Төрийн банк 100,000 мод тарина

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 10 сар 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж, мод тарих үйл ажиллагаанд манлайлан оролцсоор байна.

Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна.

“Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм өөрчлөгдөн дулаарч, нийт нутаг дэвсгэрийн талбай цөлжилт, газрын доройтолд өртөн тэлж байгааг энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Иймд мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал бөгөөд уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны хамт олон маань Модыг мода болгоё уриан дор “Ажилтан бүр нэг мод” аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Банкны ажилтнууд маань нэг жилд хоёр удаа буюу хавар, намрын мод тарилтаар тус бүр нэг мод тарихад 9 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд 100,000 мод тарих боломжтой юм” хэмээн Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцолсон.

Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон бизнесийг дэмжиж, эко зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгон ажиллахын зэрэгцээ экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг амжилттай зах зээлд нэвтрүүлээд байна.

​​​​​​​


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх