“COVID-19”-ийн вакцинд хүүхдүүдийг хамруулах хэрэгтэй юу?

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 08 сар 03

Дэлхийн хэмжээнд  АНУ, Германы “Pfizer–BioNTech”, АНУ-ын “Moderna” компани, Хятадын “Sinovac”, “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцин гэх мэт олон вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд туршаад байна. Үүний дүнд АНУ, Израил, БНХАУ зэрэг хэд хэдэн орон энэ насны хүүхдүүдэд вакцин хийлгэхийг санал болгож байгаа юм.

Мөн Энэтхэгт гарган авсан “Zydus Cadila”, “Covaxin” зэрэг бусад вакцинд 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулсан туршилт судалгааны дүн удахгүй гарах төлөвтэй байна. Одоогийн байдлаар, вакцинууд өсвөр насны хүүхдүүдэд аюулгүй болохыг тогтоогоод байгаа бөгөөд зарим компани зургаагаас дээш сартай хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаа үргэлжлүүлэн явуулж байна.

Тухайлбал, АНУ-д 12-оос доош насны хүүхдүүдийг энэ оны эцсээр вакцинжуулж эхэлж магадгүй байна гэж Жеоржиа муж улсын Атланта хотын “Emory” их сургуулийн хүүхдийн эмч Андреа Шейн мэдээлжээ. Израил, АНУ-д хүүхдүүдийг вакцинжуулж эхэлснээс хойш зүрхний үрэвсэл үүссэн цөөн тохиолдол бүртгэгдсэн хэдий ч вакцинаас үүдэлтэй гэх нотолгоог судлаачид олж тогтоогоогүй байна. Түүнчлэн ийм тохиолдлуудын дийлэнх нь эдгэрснээс гадна ийм эрсдэл үүсэх магадлал “тун бага” гэдгийг холбогдох судалгаанууд харуулж байна гэж Мальдив улсын их сургуулийн хүүхдийн эмч Дэвид Пэйс мэдээлжээ.

 

Хүүхдүүд, залуучуудыг вакцинжуулах нь цар тахлын эсрэг ямар нөлөө үзүүлэх вэ?

Дэлхийд вакцинжуулалтын түвшнээрээ тэргүүлж буй Мальдивт хүн амын 80 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд одоо 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаа юм. “Манай улсад өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэр гаргахад нөлөөлсөн бусад хүчин зүйлсээс дурдвал, өвөө, эмээтэйгээ байнга холбоотой байдаг гэр бүлийн харилцаа нөлөөлсөн. Нийт хүн амын түвшинд авч үзвэл, вакцин хийлгэсэн хүүхдүүд өндөр настай, халдварт өртөмтгий хүмүүст халдвар дамжуулах эрсдэл буурна. Мөн залуу иргэд хилийн чанад руу сурахаар явах тохиолдол түгээмэл байдаг тул халдварын тохиолдол, коронавирусний хувилбарууд зөөвөрлөгдөн ирэх эрсдэл бий” гэж Д.Пэйс ярьжээ.

“Олон судалгааны дүнгээс үзэхэд, хүүхдүүд, тэр дундаа өсвөр насныхан халдвар тархахад голлох нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна” гэж Австралийн Мельбурн хотын “Deakin” их сургуулийн тархвар судлаач Кэтрин Беннетт хэлжээ. Мөн коронавирусний шинэ хувилбарууд шинээр үүсэн гарч байгаа энэ үед хүүхдүүд, өсвөр насныхны дунд халдвар тархах вий гэдэгт мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна. К.Беннетийн хэлснээр, залуу хүний дархлааны хариу урвал нь хувилбаруудыг илүү тэсвэртэй болгосноор илүү хурдан халдварладаг омгууд үүсэх эрсдэлтэй тул тэднийг вакцинжуулах нь ч мөн ихээхэн ач холбогдолтой ажээ. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх