Өдрийн сурвалжлага: “Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээ

Бизнес ・Нийтэлсэн: Баярмаа 2014 12 сар 21

- Монгол улсын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг  “Эрдэнэт vйлдвэр" ХХК нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжин импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдэвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа. Энэ талаар бид өдрийн сурвалжлага бэлтгэлээ.-

Азид хүчин чадлын хувьд эхний аравт багтдаг “Эрдэнэт үйлдвэр” энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэр 34 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.  Тодруулбал, Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрт гадаадаас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний тоог бууруулж, эх орондоо үйлдвэрлэж нийлүүлэх санал, санаачлагыг дэмжин дотоодын үйлдвэрлэгчтэй түлхүү хамтран ажиллаж байгаа  ажээ.  Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн дотоодын зургаан  үйлдвэр байгуулагдахын зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна. 2014 онд

  1. “Шим Технолоджи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэр
  2. “Ачит Ихт” катодын  үйлдвэр
  3. “Бэрэн металл” компанийн Төмөрлөгийн үйлдвэр
  4. “Мэйнспринг” резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэр
  5. “Мөнхий цагаан жим” амны хаалтын үйлдвэр
  6. “ТД ЛЕД”лэд гэрлийн үйлдвэр тус тус байгуулагдаад байгаа юм.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх үйлдвэрүүд нь аж үйлдвэрийн салбар болон Монгол улсын төсөвт хичнээн ашигтай байгааг товчхон танилцуулъя.

Тухайлбал,  “Шим Технолоджи” ХХК нь улсын төсөвт жилд 2-2,3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх молибдены баяжмал боловсруулах үйлдвэрээ энэ онд нээсэн.  Тус компанийн өөрийн хөрөнгийн 30%-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК,  үлдсэн 70 хувийг Швейцарийн “Шимтех” компани эзэмшиж байна. “Шим Технолоджи” ХХК нь жилд 3600 тонн молибдены баяжмалыг боловсруулан 2500 тонн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 250 ажиллагчидтай.  Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автоматчилагдсан учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр  юм.  

 “Бэрэн металл” компанийн Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр нь Монгол улсын импортын хэрэглээг 200 сая хүртэлх ам.доллараар багасгана.  1000 гаруй ажлын байр нэмэгдүүлж байгаа уг үйлдвэр нь жилд 200 000 тонн өндөр  чанарын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тус цогцолбор үйлдвэр гурван жилд хөрөнгө оруулалтаа  нөхөж дуусгах бөгөөд 2020 онд  500 000 тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөгөөтэй байгаа.  Манай улсын хэмжээнд жилд 500 000 тонны арматурын  хэрэгцээ байдаг.Түүний  200 000 тонн арматурыг  тус үйлдвэрээс нийлүүлнэ. Үүн дээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын  “Дөл түшиг” үйлдвэрийн   150 000 тонн арматур  нэмэгдэх юм. Тэгэхээр манай улсын импортын арматурын хэмжээ буурч, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгал тэр хэмжээгээр буурах юм.

Резин,резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Мэйнспринг” компани Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод үйлдвэрийн хэмжээнд ашиглагддаг нийт резинэн эд ангиудын 40-50%-ийг бүрдүүлж, 3000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монголын анхны түүхий  резиний Үйлдвэрлэн гаргаж байгаа резинэн бүтээгдэхүүнийг хийхийн тулд Эрдэнэт үйлдвэр жилд 120 тонн резин шаардагддаг. Хэмнэлтийн бодлогын хүрээнд 13 доллараар худалдан авдаг байсан резинийг 7 доллар болгож бууруулжээ. Орон нутагт түүхий эдийг нь үйлдвэрлэх үйлдвэр нээгдсэнээр  резин хадгалах болон Агуулах сав бэлдэх шаардлагагүй болж ажлын нөхцөл сайжирч,бүтээгдэхүүний чанарт байнга хяналт тавих, захиалга өгөх боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 Энэ оны нэгдүгээр сарын 2-нд ашиглалтад орсон "Мөнхийн цагаан жим” амны хаалтын үйлдвэр үйлдвэр нь өдөрт 3-4 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангаж ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлэх боломж гарц байгаа гэнэ. Учир нь одоогоор үйлдвэрлэлийнхээ 40 хувийг ашигладаг бөгөөд цаашид 100 хувь ашиглаж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломжтой юм. Тус үйлдвэр нь 11 ажилчинтай бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлбэл орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд 2014 онд “Эрдэнэт” үйлдвэр 23 нэр төрлийн  45.7 тэрбум төгрөгийн импортыг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас худалдаж авсан нь нийт худалдан авалтын 18 хувийг эзэлж байгаа юм.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэний хүрээнд ажлын байр, өрхийн орлого нэмэгдсээр байна.   Монгол улсын “саалийн үнээ” байсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр” хэмнэсэн мөнгөнөөсөө ажилчдаа урамшуулж байгаа нь бусад  үйлдвэрүүдэд  үлгэр дууриалал боллоо.  

Бид өдрийн сурвалжлагын дараагийн хэсгээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нийгмийн хариуцлага болон хаалт хөгжлийн менежментийн талаар хүргэн болно. 

А.Баярмаа 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх