“12 сар” буюу манай улсын “19 шидтэн”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 25

 

Эдийн засгийн хямралын үеэр эрх гүнжийн зарлиг буув. Сангийн авдар хоосорсонтой эвлэрч чаддаггүй эрхийн балай маань сагс дүүрэн алт олж ирсэн хүнд тэр хэмжээний эрх мэдлийг атгуулна гэдгээ амлалаа. Энэ тухай сонссон хойд эх Зэ муухан мушилзан, арга ухаан сийлж гал тогооны ахлахаар ажиллаж байсан Сайханаа охиныг хөөж, шуудай дүүрэн мөнгө, сагс дүүрэн алт олж ирэхийг шаардах нь тэр. Харин эрх мэдлийг нь өөрөө авч, энд тэндгүй гайхуулах юм байх. Гайхалтай санааныхаа эхлэл нь болгож, гавьяатай бүлэглээсэй татгалзана билээ. Харин эгч нь хөшигний араас хөөж туучихаад, хөндий хүйтэн үг шидэлчхээд пийшин дээрээсээ өндийх шинжгүй гэнэ. Хэзээний ноён шиг авирлаж, хүний хүн харахаараа хөөрч гүйгээд, уран цэцэн үгээр уяраах увдистайг яана, тэр эгчийн.


Ямартай ч аргагүйн эрхэнд аян замд гарч, даарч ядарсандаа арга нь барагдаж, сувгаа солихгүй байхыг сануулж яваа Сайхнаа охиныг МАН, МАХН, МҮАН-ынхан түүдэг галын дэргэд урьж, хүсэл зорилгынх нь талаар хэлэлцэж, тохиролцохоор болсон юм. Улмаар нэгэн санаагаар сувгаа солихоос татгалзаж, суудлаа наймаалцав. Зөвлөж ярилцаад, зөвшилцөж гөвөлцсөний эцэст үлгэрт гардаг 12 сарыг 19 болгохоор ханцуйн дотроо наймаалцаж, харц барлагийн тоог чухамдаа олшруулах талаар сэм хуучилжээ. Санасандаа хүрэх шат дамжлага ойртсонд Сайханаа охины баярласан гэж чигтэйхэн, магнай нь тэнийж, мөр нь тэгшрэв, хөөрхий. Түүдэг галын дэргэдэх 19 толгойг харсан гурван чөтгөр хачин чангаар хашгирч, хамаг чадлаараа тэмцэлдэхээ илэрхийлэв. Халуун дулаан цагаар болох сохор сонголтын тулаанд гарцаагүй түрүүлэх болсон сэтгэгдлээ нууж ядан, бас түлээ барьж, түүдгийн дэргэд суугаагүйдээ атаархан яваа нь тэр гэнэ билээ.


Аяга тавагнаас өөр эд хогшилгүй яваа хөөрхий Сайханаа охиныг дөрөвдүгээр сар өрөвдөн хүслийг биелүүлж, шуналыг хөдөлгөгч бялуу хайрласан юм. Уут дүүрэн мөнгө, сав дүүрэн алтны оронд хайрцгандаа багтаж ядсан том бялуутай ирсэн туслах охины хэтийн зорилго, хэтэвчний зузааныг хэмжихэд бэрх. Харин чухамдаа өрөвч зөөлөн сэтгэлтэй, өгөөмөр буянтай охин өвлийн хүйтэнд хайрагдаж, өр зүрх нь хатсан бололтой юм. Хойд эхийн санааг гүйцэлдүүлэгч, эрх гүнжийн ил хувилбар болж орхисон нь хэлсэн үг, хийх үйлдлээс нь цухалзах аж. Хэтийн зорилгоо хэмнэлтээр тодорхойлж, хүзүүнийхээ уртыг хойд эхээрээ хэмжжээ тэр.

 

Эрх гүнж харин дүн өвлийн хүйтнээр гулгаж тоглох гэж гараад хөл, нуруугаа гэмтээж, хөгөө чирснийг яана. Энэ нь гэхдээ шалтгаантай. Энд тэндээсээ яриатай. Манай гүнж гадаад явж галуу шувууны мах идэж, гайхалтай гэрээг үзэглэсэн эртний найзтайгаа хуучилж, хуушуур хувааж идэхээр олны анхаарлыг олиггүй зүйл рүү чиглүүлсэн гэх олны яриа бий. Омог бардам зантай, онгироо хөөрүү гүнж орныхоо хүнийг томилсон болохоор орноосоо босох ч хэрэггүй дээ, уг нь. Үлгэр хэрхэн төгсөхийг өнөө маргаашдаа таашгүй нь. Үүнээс цааших үргэлжлэлийг Төрийн ордноо байрлах улаан хивсний ёслолоос сувгаа солилгүй үзээрэй, уншигчид минь.

Эх сурвалж: www.new.mn Л.НИНЖСЭМЖИД
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх