Аюултай - Арванхоёрдугаар сар

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 17

Жил бүрийн арванхоёрдугаар сарын турш "Шинэ жилийн баяр"-тэмдэглэн өнгөрүүлдэг гээд хэлчихэж бараг хилсдэхгүй ээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компаниуд бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ дүгнэн, цэгнэхээр шинэ жилийн баяраа хийдэг уламжлалтай. Баяр тэмдэглэж яваад амь насаа алдсан, хоолны хордлогод орсон, гар хөлөө хөлдөөж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолууд энэ сард хамгийн гардаг.

Өнгөрсөн онд шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад олон хүн амиа алдсан хэрэг гарсан. 

Баримт-1. 2013 оны  арванхоёрдугаар сарын 12-15-ны хооронд буюу гурван өдрийн дотор 27 хүн ил харагдах шарахгүй, золгүй байдлаар амиа алджээ. Тэдний олонх нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад, согтож, осгосон байдалтай олдсон.

Баримт-2. Мөн оны эл сард Нийслэлд зам тээврийн нийт 3697 осол гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас зургаан хүн нас барж, 555 хүн гэмтжээ.

Баримт-3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол енгөрөгч арванхоёр сарын байдлаар 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн.

Баримт-4. Байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй шинэ жилийн баярын үдэшлэгээ тараад гэртээ харих замдаа буюу гудамжиндаа осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарсан билээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэдэг ч тэр анхааралдаа авдаггүй бололтой. Энэ сард мөн л согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ жолоо барьж бусдын амь насыг бүрэлгэсэн хэрэг ихээр гардаг байна.

Энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар зам тээврийн ослын 5801 дуудлага иржээ. Үүнээс 1392 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осол гаргасан байна.

Зам тээврийн ослоос болж өнөөдрийн байдлаар 261 хүн гэмтэж, таван хүн нас баржээ.Тухайлбал, 12 дугаар сарын 5-ны өдөр  Сонгинохайрхан дүүрийн 24-р хорооны орчимд “Портер” маркийн автомашины жолооч Б, хоёр настай явган зорчигч У-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Бяцхан охин У-ийн тухайд ээжтэйгээ хамт явж байсан гэнэ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөөний замд “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн DAEWOO маркийн нийтийн тээврийн автобусны жолооч Т, явган зорчигч 50 настай Т-г дайрч амь насыг нь хохироожээ.

Түүнчлэн Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсний 6138 буюу 24,6 хувь нь согтуугаар үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7,3 хувиар өссөн байна.

Баримтуудаас харахад шинэ жилийн баяр тохиодог сар "Арванхоёрдугаар сар биш  "ХАР" сар болон үлдэж байгаа нь харамсалтай. 

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх