Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 16
-Хөрөнгө оруулагчид “Их эвслийн” Засгийн газар улстөржилтийг багасгана гэж найдаж байна-
“Шийдлийн” гэсэн тодотголтой, шинэ Засгийн газар байгуулагдсанаар Монголын эдийн засаг сэргэх үү. Их эвслийн засгийн газар байгуулагдсаны гол шалтгааныг дотооддоо бол “Өрийн удирдлагын хууль д өөрчлөлт оруулж, дахин зээд авах” хэмээн тодорхойлж буй. УИХ-ын “МАНАН байгуулж зээл авахгүй бол болохгүй ээ” гээд зарлачихсан болохоор ийм дүгнэлт хийхэд заавал эдийн засгийн мэдлэг шаардагдаад байх албагүй л дээ.
Харин хөндлөнгийн ажиглагчид, хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газар байгуулагдсанаар ямар “реакц” үзүүлж байна вэ. Гадны хэвлэлүүдэд гарч байгаа шинжээчдийн таамаг, нийтлэлүүдийн ихэнхэд бид бүхэн шинэ Засгийн газартаа найдлага тавихаас өөр аргагүй гэсэн санаа тусгалаа олжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд, засаг солигдсон нь болгоомжлолоос өөр юу ч төрүүлэхгүй гэдгийг бүгд онцолжээ. Өөрөөр хэлбэл, том төслүүдээ нааштайгаар шийдэхээс бусдаар гадны шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж маш хомс гэдгийг онцолсон байна.
Өмнө нь Монголд байгуулагдаж байсан Үндэсний эвслийн Засгийн газар /2006/ нэг жил болоод задарч байсан бол 2008 онд байгуулагдсан эвслийн Засгийн газар /МАНАН/ сонгуулийн өмнө задарсан. Дараагийн сонгууль хүртэл бага хугацаа үлдсэн зэргээс үндэслэн ингэж дүгнэж байна. Зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтын орчныг судалдаг олон улсын агентлагуудын гаргаж байгаа дүгнэлт ч эдийн засаг маш хурдан сэргэлт авна гэж найдахгүй байхыг хөрөнгө оруулагчдад сануулжээ. Мөн гадныхны тодорхойлж буй “Супер эвсэл”-ийн Засгийн газарт хийх ажил их байгааг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид өмнөх шигээ баялгаа яах вэ хэмээн хэдэн жил маргалдах эрхгүй, зээл авч, хариуцлага үүрсэн гэдгийг онцолж байгаа юм.
Шинэ Засгийн газар бүрдсэний дараахан буюу энэ сарын 11-ний өдөр олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Фитч” агентлаг Монгол Улсын зэрэглэлийг “В+” буюу өмнөх төвшинд нь хэвээр хадгалснаа зарласан. Агентлагаас гаргасан илтгэлд “Монгол Улсын инфляци энэ онд 13.1 хувьтай гарсан, гадаад валютын нөөц 41 хувиар буурч, банк санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч, гадны хөрөнгө оруулалт буурсан. 2018 онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.долларын төлбөр хийнэ. Мөн хөгжлийн банк 2017 онд 587 сая ам.доллар, 2023 онд 30 тэрбум иен төлнө” гэжээ.
Эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “Блүүмбэрг” сайт Шинэ Засгийн газрын гол зорилго нь эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, мөн гацаанд орсон Оюутолгойн асуудлыг нэгмөр шийдвэрлэх явдал байх болно гэдгийг онцолсон байна.
Хараат бус шинжээч Дейл Чой “Монголчуудын хувьд одоо хөдлөхгүй бол оройтно. 2016 оны сонгуулийг хүлээх болно. Эгзэгтэй ийм үед бүтэн жил хагас гэдэг маш их хугацаа юм” хэмээн их эвслийн Засгийн газар байгуулсныг зөв алхам гэж харж байгаагаа илэрхийлсэн бол “Файнаншл таймс” сэтгүүл “Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд Рио Тинтод “Банкуудаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авахыг зөвшөөрсөн бичиг”-т гарын үсэг зурах шаардлагатай” хэмээн бичсэн байна. Оюутолгойн асуудал дээр хараат бус шинжээчдийн байр суурь зөрүүтэй байгаа юм. “Н.Алтанхуягийг огцруулсан нь хэлэлцээрийг улам удаашруулна” гэх нэг хэсэг байхад дээр дурьдсан “Файнэншл таймс”-ын Люси Хорнби зэрэг нөхдүүд “Шинэ Ерөнхий сайд асуудлыг харин ч хурдан шийднэ” гээд хэрхэн шийдэхийг нь урьдчилаад бичих шахаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.