Гарааны бизнесээ дэмжсэн улс орнууд цар тахлыг “бүтээлч сүйрлийн үе” болгов

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 05 сар 18

Цар тахлын хамгийн хүнд үе буюу 2020 онд улс орнуудын гарааны бизнесийн өсөлт бууралтыг харуулав.

2020 онд нийт 132 мянган компани татварын албанд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлснийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлсэн. Тайлан ирүүлсэн нийт компаниудын 70 хувь нь үйл ажиллагааны доголдолд орж X тайлан ирүүлсэн компанийн тоо 2019 оныхоос 27 мянгаар нэмэгдсэн байгаа нь цар тахлын нөлөө ямар байгааг төвөггүй харуулж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүдийн дийлэнхийг цөөн ажилтантай, бизнесээ дөнгөж эхлүүлж байсан жижиг компаниуд эзэлж байгаа юм. Тэгвэл дэлхийн улс орнууд цар тахлын энэ хүнд үед гарааны бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогыг түлхүү хэрэгжүүлж, үүний үр дүнд хямралыг боломж болгон ашигласан маш олон шинэ бизнес мэндэлсэн гэж олон улсын “Piie” санхүүгийн байгууллагаас гаргасан судалгаанд онцолжээ.

Тухайлбал, АНУ-д өнгөрсөн онд гарааны бизнесийн идэвхжил хамгийн ихээр өссөн байна. 2019 онд тус улсад шинэ бизнес эрхлэгчдийн тоо 3.5 сая байсан бол 2020 онд 4.4 сая болж даруй 24 хувиар өсчээ. Түүнчлэн Чили, Турк, Их Британид шинэ бизнес эрхлэгчдийн тоо нэмэгджээ. 1930-аад оны үед Австрийн эдийн засагч Иосиф Шумпетер “Эдийн засгийн хямрал бол бүтээлч сүйрлийн үе” гэж тайлбарласан байдаг. Энэ онол ковидын хямралын үед жинхэнээсээ хэрэгжсэн байх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа аж. Учир нь 2020 онд дэлхий даяар 9.1 сая орчим бизнес эрхлэгч хаалгаа барьж, дор хаяж 9 сая ажлын байр хумигдсан гэсэн тооцоолол байгаа ч дүрээ хувирган шинээр мэндэлсэн бизнесийн тоо үүнээс хэд давсан гэдгийг зөвхөн АНУ-ын жишээ харуулж байна гэж онцолсон байна. Гэхдээ шинэ бизнесийн тоо огцом нэмэгдсэн улс орнуудад Засгийн газраас нь зориулж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд түлхэц дэм болсон гэжээ.

 

АНУ бол шинэ бизнес эрхлэгчдэд зориулсан хямралыг даван туулах хөтөлбөрийг хамгийн үлгэр жишээ хэрэгжүүлсэн улсаар тодроод байна. АНУ-ын Жижиг бизнесийн Захиргаа нь жижиг бизнес эрхлэгчдэд зориулж цалин орлогогүй болохоос сэргийлсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг.  Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд зээлийг нь хүчингүй болгож, өршөөдөг байна. 2020 оны наймдугаар сар гэхэд 3.3 сая бизнес эрхлэгчийн авсан зээлийг тэглэсэн байна.  Бусад хөгжингүй орнуудад ч янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тухайлбал, Англи улс гарааны бизнес эрхлэгчдэд зориулж “Коронавирусын ирээдүйн сан”-г байгуулсан бөгөөд 125 мянгаас таван сая фунт стерлингийн хооронд зээл олгож байна. 2020 оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд 745 компанид нийт 800 сая фунт стерлингийн зээл олгожээ. Харин Швейцарьт 2020 оны дөрөвдүгээр сараас гарааны бизнес эрхлэгчдэд зээл олгож эхэлсэн бөгөөд үүний  65 хувийг нь Засгийн газар, үлдсэнийг нь бизнес эрхлэгч өөрөө батлан дааж авсан байна. Тэгвэл Чили улсад “Startup Ciencia хөтөлбөр” хэрэгжиж шинэ технологийн 90 компанид өөрийн хөрөнгийн 85 хүртэлх хувь хүртэл хувьцааны санхүүжилт авах эрхийг нээж өгөв. Энэ мэтчилэн цаг үедээ таарсан жижиг төсөл хөтөлбөрүүдийг улс орнууд маш амжилттай хэрэгжүүлж цар тахлын хямралыг боломж болгон даван гарч байгааг эдийн засгийн судалгааны байгууллагууд сайшаасаар байгаа аж.

Гэхдээ гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих байдал улс орнуудад харилцан адилгүй байгаа аж.  АНУ-д 23 хувь, Турк 23 хувь, Чили 14 хувь, Их Британи 9 хувь зэргээр хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байгаа бол Хятад, Эстони, Швейцарь, Австрали, Нидерланд зэрэг улсад тийм ч их ахиц гараагүй байна. Гэхдээ бизнесүүдээ дампууралгүй хадгалах, хөрвөх тал руу илүү ажилласан гэжээ. 

 

Тэгвэл үүний эсрэгээр Өмнөд болон Зүүн Европт шинээр байгуулагдсан компаниудын тоо өмнөхөөсөө буурсан байна. Румын, Португали, ОХУ-ын хувьд энэ бууралт өмнөх оныхоос бараг 25 хувиар, Испанид 20 хувиар гэх мэт. 2021 онд гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан 10 тэрбум еврогийн “Ирээдүйн сан” хөтөлбөрийг бий болгосон Герман улсад ч шинэ бизнес эрхлэгчдийн тоо дөрвөн хувиар буурсан байна. 

COVID-19-ийн үеэр хэрэглэгчийн сонголтыг өөрчлөх замаар бизнес эрхлэгчдийг дэмжиж болно гэсэн хандлагыг зарим улс орнууд хэрэгжүүлж байна. Тухайлбал,  Их Британид 2020 оны гуравдугаар улиралд шинээр бий болсон бизнесүүдийн 20 хувь нь жижиглэнгийн худалдаа эрхэлж байжээ. Магадгүй энэ нь онлайн худалдаанаас хамаарсан өсөлт гэж үзэж байна. Нэгдсэн Вант улсын бүх жижиглэнгийн худалдааны эзлэх хувь болох интернэт худалдаа нь тахал болохоос өмнө 19 хувь байсан бол 2020 оны тавдугаар сард 33 хувь болж өссөн байна. Цар тахлын үеэр бизнес эхлүүлэх үйл явц нь илүү хурдацтай явагдаж байгаа улс орнуудад эдийн засгийн агшилт харьцангуй бага байгаа аж. Өөрөөр хэлбэл, ажлын байр хумигдаж компаниуд хаалгаа барьж байгаа ч нөгөө талд нь шинээр босох боломжийг цаг алдалгүй өгөх ёстойг улс орнуудын жишээ харуулж байна гэж онцолжээ.

 

Б.Төгс

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх