Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 03
Зүүн Европ, хуучин ЗХУ-ын хэсэг байсан зарим улсад сүүлийн хэдэн жил төр засаг сонгуулийн бус аргаар солигдохыг өнгөт хувьсгал гэж нэрлэж хэвшсэн байна. 2003 оны 11 дүгээр сард Гүржид, 2005 оны 1 дүгээр сард Украйнд, 2005 оны 4 дүгээр сард Киргизд болсон үйл явдлыг “сарнайн”, “жүржийн”, “алтан зул цэцгийн” хувьсгал гэж тус тус нэрлэж, 2005 оны 5 дугаар сард Узбекистанд, 2005 оны 11 дүгээр сард Азербайжанд болсон үйл явдалд гоёмсог нэр өгөөгүй боловч бас л өнгөт хувьсгал хэмээн ангилсан ажээ.
Өнгөт хувьсгал гэж юу вэ?
1974 онд эхэлсэн “ардчиллын гурав дахь давалгаа”-ны үндсэн шинж нь “Бусад улс оронд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх АНУ-ын бодлогын өөрчлөлт” байсан хэмээн Самуель Хантингтон томъёолжээ. Ардчиллын эхний 2 давалгааны үеэр АНУ зэрэг томоохон орнууд бусад улс орнуудад ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхийг төдийлөн чухалчлаагүй байна. Харин 1970-аад оноос хойш тэд энэ зорилтыг тавьж бусад улс орнуудад ардчилал хүний эрхийг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн олон ТББ-уудыг санхүүжүүлж, тэднээр дамжуулан гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлдэг болжээ. Тэдгээр байгууллагууд нь хуучин социалист гэгдэж байсан улс орнуудад дэглэм өөрчлөгдөхөд дотоодын оролцогч нарт идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан бөгөөд 1990 оны сүүлчээр National Endowment for Democracy, National Democratic Institute for International Affairs, International Republican Institute, International Foundation for Electoral Systems, International Research and Exchange Board, Freedom House зэрэг байгууллагууд нь хуучин ЗХУ-ын хэсэг байсан улс оронуудад дахин идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэдгээр байгууллагын санхүүжилтийн багагүй хэсгийг АНУ-ын төрөөс санхжүүжүүлдэг бөгөөд тухайлбал Ардчиллыг дэмжих үндэсний сангийн (National Endowment for Democracy) санхүүжилтийн 97 хүртэл хувийг Төрийн департаментаас гаргаж байсан ажээ. Freedom house байгууллагыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Мэдээллийн агентлаг (одоо татан буугдсан) зэрэг төрийн байгууллагууд санхүүжүүлж иржээ.
2003 оноос хойш болсон өнгөт хувьсгалуудыг удирдан зохион байгуулсан, манлайлсан иргэд, хөдөлгөөнүүдийг эдгээр байгууллагууд ихээхэн идэвхтэй дэмжиж байсан юм.
Иймд өнгөт хувьсгал нь хатуу диктатурын дэглэмтэй улс орон эсвэл ардчилал бүрэн хэмжээгээр хөгжөөгүй, хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байдаг улс орнуудад гадны төрийн бус байгууллагын дэмжлэг нөлөөтэйгээр сонгуулийн бус тэгэхдээ ихэнх тохиолдолд хүчирхийллийн бус аргаар төр засаг солигдохыг хэлнэ. Чингэхдээ “хувьсгал” гэдэг үгний нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт нь хувьсгалын үр дүнд тухайн улсын бүх элит солигдож шинэ элит төрийн эрхэнд гарах явдал байдаг бол өнгөт хэмээгдэж буй хувьсгалын үр дүнд АНУ-ыг үг дуугүй дэмждэг нэг хэсгээр өмнөх элит нь солигдож байгаа явдал гэж зарим судлаачид үздэг юм байна. Энэхүү хувьсгалын үед “хувьсгалчдыг” АНУ албан ёсоор дэмжиж мэдэгдэл уриалга гаргахын зэрэгцээ техник санхүүгийн туслалцаа үзүүлсэн улс оронд (Гүрж, Украйн, Киргиз) өнгөт хувьсгал ялж байсан бол АНУ-ын зүгээс дэмжээгүй хувьсгал (Азербайжан, Узбекистан) нь тэгсхийгээд унтарсан байдаг гэж зарим эх сурвалжууд дүгнэжээ.
Иймд өнгөт хувьсгалын үндсэн суурь нь легитим чанараа алдсан дарангуйлагч эрх баригчид болон гадны төрийн болон төрийн бус байгууллагуудын шууд болон шууд бус оролцоо ажээ.
Өнгөт хувьсгалын үндсэн орц
Жин Шарп-ын бичсэн “Диктатураас ардчилал руу: Эрх чөлөөтэй болох үзэл баримтлалын ерөнхий агуулга” (From Dictatorship to Democracy: A conceptual framework for liberation) номыг өнгөт хувьсгалын “гарын авлага” гэж үздэг ажээ. Дарангуйлагчийн хүчийг яаж бодитоор үнэлж, үүний үндсэн дээр өөрийн үйл ажиллагаа, зорилтыг яаж төлөвлөх, эрх баригчидтай яриа хэлэлцээ яаж болон хэзээ хийх, хэзээ хийхгүй байх, эрх баригчдын хүчийг хэрхэн саармагжуулж, эрх баригчдыг үзэн ядах үзэл санааг хэрхэн хаана яаж дэлгэрүүлэх, эрх баригчдын сул талыг яаж тодорхойлох, тэмцлийг ямар аргаар яаж хийх гээд энэ ном нь үндсэндээ “хувьсгалчдад” үзэл баримтлалын бөгөөд үйл ажиллагааны бүх заваарчилгааг өгсөн байдаг ажээ.
Чингэхдээ Ж.Шардын дүгнэлт нь хувьсгалыг тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хийх явдал гээд үүнийгээ маш тодорхой бөгөөд үндэслэлтэйгээр тайлбарласан байдаг.
Өнгөт хувьсгалын талаар интернетээр судалж үзэхэд нэг анхаарал татам емэйлийг graymouser гэдэг хаягтай хүн Ж.Шарпын номны талаар санал болгож аль 2006 оны 5 дугаар сард бичиж байршуулжээ. Түүндээ “өнгөт хувьсгалын бодит жор нь:
1.АНУ-аас санхүүждэг ТББ-аас ахиухан тусламж авах
2.Анхаарал татахуйц, телевизээр үзэмж сайтай “залуучуудын хөдөлгөөн” байгуулж, барууны хэв маягийн тодорхой бус шинэчлэл хийхийг уриалж, Мадисон-авеню загварын (америк маягийн гэсэн үг) суртачилгаа явуулах
3.Эрх баригч эсвэл эрх баригчийн дэмжсэн хүнтэй сонгуульд өрсөлдөж, эрх баригчдыг барууны хэвлэл мэдээллээр “дарангуйлагчаар” тодорхойлох, өрсөлдөж буй “шинэчлэгчээ” эрх чөлөөний хамгаалагчаар тодруулах.
4.Эрх баригчдыг эсвэл эрх баригчдыг дэмжиж буй нэр дэвшигчдийг сонгууль будлиантуулсан хэмээн яллах (жинхэн утгаараа сонгууль будлиантай байсан эсэх нь хамаагүй)
5.Хотын төвд залуучуудаа хэдэн долоо хоног эсвэл өдөр жагсааж дахин сонгууль явуулахад хүргэх
6.Энгээд л шууд “ардчилалд” хүрнэ!” гэжээ
(http://www.metafilter.com/51643/From-Dictatorship-to-Democracy).
Аль 2006 онд л ийм хялбарчилсан байдлаар өнгөт хувьсгалыг ойлгож, ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд чиглэсэн нийгмийн хөдөлгөөн гэхээсээ илүү засгийн эрхэнд хүрэх хялбархан арга хэрэгсэл гэж бодож байсан хүмүүс байжээ. Өнгөт хувьсгалын жорыг монголын “хувьсгалчид” нь бас ийм л хялбарчилсан байдлаар ойлгож 2008 оны сонгуульд бэлтгэж байсан болов уу.
Монголд болсон үймээн өнгөт хувьсгал мөн үү?
Энэ оны 7 сарын 1–нд болсон үйл явдал нь эртнээс бэлтгэгдсэн өнгөт хувьсгалын шинж тэмдэг байсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.