“Бүсээ чангалах” шинэ жил айсуй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 26
 
2014 онд улирч, 2015 он ирж айсуй Монголчууд баяр ёслол болж байхад муу, муухай зүйл ярьж хэлэх нь битгий хэл бодохоос ч цээрлэдэг уламжлалтай ард түмэн.
 
Тийм ч учраас улирч буй жилүүд бүгд “Сайхан жил” байдаг байлаа. Засгаараа тоглож, өр тавьж олсон тэрбум, тэрбум ам.доллараар үрж дуусгасан 2014 оныг сайхан ч биш, бүр “Тансагласан” жил гэж дүгнэлээ. Бондын мөнгөний ихэнхийг тендер нэрээр танил тал, хамаатан садныхаа компаниуддаа шахаж, үлдсэнийг нь мөнгө хүүлэгч, банкуудад тарааж өгсөн.

Банкны хатуу чанга шалгуурт тэнцсэн компаниудад дампуурах эрх байхгүй, тэд бондын үр ашгийг гаргаж, эрх баригчдын нүүрийг тахлах үүрэг хүлээнэ. Харин танил тал, тал тохой татаж “Ногоон гэрлээр” мөнгө авсан компаниудын ихэнх нь “Найдваргүй зээл”, “бондын эрсдэл” хэмээх бүлгийг бүрдүүлэх нь тодорхой. Тиймээс “тансагласан” гэдэг үг үнэндээ нийт ард түмэнд биш төр, хувийн хэвшлийг дамнасан олигархиудад л хамаатай гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Жирийн иргэдийн хувьд 2014 он “тансаглсан” биш, тамлагдсан жил байсан. Тэрбумаар хэмжигдэх зээлийг ам.доллараар нь оруулж ирсэн байтал ханш нь тэнгэрт цойлсон. Зүгээр сууж цалин авдаг байсан /байхгүй болгосон ч болохоор/ 10 000 албан хаагчийг цомхотгох асуудал яригдахад цагаан захтнууд сошиал ертөнцөөр түрхрэн шуугилдлаа. Тэдний хийдэг үндсэн ажил юу болохыг энэ явдал харуулсан.

Төрд шургалсан “хувалз”-нууд ийнхүү хоолоо харамлан “тэмцэл” гэсэн үгийг унагаж байхад ажилгүй болсон 100, 100 мянган ард иргэд /энэ онд 50 гаруй мянган ААН хаалгаа барьсан гэсэн мэдээ бий/ гэртээ хоолгүй, галдаа түлээгүй сууцгааж байна.

Тендерээр урссан тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгөнөөс сохор зоос ч долоон буудлын Должин эмээд очоогүй л байхгүй юу. Тиймээс эвэртэн, тууртнуудын амнаас унаж байгаа  “Бид хэтэрхий тансаглачихжээ” гэдэг үг зөвхөн төр болоод төртэй холбогдсон олигархиудад л хамаатай. Олон аж ахуйн нэгж хаалгаа барж, дансаа улайлгаж байхад татварын албаныхан хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө ард түмний татварын мөнгөнөөс тэрбум, тэрбумаар өөрсдийгөө шагнаж байна. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх