Төрийн банк “Гялсбанк”-аар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлнэ

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 11 сар 03


Банкны цахим үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, иргэд банкны салбарт очихгүйгээр гар утсаар, интернэт банкаараа хувийн санхүүгийн гүйлгээгээ удирдаж байгаа энэ үед Төрийн банкны цахим үйлчилгээг хэрэглэх харилцагчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр тус банкнаас иргэдэд илүү ойрхон, илүү ухаалаг үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна. 

Дээрх зорилгын хүрээнд Төрийн банк, Цаг уур, орчны шинжилгээний газартай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны гэрээнд "Цаг агаарын аюулт болон байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг агаарын урьдчилсан мэдээг Төрийн банкны “Гялсбанк” аппликэйшнээр дамжуулан харилцагчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх" талаар тусгажээ. 

Төрийн банкны харилцагчдын багагүй хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Иймд энэхүү цахим сувгаар дамжуулан иргэд, харилцагчиддаа цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, үр дүнтэй хүргэснээр тэднийг санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалах боломжтой болох юм. 

Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд зорилтод хэсэгт чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлүүдээр ажиллаж байна. Үүний дагуу Төрийн банк нь "Гялсбанк" үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж байгаа бөгөөд 3 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой "Гялс зээл"-ийн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлснийг энэ дашрамд дуулгая. 

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны "Гялсбанк" аппликейшн нь 900,000 удаа гар утсанд татагдсан, 700,000 орчим хэрэглэгчтэй, иргэдэд чухал, хэрэгтэй аппликейшны нэг болж чаджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх