Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 18
"Марко Поло" олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. "Марко Поло" киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?
-"Марко Поло" олон ангит киноны маань нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. Киноны нээлтэд кинонд оролцсон жүжигчид газар газраас цуглаж, нээлтээ хийж, бас орой нь томоохон хүлээн авалт боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь өөрийн онцлогтой, зураг авахуулах ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг нь анзаарагдсан. Загвар өмсөгч шиг л юм болсон. Зурагчид нь одоо инээ, ийшээ харна уу гээд л тун сүртэй юм билээ. Бие хаа, өмссөн хувцсаа гайхуулах нь үйл ажиллагааны нэг хэсэг нь юм байна. Холливудын киноны нээлт, Оскарын шагнал гардуулах үед жүжигчид зураг авахуулахдаа ач холбогдол өгч, өмссөн хувцсаа тайлбарлаж ярьдаг даа. Угаасаа энэ нь тийм том соёл болж хэвшсэн юм байна лээ.
-Манайхан улаан хивсний ёслолыг хийдэг болоод удаж байгаа. Хэр ялгаатай юм?
-Манайд улаан хивсэн дээрээ алхаад л ороод явчихдаг. Тэнд бол байрлал бүр дээрээс өөр, өөр зогсолттой зураг авахуулах тухайд нарийн зааварчилгаа өгөх юм. Ганцаараа зогс, одоо хоёулаа гэхчлэн алхам бүрт зааварчилж, нээлтийн үеэр зөвхөн зохиолч, найруулагч нь тайзан дээрээ гараад жүжигчдээ суудал тус бүр дээрээс нь танилцуулаад явчихдаг юм билээ. Манайхан тайзан дээр бөөнөөрөө гараад зогсдог доо. Дараа, дараадаа анхаармаар зүйлс ажиглагдаж л байлаа.
"Нефтликс"-ийн гүйцэтгэх захирал гэхэд жүжигчин бүрийг хүлээн авч, зургаа хамт авахуулж байсан. Миний хувьд киноныхоо нээлтэд оролцчихоод, Лос Анжелест очиж өөрийнхөө агентлагийнхантай уулзаж, хийсэн ажлынхаа тайланг албан ёсоор танилцуулаад ирсэн.
-Агентлагийнхаа талаар танилцуулахгүй юу. Хэр том газар вэ. Өөрөө яаж холбогдсон юм бэ?
-Манай агентлаг бол "UNEW" гэдэг агентлаг. Үүнийг задлаад уншихаар"United nations east west" гэдэг. Ер нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм.
Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ. Сая энэ дүрээ амжилттай сайн бүтээсэнд талархаж тэд маань намайг хүлээн авч, би бас хийсэн ажлаа албан ёсоор тайлагнаад ирсэн нь тэр.
-Нээлтийн үеэр монгол дээл хувцсаа өмссөн тань үнэхээр сайхан харагдаж байсан. Хувцаслалтаа хэнтэй зөвлөсөн, ямар учир бэлгэдлийг бодож тэр хувцаснуудыг өмсөв?
-Энэ кинонд гуч гаруй орны жүжигчид оролцсон, тэр дундаа монголчууд бидний тухай кино болохоор үндэсний дээл хувцсаа өмсөх нь зөв гэж шийдсэн. Ингэх нь тун утга учиртай болох талаар Монголын талаас намайг төлөөлдөг "Амин шийдэл PR" агентлаг зөвлөсөн.Цаад талын агентлаг маань ч дэмжсэн. Хэдийгээр би киноны нээлтэд монгол дээл хувцсаа өмсөөд зураг авахуулсан мэт боловч цаана нь маш олон хүний сэтгэл, санаачилга, оролцоо байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Тэнд очоод монгол үндэсний дээл хувцсаа, монгол брэндээ сурталчлах үүднээс "Говь"-ийнхоо ноолууран дээлээр гоёсон. Дээлийг "Говь кашмир", малгайг "Бүрх" компани, гутлыг "Best shoes", гоёл чимэглэлийг "Монгол костюмс" гээдүндэсний шилдэг компаниудаар хийлгэсэн. Бас оройн хүлээн авалтад өмсөх хувцсыг "Монсоник"-ийн Б.Баярмаа бэлтгэж өгсөн. Дэлхийд өөрийн нэрээр нэрлэгдсэн "Баярмаа" гэсэн брэндийг гаргах гээд зүтгэж яваа тун чадалтай дизайнер эмэгтэй байгаа юм. Бидний дээлийг бүтээсэн "Говь"-ийн дизайнер Э.Батцэцэг маань энд болсон "Гоёл"-оор шилдэг дизайнер болсныг дуулаад бид хэрдээ бэлгэшээж байлаа. Бас монгол эрийн чимэг болсон хэт хутгыг дархан найз маань урлаж өгсөн. Тэнд очиход ч АНУ-д байгаа монголчууд маань сэтгэл гарган хүлээж авсан. Нисэх онгоцны буудал дээр Харвардад суралцаж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, бас тэнд ажиллаж амьдардаг дизайнер Номин нар угтаж авсан. Хоёр ихэр загвар өмсөгч гэдгээр нь монголчууд сайн мэддэг хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин С.Ижилцэцэг эгч маань бидний стилистээр ажиллаж өгсөн. Өөрөө энэ мэргэжлээрээ тэнд ажилладаг юм билээ. НҮБ-д сууж байгаа Элчин сайд О.Оч гэргий Ж.Цолмонгийн хамт байнгын төлөөлөгчийн газартаа хүлээн авсан. Бас киноны маань нээлтэд тэд оролцсон. Мөн Нью-Йоркийн дэлхийн бүх үндэстний үүх түүхийг багтаасан "Метрополитан" музейд ажилладаг С.Ариунаа эгч маань маш сайхнаар хүлээн авсан. Бас Монгол телевизийн нэвтрүүлэгч Б.Уранчимэг тэнд телевиз байгуулаад ажиллаж байгаа. Урнаа эгч маань ирж, нээлтийн үеэр ярилцлага авсан. Ер нь энэ бол дан ганц Амараа гэдэг жүжигчний асуудал биш элэгтэй, сэтгэлтэй бүх монголчуудын анхаарал тавьж, ач холбогдол өгсөн явдал байсан. Зам тээврийн сайд асан А.Гансүх, "ДиДи Ш" телевизийн захирал Ганболд нарын хүмүүс гэхэд сэтгэлийн дэм болж тусалсан. Тэд монгол хүн тэнд бусдаас дутуу харагдаж болохгүй, эн тэнцүү, илүү гэдгийг батлаарай гэж хүсч байсан нь сайхан санагдаж байсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.