Спорт
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 08 сар 01
Наймдугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
БУУДЛАГА:
Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпын хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд энэ дасгалаар Олимпод анх удаа орж буй юм.
Олимпын хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа багасаад байдаг. Тухайлбал, эхний таван сумаа найман секундэд амжиж буудах бол дараа нь энэ хугацаа зургаа, дөрвөн секунд болон багасна. Дөрвөн секундэд таван сум буудна гэдэг тамирчдаас багагүй ур чадвар шаардах нь тодорхой.
Энэ төрлийн финалын буудлага наймдугаар сарын 2-ны 13.30 цагаас эхэлнэ.
БОКС
Ширэн бээлийтнүүдээс ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагаас Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө нударга зөрүүлэх болно.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Олимпын аварга болчихоод мэргэжилд шилжих том амбиц тээж яваа. Хэн нь медаль дээр бууж, хэн нь хоосон хоцрохоо шийдэх маш чухал тулаан манай хүнийг хүлээж байна. Ташрамд сануулахад Монголын боксчид сүүлийн гурван Олимп дараалан медаль зүүгээд байгаа юм.
ЧӨЛӨӨТ БӨХ
Жүдо дуусахтай зэрэгцээд чөлөөт бөхийнхөн тэмцээнээ эхлүүлэх гэж байна. Эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.
Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагт эхлэх бөгөөд манай бөх тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм.
Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш нь дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдах юм гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.