“Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг эдийн засаг, бас дахин эдийн засгийг анхаарч ажиллах амлалт өгснөөс хойш 20 гаруй хоног өнгөрөөд байна. Гэсэн ч танхимын бүтэц эцэслэн тодроогүй нам эвслүүд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын томилгоон дээр үл ойлголцсоноос үүдэн өчигдөр УИХ-ын чуулган хагас хугасхан хуралдан төсвийн тодотголыг халтуурдав.
Сайдын суудал ярихаараа 76-уулаа цуглаж, шөнө дөл болтол хэрэлддэг тэд алдагдалтай баталсан улсын төсвөө засч залруулах талаар яарч байгаа шинж алга. Хуралдаа ирэхгүй, өрөө өрөөндөө фракци фракциараа цуглачихаад “төсөв цаашаа, сайдын суудал наашаа” хэмээн шантааж хийв.
Уг нь он гарахаас өмнө уул уурхайн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадвал 2015 онд учирч болзошгүй эдийн засгийн хүндрэлтэй байдал, төсөвт ирж болох дарамт, эрсдлээс ангижрах боломж байсан ч харамсалтай нь манай гишүүд эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй асуудлыг ойшоож үзэхгүй байгаа нь энэ мэт жишээнээс тод харагдлаа.
Гэтэл гадныхан Монгол Улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгч, ирэх онд Монгол Улс юуг анхаарч, ямар салбараа дэмжих ёстой вэ гэсэн дүгнэлт гарган эрхэм гишүүдийн ажлыг хийж сууна. Засгийн газраа унагачихвал бүх зүйл сайхан болчихно. Н.Алтанхуяг л улсын эдийн засгийг унагаж, улс орны хувь заяаг дампууруулж байна хэмээн улстөржиж байсан МАН ч нөхцөл байдал хүндхэн байгааг хүлээн зөвшөөрч өрөө нэмэгдүүлэхээс өөр гарц алга гэдэгт санал нэгджээ.
Тэдний хэлж байсанчлан Н.Алтанхуягийн танхим огцроод амьдрал сайжирсангүй, харин ч суудлаа олохгүй дээдсийн дүйвээнээр ард түмэн сөхөрч туйлдаж эхэллээ. “Шийдлийн” хэмээн нэрийдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдсан ч Монгол Улсын зээлжих зэрэглэл “В+” хэвээр үлдэж, инфляци нь хоёр оронтой, 2017 оноос эхлэн төлөгдөж эхлэх том том зээлүүдийн тоог дурьдаж, цаашлаад банкны чанаргүй зээл нэмэгдсэн гэдгийг сануулсан нь улстөрчдөд маш том сигнал болох учиртай. Та бүхэнд гарц олдохгүйд хүрчээ. Одоо хэрхэх вэ гэдгийг тэд асууж байгаа хэрэг.
Харамсалтай нь эхлээд бялуугаа хуваагаад хүртчихье, дараа нь өр тавиад асуудлаа шийдчихнэ гэсэн гэнэн, гэгээн мөрөөдөл парламентын хэдээс маань салахгүй байгаа нь харамсалтай. Бие даагч гишүүдийн хэлж буйгаар Засгийн газар 320 тэрбумын үнэт цаас гаргах бэлтгэлээ базааж байгаа нь үнэн болж, өчигдрийн чуулганаар үнэт цаас гаргалаа. Гэвч бидэнд өр зээл тавьж бусдаас гуйлга гуйхгүйгээр гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улсын төсвийн алдагдлаа цэгцлээд халаасаа жаахан хумиад амьдрах боломж байна. Оюутолгойгоо урагшлуулчихвал улсынхаа нэр хүндийг баран байж гуйлга гуйх шаардлага ч алга. Тухайлбал, манай улсад Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирж ажиллан, эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, ирэх оны төлөв, хандлага ямар болох талаар төсөөлөл, тооцоонуудаа шинэчилжээ.
Тус байгууллагын тооцоогоор ирэх онд эдийн засаг 5.4 хувиар өсөхөөр байгаа бол инфляци 8.4 хувь болж 3.2 пунктээр буурахаар байгааг харж болно. Эдийн засагт байгаа нийт мөнгөний нийлүүлэлт 16.5 хувьтай даруухан төвшинд байх бол гадаад худалдаа 800 гаруй сая ам.долларын ашигтай гарахаар төсөөлөгдсөнийг харж болно. Мөн төлбөрийн баланс энэ оны эцэст 1 тэрбум долларын алдагдалтай гарахаар байгаа ч, ирэх онд алдагдлын хэмжээг 5.5 дахин бууруулж, 188 сая ам.доллар байхаар таамаглажээ.