Бялууны хуваалт шог байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 29

Монголд бүртгэлтэй хүний, өөрийн нийлсэн 100 мянган компани үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх байдлаар нэг том бялууг бүтээдэг(Дотоодын нийт бүтээгдэхүүн). Мэдээж тэр бялууг бүтээснийхээ төлөө оролцогч талууд өөр өөрсдийн гэсэн хувиа хүртэх хэрэгтэй. Сийрүүлбэл,

Компаниуд ашгаа авна(62%).

Ажилчид цалингаа авна(27%).

Засгийн газар татвар, шимтгэлээ авна(11%).

 

 

Бялууны крем их байна аа(өсөлт нь үр өгөөжгүй). Жил бүр бий болгодог жаахан бялууных нь ихэнх нь крем байдаг. Өөрөөр хэлбэл, үндэсний валют нь байнга ам.долларын эсрэг сулардаг, улмаар инфляц нь тогтворгүй болдог. Ингээд бий болгосон жаахан орлогыг нь ам.доллараар илэрхийлээд үзэхэд огт өөрчлөгдөөгүй. За тэгээд гол шалтгааныг нь бүгд л мэднэ дээ.

 

Авилгын индексээр 106-р байранд бичигддэг.

Уул уурхайгаас орж ирдэг 100 ам.доллараас 1 долларыг нь л хуримтлуулдаг. Ихэнхийг нь төсвөөр дамжуулаад өөрсөддөө болон өрөөлд тараагаад дуусдаг.

Бүтээмж багатай ажиллах хүчин. Одоо тэгээд 3 хүн тутмын 1-нь ядуу байгаа(орлого), хорт хавдар хожуу үедээ илэрдэг(эрүүл мэнд), 1 ангид 50-с дээш хүүхэд суудаг(боловсрол) улсад бүтээмж бага байхгүй гээд яах билээ.

Бялуу нь гадныханд их хуваагдаад байна аа (өсөлт нь хүртээмжгүй).

 

Бид бялуугаа Дотоодын нийт бүтээгдэхүүн(хүний өөрийн хамаагүй Монголын нутаг дэвсгэр дээр байгаа компаниудын баялаг хэмждэг) гэх үзүүлэлтээр хэмжингүүтээ манай бялуу том, амттай, тасархай байна гэж хэлээд байдаг. Гэтэл Үндэсний нийт орлого(Зөвхөн Монгол компаниудын бүтээсэн баялаг хэмждэг) гэх үзүүлэлтээр хэмжихэд арай л жижиг хэмжээтэй, амт чанар сулхан байгаад байна. Доорх зургаас энэ хоёр үзүүлэлтийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь харагдана.

 

 

Зөрүү нэмэгдэж байгаа нь муу. Яагаад муу гэдгийг энгийнээр тайлбарлая. Бид мөнгө байхгүй учраас баялгаа ашиглахын тулд гаднаас хөрөнгө оруулалт татах шаардлага үүсдэг. Тиймээс гадны компаниуд хөрөнгө оруулж, манай нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлнэ. Тэрийг нь Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх үзүүлэлт тооцдог. Харин Үндэсний нийт орлого гэх үзүүлэлт тооцохгүй. Тэгэхээр энэ зөрүү нэмэгдэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаас манай улсад үлдэх үр өгөөж нь бага байгааг илтгэж байна гэсэн үг.

 

 

 

Нэмээд Засгийн газар нь дотоодын бүтээн байгуулалт хийх нэртэй гаднаас тавьсан өр төлбөрөө үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг. Хөгжлийн банкны төслүүдийг л эргээд харахад ямар Монголын компани тэр санхүүжилтээр сэргэж чадав? Тэгэхээр тэр үр дүн нь дээрх график дээр мөн илэрч байна гэсэн үг.

 

 

 

Энэ бол гадныхныг, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэж байгаа хэрэг огтоос биш. Мэдээж, манайх шиг улсад гадны мөнгийг ашиглаж байж уул уурхайгаа ашиглаж, олсон орлогоо хуримтлуулж, эргээд эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж байж хөгжихөөс өөр боломжгүй.

Дүгнэлт нь гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гадныханд ашиглуулаад бус харилцан ашигтай гэрээ хэлцэл хийх хэрэгтэй. Эцэст нь буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэж үг байдаг. Гадныхны ч зөв. Тэд бол ашиг л хайж орж ирдэг. Харин бид илүү мэргэжлийн, илүү судалгаатай, илүү хэрсүү байх болж байна.

 

 

Эдийн засагч Г.Батзориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх