Эдийн засаг хүндэрсэнд малчин Дорж буруугүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 22

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанд хийсэн мэдэгдэл олон нийтэд томоохон “цочроо” өгөөд эхэллээ.

Тэрээр хямралыг даван туулахын тулд эхний ээлжинд төсвөө танаж, бүсээ чангална гэж мэдэгдсэн. Төсвийн орлого, зарлагыг танах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд эмч, багш нар, малчид, алдарт ээжүүдийн мөнгөнд гар хүрэх хэрэг байхгүй л байлтай.

 

Ерөнхий сайдын мэдэгдлийн гол санаануудыг тоймлон хүргэхэд:

 

  • Малчдаас малын хөлийн татвар авъя 
  • Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулъя
  • Алдарт эхийн одонтой ээжүүдийн хүүхдүүд нь 18 нас хүрсэн бол одонгийн мөнгө олгохыг зогсооё
  • Багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтайгаа тэнцэх мөнгөн дүнгээр нэг удаа тэтгэмж авдаг. Үүнийг 12 сар болгоё. 
  • Нэг сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн хүүхдийн мөнгийг зогсооё.
  • Оюутны 70 мянган төгрөгийг сургалтын чанараас нь хамаарч олгоё.

 

Гэх мэтчилэнгээр дурьдаж болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараахан анхаарах ёстой гурван гол ажлаа зөвхөн эдийн засаг гэж томъёолсон. Гэхдээ эдийн засгийг аврахын тулд асуудлыг системээр нь судалж, нэгдсэн цогц бодлого л хэрэгжүүлэх ёстой болов уу. Түүнээс биш эмч, багш нарын тэтгэврийн мөнгийг хасаад, малчдаас татвар авдаг боллоо гээд асуудлыг шийдэхгүй. Мөн алдарт эхийн мөнгө олгохыг багасгах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох зэрэг нь хямралын эсрэг бодлого бүр ч биш байлтай. Эдийн засаг ингэж хүндэрсэнд малчин Дорж, эсвэл долоон буудлын Дулмаа эмээ буруугүй. Хүндрэл, хямралын үед аливаа Засгийн газар иргэдийнхээ бодит орлого, ажлын байрыг аль болох хамгаалж үлдэхийг л хичээдэг “номтой”. Гэтэл шийдлийн Засгийн газрын тэргүүн төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох асуудлыг ярьсан. Ингэснээр 12000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө гэх. Аз болоход энэ бодлогоо түрдээ азнаж, цалинг нь нэмэгдүүлэхээргүй болж байна. Цалингийн нэмэгдлийг нэг удаадаа азнахыг ард түмэн ойлгоно. Харин 12000 хүнийг нэг дор ажилгүй болгоно гэдэг арай л хэтийдсэн шийдвэр болов уу.

 

Монголын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгааныг “төлбөрийн тэнцлийн хямрал” гэж оношилдог. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валют урьд өмнөхөөс эрс буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллараас 800 сая ам.доллар хүртлээ хоёрхон жилийн дотор буураад байна. Үндсэндээ Монголын эдийн засгаас дөрвөн тэрбум ам.доллар сох дутсан л гэсэн үг. Чингис, Самурай бонд гаргаж, ам.доллар татсан ч энэ дутагдлыг нөхөж чадаагүй. Нийлээд 2.1 тэрбум ам.доллар. Үүний цаана дахиад хоёр тэрбум ам.долларын дутагдалтай хэвээрээ л байгаа юм. Энэ дутагдлыг нөхөж байж, эдийн засаг сайжирна гэдгийг судлаачид, эдийн засагчид тайлбарлаж байгаа.

 

Ер нь бол төлбөрийн тэнцлийн хямралаар дамжаад ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарснаар ханшаар дамжсан хүндрэл үүсэж байгаа гэдгийг өнгөрсөн хугацаанд улстөрчид бүгд л хүлээн зөвшөөрсөн байлтай. Гэтэл үүний эсрэг буюу валют олж ирэх зүйлээ огт ярихгүй байна. Өрийн таазаа нэмэгдүүлж, дахиж бонд гаргая гэхээр МАН-ынхан эсэргүүцсэн хэвээр л байгаа. Сая засагт хамтрахдаа хийсэн гол тохироонуудынх нь нэг “Шинээр өр тавихгүй” гэх асуудал. Гэтэл төлбөрийн тэнцлийн хямралыг шийдэх хамгийн энгийн, нэг бодлын амархан арга нь яах аргагүй л шинээр бонд гаргах байлтай. Дээрээс нь Оюутолгойн асуудлаа шийдчихвэл Монголд орж ирэх ам.долларын урсгал сайжирч л таарна. Орж ирэх валютын урсгалыг урьд өмнөх шигээ үрэн таран хийлгүй, хадгалж, хуримтлуулаад, эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржүүлэх бодлогод зарцуулах тухай л асуудал шүү дээ. Энэ бодлогыг хийж чадвал эдийн засгийн хүндрэлийг даван туулж, цаашдаа улсынхаа урт хугацааны хөгжлийн галт тэргийг хөдөлгөж чадна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх