Монголчуудын дунд нэгэн үе ханиад томуу шиг л өргөн дэлгэрч, “Нийгмийн халдварт өвчин” гэж нэрлэгдэж байсан бөөс 2000-аад оны эхээр гэнэтхэн алга болсон билээ. Шалтгааныг нь иргэдийн ариун цэвэр сайжирсан, бөөс угаасаа дэгдэж, мөхдөг мөчлөгтэй байдаг гэх зэргээр тайлбарлаж байсан санагдана.
Импортын бизнес эрхэлдэг компани гаргасан болов уу гэмээр “Сайн чанарын угаалгын нунтаг хэрэглэдэг болсон учраас бөөснөөсөө саллаа” гэсэн дүгнэлт ч сонож байлаа. Ямар ч байсан бөөс хэмээх амьтан үгүй болж, траншей, орц холнгилоор амьдардаг нөхдүүдээс ч гарахаа больсон нь үнэн юм.
Тэгвэл энэхүү хор хөнөөлт шавьж манай улсад дахин дэгджээ. Дэгдэх дэгдэхдээ эх орны урд хилийн дагуу, хилийн боомттой төв суурийн газруудад дэгдсэн байна. Бид бусдад сэрэмжлүүлэг болгох зорилгоор энэ удаагийн дугаарын сурвалжлагаа Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос бэлтгэсэн юм.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ноднингоос бөөстөж эхэлжээ
Сайншандад амьдардаг найзтайгаа интернэтээр холбогдож сонин сайхныг нь асуувал “Манай энд сонин гэвэл бөөс л байна даа” гэж хариулсан нь тийшээ хөлгийн жолоо залах сэжүүр болов. Хотод үүнтэй төстэй мэдээлэл гарсан ч холбогдох байгууллага нь батлаагүй юм.
Тиймээс “Баттай юм уу” хэмээн лавлавал “Үнэнээр барах уу. Мэргэжлийн хяналтынхан өглөө болгон шахуу цэцэрлэг сургуулиар явж, багш нар өглөөдөө хүүхдийнхээ толгойг шалгаж авч байна. Таньж мэддэг бүх хүмүүсийн хүүхдүүдээс бөөс гарч байна. Хот даяараа энэ талаар ярьж, жинхэнэ гамшиг болоод байхад чинь” гэснээр өнгөрсөн пүрэв гарагт Сайншандыг зорив. Шандынхан энэ талаар өнгөрсөн жилээс л шуугиж эхэлжээ. 2013 оны хавар тус хотын хэд, хэдэн цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс гарч, аймгийн МХГ, ЭМГ хамтран үзлэг тандалт хийн, зөвлөгөө заавраар хангаж байсан аж.
Гэвч “Аймаг, орон нутгийн нэр хүндээ бодож байна” гэсэн шалтгаанаар гадагш мэдээлээгүй /хэвлэл мэдээллийнхэн ч асууж сураглаж очоогүй гэсэн/ өнгөрүүлсэн байна. Бөөс хуурсаа хүнд зарлах хэн байх билээ. Гэвч хамгийн гол нь уг бөөс нь жирийн бөөстэй адилгүй, мутацид орсон байж болзошгүйд байгаа юм.
Нүдээр үзсэн хүний яриагаар бол, зуйван хэлбэртэй, саарал, алаг өнгөтэй, зургаан хөлтэй амьтан гэнэ. Мөн өнгөрсөн хавар анх гарахдаа тархац нь бага байсан бол хичээл сургууль эхлэх үед Шандын бараг бүх сургуульд дэгдэж, ард иргэдийг сандралд оруулах хэмжээнд өргөн цар хүрээг хамарчээ. Цэцэрлэгүүд өглөөдөө хүүхдүүдийн үс толгойг шалгаж авах болж, сургуулиуд долоо хоногийн хоёр өдөр тогтмол үзлэг хийх болсон байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу