.
“Rio Tinto”, Засгийн газрын хооронд маргаан үүссэний дараа Дубайн гэрээ хэмээн нэрлэгддэг “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг” 2015 онд байгуулснаар далд уурхайн төслийг хэвийн голдиролд нь оруулжээ.
Төслийн зардлыг 4.4 тэрбум ам.доллароор тусгасан уг гэрээнд “Rio Tinto” группийн гүйцэтгэх захирал асан Жан-Себастьян Жак, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурсан юм.
Уг гэрээнд Монголын Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд тохирсон зардлыг санхүүжүүлэхийн тулд Улаанбаатарын зээлсэн мөнгөний хүү гэх мэт төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг Рио Тинто хүлээн авахаар тусгасан байна.
Гэсэн хэдий ч Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Монголын парламент батлаагүй бөгөөд Монгол Улс уурхайгаас санхүүгийн илүү их үр өгөөжийг хүртэх хэрэгтэй гэж үздэг шүүмжлэгчдийн анхаарлын төвд оржээ.
Мөн 2019 оны 12 дугаар сард парламент Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний нөхцөлүүдийг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болгосон тогтоолыг баталсан юм.
“Засгийн газар асуудлыг шийдэх хэрэгтэй. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг харилцан зөвшилцөж цуцлах нь энэ үр дүнд хүргэнэ” гэж хэлэлцээний талаар мэдээлэл бүхий нэгэн хүн мэдээлжээ.
“Rio Tinto” төслийн менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хувийг бууруулах боломжийг “судлахад” бэлэн байгаагаа Улаанбаатарын засаг захиргаанд хэдийн мэдээлснийг “Financial Times” сонины олж мэдсэн баримт бичгүүд харуулжээ.
Гэсэн хэдий ч компанийн зарим асуудлыг мөн зохицуулахгүй бол бүтээн байгуулалтын шинэ төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрэхгүй байх магадлалтай ажээ. Үүнд цахилгаан эрчим хүчний урт хугацааны шийдэл, Оюу толгойн 2021 оны төсөв зэрэг багтаж байна.
“Rio Tinto”-гийн талаас хэлэлцээг Б.Болд ахалж байгаа бөгөөд тэрбээр саяхан Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
“Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулах хүсэлтэй байгааг миний бие хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар тэдэнтэй хэлэлцэхийг тэсэн ядан хүлээж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна” гэж Б.Болд хэлжээ.
Монгол Улсад ирэх зургаадугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ үед далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөх шахалт гарсан байна. Засгийн газрын хувьд улсынхаа парламент-ерөнхийлөгчийн хос засаглалтай гэж үзэж болох тогтолцоонд бүрэн ялалт байгуулахыг эрмэлзэж байгаа ажээ. Засгийн газраас тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.