Гурван сая Чингис

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 23 ・ 1

Хэдхэн хоногийн дараа Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ой тохионо. Зуу гаруй жилийн тэртээ монголчууд Сандо амбанг эх нутгаасаа хөөн, Манжийн дарангуйллаас ангижран, төр улсаа өөрсдөө төвхнүүлэн засч Богд хааныгаа ширээнд нь залж байхдаа ердөө л хагас саяулаа байсан гэдэг. Хагас саяулаа. Гэвч оочны сахал шиг цөөн хэдэн монгол сөхөрч бохирсонгүй, сөрж тэмцээд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг зарласан. Баримт сөхөх аваас, Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас долоон жилийн дараа буюу 1918 онд болсон Автономит Монгол Улсын хүн амын тооллогоор монголчууд 542.5 мянга байжээ.

 

1911 оноос хойш яг хагас зуун жилийн дараа Монгол Улсын хүн ам нэг саяд хүрчээ. 1962 оны хоёрдугаар сард тухайн үеийн нэрээр бол БНМАУ-ын нэг сая дахь иргэн мэндэлж байж. Таван зуун мянга гаруйхан монголчууд хоёр дахин олон болоход 50 жилийг зарцуулжээ. Харин үүнээс хоёр дахин бага хугацааны дараа хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч бөөн баяр болж байв.

 

1988 оны долдугаар сарын 11-нд Монгол Улсын хоёр сая дахь иргэн Г.Болортуяа Дархан хотод мэндэлжээ. Энэ удаад тухайн үеийн нам, засаг хоёр сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэлийг нэлээд чамбай базаасан байжээ. Ер нь монгол хүн сансарт ниссэн үйл явдалтай дүйцэх шахам хөл хөдөлгөөн болж, хоёр сая дахь иргэнийхээ өлгийг зэхэн, тэр азтай бяцхан хүүхдэд олгох хоёр өрөө байр, тэтгэмж хангамжийг жин тан болгоод байсан гэдэг. Ингээд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч түүний чацуутнаар хот хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.Монгол Улсын хоёр сая дахь иргэд эдүгээ 27 нас хүрцгээж байна.

 

Тэд тун удахгүй гурван сая дахь дүү нараа хүлээж авна. Монгол түмэн гурван саяулаа болно. Энэ гэгээлэг сайхан мэдээ жилийн өмнө олны сонорт хүрч, магнай тэнийлгэсэн билээ. Тэгвэл Засгийн газар энэ долоо хоногийн даваа гарагт хуралдаж гурван сая дахь иргэндээ орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. Мөн гурван сая дахь иргэний бүх чацуутнуудад гурван сая төгрөг олгохоор болов.

 

Монгол Улсын гурван сая дахь иргэн ирэх 2015 оны нэгдүгээр сард мэндэлнэ гэдгийг Үндэсний статистикийн хороо тооцоолж буй. Тэдний тооцоолол маш нарийн. Энэ нь дэлхий нийтэд жишиг болсон аргачлалтай. Хүн амын өсөлтийг тооцоолон бодох программыг АНУ-ын Тооллогын товчооны тооцоолох төв анх зохиож 2000 онд интернэтэд байршуулжээ. Үүнийг эдүгээ хүн амын цаг гэж нэрлэх болсон юм. Электрон цагны секундын мөчлөгтэй тооцоолол шиг зогсолтгүй ажиллах энэ программыг АНУ-аас гадна Австрали, Шинэ Зеланд, Канад, Голланд, Финлянд, Норвеги БНХАУ, Энэтхэг, Словени зэрэг улс орон ашигладаг байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: