“Нүхт” ХХК –ийн нүгэл нүдээрээ гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 16 ・ 6

“Нүхт” ХХК  нь МИАТ-аар үйлчлүүлж байгаа  иргэдэд зориулсан хоолыг бэлтгэдэг.  Харин тэдний үйлчилгээнд сэтгэл ханамжгүй явах нэгэн байдаг нь нууц биш. Тэгвэл  тус газрын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газраас шалгалт хийхэд халуун боловсруулалтаас гарсан хоол хүнсийг ил задгай нөхцөл, тасал­­гааны тем­­­пературт хадгалж байгаа нь тухайн хоолонд бактери үржиж, бохирдол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байж.

Түүнчлэн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн байсан байна.

Үүгээр ч зогсохгүй цөөнгүй зөрчил илэрсэн байгаа.  Тухайлбал, Технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нисэх онгоц уруу зөөвөрлөхөд зориулалтын хөргүүр, температур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй ажээ.

Мөн дулааны боловсруулалтаас гарсан хоол хүнсийг хөргөх ажиллагааг халуун боловсруулалтын өрөөний савлан боох хэсэгт, ил задгай нөхцөлд, тасалгааны температурт явуулж байгаа нь хоол бүтээгдэхүүнд дам бохирдол үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь дараах “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP 39:2011 стандартын шаардлагыг зөрчиж байна.  Шалгалтын явцад тус компанид гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг “Черчилл” ХХК нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон ба тухайн үйлдэл нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 /хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсвэл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох./ дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байгаа. Тиймээс “Черчилл” ХХК-ийн улсын байцаагчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн зөрчлийг холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа юм байна.  

Манайдаа л  монополь “Нүхт” ХХК   МИАТ-тай хэдэн тэрбумын гэрээг хийж ашиг орлого олж байгаа. Харамсалтай нь үйлчилгээ, чанар нь тааруу байгаа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ганц удаагийн шалгалтаар илэрсэн юм.  Тиймээс “Нүхт тур” ХХК-д зөрчил арилгуулах тухай улсын ахлах байцаагчийн 02-03-490/871 дугаартай 11 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснийг баримттайгаар хүргэж байна.

Жилдээ хэдэн тэрбумын ашигтай ажиллаж байж нянгийн бохирдолтой хоол хүнсээр үйлчилж байгаа нь  иргэдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд халтай.  Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг чанаргүй үйлчилгээгээр иргэдийг хуурахаа болих хэрэгтэй.  Үгүй бол нүгэл чинь дахиж  нүдээрээ гарах вий...

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: