Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 17
УИХ-ын гишүүн,сайд, Х.Баттулгын гэргий дизайнер Ц.Энхтуяагийн ярилцлагыг хүргэж байна.
- Монголын хувцас загвар дэлхийн стандартад хүрэх хэмжээнд өрсөлдөөнгүй, дизайнерууд ихэвчлэн амьдралаас хол тасархай загвар зохиодгоос Монголчууд өөрсдийнхөө дизайнерын хувцсаар гоёж чаддаггүй гэх шүүмжлэлүүд хаа сайгүй тэнэж явдаг. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Бид дэлхийн стандартыг гүйцэхгүй байгаа нь үнэн л дээ. Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл, шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Европ хувцас нарийн технологитой байдаг. Тэгэхээр тэднээс сайн суралцах л хэрэгтэй байна
-Тэгвэл Монголын хувцас загвар өнөөдөр ямар түвшинд ирчихээд байна вэ. Таны нүдээр алдаа дутагдал нь юу байна?
-Та надаар хэн нэгнийг шүүмжлүүлэх л гээд байнаа даа /инээв/. Бүгд л чадлынхаа хэрээр хөгжиж, дэвших гэж хөдөлмөрлөж, тэмүүлж байна. Хөдөлмөрлөж байгаа олон хүмүүсийн хүсэл, тэмүүллийн урмыг хугалж болохгүй биз дээ. Харин үйлдвэрлэгчид маань илүү нарийн технологи судалж хэрэглэдэг болоосой, илүү чанартай зүйл хийгээсэй. "Гоёл" наадамд ороцогчид маань материал муутай, чанаргүй, дизайнгүй загварыг өөрийнхөө мэдрэмжээр хийдэггүй байгаасай гэж боддог. Муу материалыг гоё болгож харагдуулах нь бидний мэргэжлийн нэг онцлог шүү дээ. Тиймээс өөрийн боломжоор янз бүрийн материал сонгосон байж болно. Гэхдээ тэрийгээ гоё юм шиг харагдуулах авьяасаа ашиглаасай. Тэрнээс биш би шүүмжлэлийг урьтал болгомооргүй байна. Үндэсний хувцсаар дагнадаг загвар зохион бүтээгчдийн хувьд тэдний бүтээл их сайн хөгжиж байгаа нь харагддаг. Хэний ч өмнө нүүр бардам сайхан хувцаснууд байх нь элбэг. Харин монгол хумүүсийн хувцас хэрэглэх соёлын тухайд ярих юм бол бид аль болох даруухан энгийн, боломжийн үнэтэй хувцсаар гоёх нь илүү зохимжтой гэж зөвлөмөөр байдаг. Яагаад гэвэл, бид чинь одоохондоо буурай оронд амьдарч байна шүү дээ. Гэтэл хэт зохимжгүй, хэтэрхий гоёж гангалаад гудамжаар явж байгаа хүмүүс олон харагддаг. Яг үдэшлэг, баярт оролцох гэж байгаа мэт. Ихэнх нь хэт өндөр өсгийн дээр тогтож ядаад ядарчихсан явж харагддаг. Тэр чинь ядахад л эмэгтэй хүний эрүүл мэндэд халтай сонголт шүү дээ. Ер нь Монголчууд бид гадуур хувцаслалтдаа л илүү их ач холбогдол өгдөг нь дутагдалтай тал нь юм уу гэж боддог.
-Нууц биш бол та "13-р зуун" загварын коллекцдоо хэр их мөнгө зарцуулсан бэ?
-Мөнгө зарцуулалгүй яахав. Сайн торго гэхэд л нэг метр нь ихэнхдээ арван хэдэн мянган төгрөгийн үнэтэй. Оёдолчид ч чимхлүүр ажлыг гүйцэтгэх гэж багагүи хугацаа зарсан. Эртний монгол хатдын толгойн чимэг гэж нүсэр юм байдаг байж. Тэр утгаараа толгойн чимэг гэхэд цэвэр мөнгө, 999 сорьцтой алтаар бүрж хийсэн байх жишээтэй. Нэгэнт хийж байгаагийнх үлдэцтэй юм гэдэг утгаараа урлагийн бүтээлийн хэмжээнд загвар хийц, ур дархыг нь гүйцэтгэсэн. Эрт дээр үеийн өмсөж, эдэлж байсан хувцаснууд ямар байсныг зөвхөн олдвороос л бодитоор харах боломжтой. Тийм ч учраас олдворууд дээр түшиглэж дизайнаа гаргасан. Магадгүй, хэдэн зуун жилийн дараа 21-р зууны Улаанбаатарчууд ийм юм хэрэглэж байсан юм байна гээд ухаад гаргаад ирэхэд Монгол үндэсний гэх хийц, загвар тэнд байх ёстой гэж бодсон хэрэг. Тийм байдлаар толгойн чимэг, жижигхэн ээмэг дээр хүртэл нарийн тогтож ажилласан. Тэр утгаараа яалт ч үгүй үнэтэй загварууд.
-Манай дизайнерууд үндэсний загвараар их "занималддаг". Харж байхад бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг. Ер нь үндэсний загварын тухайд юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Үндэсний загвараар сайн "занималдах" хэрэгтэй. Монгол дизайнеруудын бусдаас ялгарах онцлог юм чинь. Өөрөөр дэлхийн ч юм уу олон улсын хувцас загварын ертөнцөд нэвтрэх гарц багавтар. Ер нь ямар ч загварууд хоорондоо материал, деталиараа л ялгагддаг. Сүйдтэй авангард л биш бол. Тэр утгараа европ загварууд ч бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг шүү дээ. Харин үндэсний хувцасны загвар дээр миний баримталдаг зарчим байдаг. Яг л Монгол хүний донж, хэв маягт сайхан зохицохоор, мөн чанарыг нь илтгэсэн монгол классик буюу монгол сонгодог загвартай байх. Жишээлэхэд, монгол ардын дуу шиг л ялгарч байх онцлогтой байх хэрэгтэй байна. Өвөрмонгол, Хятад тал руугаа хэлбийсэн, илүүдсэн марзан деталь, өнгө хослолоос зайлсхийхгүй бол сүүлийн үед нэг тиймэрхүү загвар зонхилоод байгаа нь таатай санагддаггүй. Ази царайгаа бид бусад Азийн үндэстнээс хувцсаараа л ялгаруулна биз дээ. Тэгэхээр бид Монгол загвараа монголоороо арай өөрөөр урлаж, хятад, манж загвараас ялгармаар байна л даа. Ялангуяа, урлагийнхан үүн дээр илүү анхаарч хувцаслаасай гэж боддог. Ноолуур гэхэд л итали, хятад гээд толгой цохиж байна. Тэднээс ялгарах гарц нь үндэсний деталь, хээ, загвар.
-Та уг нь зураасан зургийн мэргэжилтэй хүн. Та мэргэжлээрээ ажиллаж байсан уу? Дизайнерын хувьд амжилтынхаа нууцаасаа хуваалцаач?
-Олон жил дагнан хөдөлмөрлөсөн дизайнеруудын дэргэд бага хугацаанд ажилласан болохоор өөрийгөө голж, аль болох даруухан байхыг хүсч байна. Миний мэргэжил театрын тайз чимэглэлийн зураач шүү дээ. Мэргэжлээрээ Дуурийн театрт ажиллаж, амьдарч байх хугацаандаа бид олон арван дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлийг амилуулж, тухайн жүжгийн үйл явдал нь ямар орон зай, цагхугацаанд болж байсан, тэр бүхнийг байшин барилга, тавилга, эд хогшил, хувцас хэрэглэл бүхнээр нь илэрхийлэхийн тулд ер юу л хэрэгтэйг нь бодит мэт зурж, бүтээх нь бидний үүрэг байлаа. Тэр ч байтугай сайн, муу дүрд ааш, араншинд нь тохируулж жүжигчнээ хувцаслана шүү дээ. Тийм болохоор хувцасны дизайнераар ажиллах нь надад хүнд хүчир, хол хөндий хөдөлмөр биш л дээ. Хамгийн том уран бүтээл маань "Ромео Жульета" бүжгийн жүжиг гэж болно. Би ерөнхий зураачаар ажиллаж, бүх зүйлийг өөрийн удирдлага дор хийж, гүйцэтгэсэн. Надад өөрт хамгийн таалагдаж байсан ажил бол хувцас, тайзны ажил байлаа. Нэг гоё дурсамж ярихад Дуурийн театрын зураач, багш Гунгаасүх маань бидэнд баахан сараачаад орхисон эскизээ авчраад энийг зураад бэлэн болго гээд орхичихоод явчихна. Чимэдээ ах бид нар энэ нь яг яаж байх юм бол гэж өөрсдөө судалж зурах үе гарна. Тэгээд хэзээ нэг ерөнхий зураач болчихоод энийг зураад бэлэн болго гээд гараад явчихдаг болох бол гэж хоорондоо ярилцдаг байж билээ. Тэрэн шиг би одоо эсгүүрчиндээ нэг ийм юм байх юм, хийгээрэй гэж хэлчихээд гарч явдаг болсон. Сараачсан зургаа шүү.
- Хоёулаа баахан загвар, дизайн ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд хатагтай Ц.Энхтуяг бид хувь хүн талаас нь их бага мэддэг. Таны бага нас хаана өнгөрсөн, ямархуу охин байсан гээд дурсамжаасаа сөхөөч?
-Бага нас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн. Улаанбаатарын төв цэгийн хүүхэд. Одоогийн "Улаанбаатар" зочид буудлын арын цагаан байшинд би төрсөн. Тэрнээс хойш үндсэндээ Сүхбаатар дүүргээ тойрч амьдарсаар өссөн. Бага нас мэдээж хамгийн аз жаргалтай үе. Хүүхдийн парк, Элдэв-Очирын кино театр, Хүүхдийн ордон, гэр гэсэн маршрутаар зам мөр гартал явсан үе бол бага нас маань. Өөртэйгээ чацуу шахам өндөртэй явдаг кукла, бас болоогүй мама гэж хэлнэ. Жинхэнээсээ оёдог оёдлын машин, жижигхэн халдаг индүү, гараараа эргүүлж угаадаг угаалгын машин, баян хуур, аман хуур, хөөлөөрөө жийгээд явдаг улаан машин, цагаан морь гээд хамаг л гоё бодит тоглоомоор тоглодог байлаа. Одоо эргээд бодоход ээж, аав маань бид нарын хүмүүжилд тоглоомоор дамжиж хүрэхийг их хичээдэг бас эрхлүүлдэг байжээ. Хүүхдийн сэтгэхүй, амьдралд хандах хандлага, хүмүүжил нь тоглож өссөн тоглоомноос нь шалтгаалдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр бүхэн надад танин мэдэхүй, гоо сайхны мэдрэмж өгсөн байх л даа. Одоо надад баян хуур хөгжим маань байгаа. Нэг гэм нь хөггүй болчихсон.
-Магадгүй тэндээс таны урлаг, дизайнд дурлах зам эхэлсэн байх. Мэдээж зурдаг хүүхэд байсан уу?
-Ямар ч байсан их мөрөөдөмтгий хүүхэд байсан юм даг. Тав, зургаатайгаасаа л зурж эхэлсэн. Эмэгтэй хүн, ялангуяа Япон, Энэтхэг, эхнэр дээлтэй эмэгтэй хүн их зурна. Ленин багшийг бас их зурдаг байсан юм аа. Сахалтай, хүүхэд шиг хөөрхөн царайтай санагдаад /инээв/. Манай аав их зураг авдаг хүн байсан юм. Угаасан зургийг нь бас дуурайлгаж зурна. Аавын минь хэрэглэж байсан зургийн аппарат одоо ч надад байгаа. Хамгийн үнэтэй, эрхэм эд маань тэр. Бас их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Биднийг бага байхад монгол, орос хоёр л суваг гардаг байлаа. Оросын сувгаар дандаа балет.хөлбөмбөг, хоккей гарна. Би хөл бөмбөг тоглохсон, балетчин болохсон гэж мөрөөддөг охин байсан. Тэгэхээр үзэж харж байгаа зүйл хүүхдэд их нөлөөлдөг гэж үнэн байгаа биз. Тэгээд би хөлбөмбөг тоглосон ш дээ /инээв/. Сургуулийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог байсан юм. Сэтгэлээс одоо ч гардаггүй тод гоё дурсамж гэвэл намайг зургаан настай байхад аав маань балетчны пачк хийж өгсөн нь ёстой мартахын аргагүй. Хүүхдийн ордон манай гэртэй ойрхон байсан болохоор би сонгодог бүжгийн ангийг нь төгссөн юм. Балетчин болох мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа нь тэр. Тэгээд ч театртай сэтгэл ойр байдаг байх аа.
-Мэргэжлийн зураач, тайзны дизайнер хүн гэр орноо стиль, донжтой тохижуулахыг ёстой үзүүлж өгнө биз?
-Дизайн бол амьдрал дээр алхам тутам юм бүхэн дээр хэрэглэгдэж байдаг зүйл. Өчүүхэн жижигхэн зүйл дээр хүртэл дизайн цаг. Амьдрах орчин тав тухтай бас сонирхолтой байх ёстой. Энэ бүхэн дээр би өөрийн мэдрэмжээр ханддаг. Үүнд мэргэжил маань нөлөөлдөг шүү. Хамгийн тухтай орчин бол гэр, ажил байх ёстой. Үүнийг хүмүүс мөрддөг болоод байгаа нь сайн хэрэг.
-Таныг дизайнер гэхээс гадна шаггүй сайн бизнесмэн гэдгээр чинь мэдэх юм...
-Тэгж ярьж болохгүй шүү. Наадах чинь сэтгүүлч хүний үг байна.
-Та хэтэрхий даруухан байгаа юм биш үү. Дизайнер гэхэд томдоно л гэх юм. Одоо тэгсэн чинь бизнесмэн гэж болохгүй гээд л. Яагаад?
-Яахав ээ, амьдралаа одоо эргүүлээд дүгнэхэд би юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Би хийсэн. Би хийлцсэн. Хийгээгүй юм шиг, оролцоогүй юм шигээр бодох үе надад байсан. Тэгтэл одоо хүмүүсийг харж байхад өчүүхэн жижиг юманд оролцчихоод өөрийгөө ямар ихээр овойлгож, товойлгодог болчихсон юм бэ. Ямар ч байсан би залхуурч суугаагүй. Цаг үргэлж хөдөлмөрлөж байсан. Одоо эргээд бодоход дэндүү хөдөлмөрч байсан юм билээ. Хүүхдээ төрүүлээд хажуугаар нь бизнесээс хийлцээд бүгдийг нь амжуулж явсан. Тэр он жилүүдэд залхуурах эрхгүйгээр хөдөлж, хөдөлмөрлөж байсан. Бүхэл бүтэн нийгэм өөрчлөгдөж, социализмаас ардчилсан систем рүү, зах зээл рүү шилжихэд тэр талаар ямар ч мэдлэг, туршлагагүй хүмүүс яаж байсан бз гэвэл юугаа ч хайрлахгүй зогсолтгүй хөдөлмөрлөх л ганц сонголт байсан. Тэгээд аажмаар зах зээл гэж юу байдаг и, ардчилал гэж ямар амттай, өөрөө хөдөлмөрлөхөд ямар үр дүн гардгийг амсаж эхэлсэн.
-Тэгээд та яагаад би дизайнер биш бас бизнесмэн гэх нь надад зохимжгүй гээд байгаа юм бэ?
-Би бас их зальтай юм шиг байгаа юм аа. Дундуур нь яваад байсан байна. Жишээлбэл, бизнесийн тэр алтан үед би зжилласан уу, ажилласан. Дизайнер мөн үү, мөн. Гэхдээ бас биш. Хийчихэж чадна. Миний гарын дорхи ажил. Та ингэхэд ямар нэг зүйлийг барьж аваад, надад нэг тодорхойлолт, нэр өгөх гээд байх шиг байна л даа. Ямар ч байсан "Женко" гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь. Ард нь байсан хүн гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа. Ямар ч байсан залхуу байгаагүйг минь Тулга маань мэддэг. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бас л яггүй "ажил" шүү дээ, тийм ээ. Би хүүхдүүдээ төрүүлж, өсгөөд хажуугаар нь хийж болох боломжтой бүхнийг хийж байсан. Монгол эмэгтэйчүүд гэх үү, ер нь Ази эмэгтэйчүүд нөхөр нь илүү сайн ажиллаасай, илүү амжилтай байгаасай гэж хүсдэг хүмүүс. Бид тэдний л нэг. Жишээлбэл, энэ минийх шүү гэж тасалж аваад, би үүнийг авна шүү гэсэн зорилготойгоор би амьдарч байгаагүй. Одоо ч тийм бодол миний толгойд орж ирдэггүй. Энэ бүхэнд миний оролцоо байсан нь үнэн, байгаа нь ч үнэн. Тэгээд л би өнөөдөр амар, амгалан амьдарч чадаж байна. Төр засаг миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж гэдэг шиг ардчилал миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж өдий зэрэгтэй амьдарч явна. Тийм ч учраас ардчилалд баярлаж явдаг. Намайг ажиллаж, хөдөлмөрлөх боломж олгосонд нь талархахаас өөр аргагүй.
-Эмэгтэй хүнд карьер хөөх эсвэл гэр бүлээ гэх хоёр сонголт байдаг гэж ярих хүмүүс бий. Таны сонголт карьер байсан уу?
-Намайг үнэлээд, чи энэ ажлыг хийж чадна гэж итгэл үзүүлэх юм бол би маш шударга, зарчимч ажиллаж чадна. Би амьдралд хийх юмаа хийчихсэн. Хүмүүсийн хэлдгээр улсад хийдгээ хийчихсэн. Мэдээж хүний амьдралд, хийж бүтээхэд оргил гэж байхгүй. Яг одоо карьер хөөх ч юм уу эсвэл их хөрөнгө эзэмшээд, удирдаад толгойгоо зовоогоод явахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийн тааваараа юу хүссэнээ хийж, намуухан, өөрөө өөртөө кайфтай амьдрахыг хүсч байна. Хэн нэгний дарга болоод, нэг их хөрөнгө зэмшээд явах сонирхол алга. Тэр чинь дааж давшгүй хүнд ачаа шүү дээ. Тэгж ядармааргүй байна. Одоохондоо жаахан залхуурмаар байна. Амгалан тайван, намуухан жаргалтай амьдармаар байна. Магадгүй хувцас дизайн дээрээ түлхүү ажиллах ч юм уу, тааваараа л ажиллана даа.
-Таниас ярилцлага авъя гэхэд намайг хүмүүс танихгүй байх нь амар байдаг юм гэж та багагүй цааргалсан. Олны танил хүний гэргий байх тээртэй юу? Та цухалддаг уу?
-Үгүй, цухалддаггүй. Намайг тэр болгон таниад байдаг ч биш. Хүн амьтанд танигдаад, харагдаад яваад байх тийм сонирхол надад байдаггүй ээ. Нийтийн ярьдгаар би ямар од биш. Тэд чинь өөр. Од шиг байх дуртай хүмүүс бас өөр шүү дээ. Сонинд ярилцлага өгөөд, хүмүүст танигдаад явах дургүй. Тааваараа чимээгүйхэн л байх дуртай.
-Таны зиндааны эмэгтэйчүүд фирм, брэндийн хувцсаар гоёх нь элбэг. Тэгээд ч дизайнер бүсгүи хувцас сонголтондоо нэлээд чамбай ханддаг байх?
-За зиндаа гэж яриад байхаар брэнд надад байхгүй. Өнөөдөр Монголд зиндаа гэж ярих боломж байхгүй шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө л дугаарлаж, зиндаархаад байгаа болохоос. Зиндаархаад хэрэггүй биз дээ. Миний хувьд би эгэл жирийн хүн. Бүр жирийн байхыг хүсдэг. Залуугаасаа сайн хөдөлмөрлөснийх арай гайгүй амьдарч байгаа. Монгол хүн болгон сайн амьдрах эрхтэй, ёстой. Таны асуултад хариулахад би брэндийн хувцсаар тэр болгон гоёдоггүй. Хувцсны шүүгээнд миний байнга өмсдөг цөөхөөн хэдэн хувцас байдаг. Би төдөн долларын костюм, тийм брэнд, фирм гэж хөөцөлдөх дургүй. Ийм ядуу оронд амьдарч байж үнэтэй хувцас өмсөөд хэнд гайхуулах гэж явна гэж? Надад миний биеийн порпорцид зохисон, харахад эвтэйхэн үнэтэй биш хувцас байх нь чухал. Ер нь гоё хувцаслалт гэж үүнийг хэлдэг шүү дээ. Хүмүүс эхээс төрөхдөө өөр, өөрийн онцлог порпорцтой төрдөг. Тэр онцлогоо мэдэрч, сул талаа нууж, гоё хэсгээ тодруулсан хувцас л өмсөх хэрэгтэй. Хааяа үнэ нь хямдарчихсан байвал л харин брэндийн хувцсыг тоогоод авчихдаг юм. Тэрнээс дагнадаггүй. Тэр их үнэтэй хувцаснуудыг шүүгээндээ өлгөчихөөд яах юм. Би ихэнхдээ энгийн чөлөөт загвараар хувцаслдааг. Биед тухтай байдаг юм. Гайгүй сайн чанарын арьсан гутал бол харин авчихдаг.
-Тэгвэл хэрвээ бурхан таньд өөрчлөгдөх боломж олговол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ?
-Юугаа ч өөрчлөхгүй ээ. Байгаагаараа байх нь илүү дээр. Тhanк уоu Соd гээд явуулчихъя /инээв/. Амьдрал сайхан байна ш дээ. Өөрчлөөд байх юм алга.
-Таны бодлоор эмэгтэй хүний төгс нас хэд бол… Лав л саяын "Гоёл"-оор дизайнер Н.Соёлмаа "40 насанд амьдрал эхэлдэг" нэртэй загварын коллекци үзүүлсэн. Тэр үнэн болов уу?
-Коллекцийн нэрийн хувьд гоё нэр байгаа биз дээ. Ялгарч чадсан. Түүн шиг 40 наснаас хүн өөрийн амьдралынхаа чанараар ялгарч харагдаж чаддаг юм шиг ээ. Ер нь харж байхад угаасаа 40-өөд наснаас илүү их амьдралыг тунгаах туршлагатай болдог, амьдралын мөн чанарыг таньдаг юм уу даа. Тэр утгаараа амьдралд илүү бодитой хандаж байгаагаараа энэ үг гараа биз. Ер нь цаг хугацаа, амьдрал хүнийг их юманд сургадаг болохоор үнэн үг шиг санагдана.
-Та хөгшрөхөөс айдаг уу?
-Айдаггүй ээ. Байгалийн жам шүү дээ. Дээр нь бурхан надад том хишиг заяачихсан. Оворгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.