2015 онд хийгдэх бүтээн байгуулалт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29

-AСEM-ЫН УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭНЭ-

Монголчуудын хувьд 2015 он их бүтээн байгуулалтын жил болно. АСЕМ буюу Ази-Европын орнуудын 11 дэх дээд түвшиний уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд үүнтэй уялдуулан бүтээн байгуулалт, сэргээн засварлалтын бэлтгэл ажлыг ирэх онд хийхээр төлөвлөжээ.

Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ нь Европын холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, Европын холбоо, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс байгууллагыг нэгтгэсэн томоохон механизм юм.

 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж буйгаар илүү ач холбогдолтой, онцлог болох бөгөөд тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд,  олон нийтийн идэвхи оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах нь хамгаас чухал юм.

 Түүнчлэн 2016 онд УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан ирэх оноос орон даяар бүтээн байгуулалтын ажил өрнөх аж.

 

-300 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАНА -

Өнгөрч буй 2014 онд хүүхдийн эмэнлгийн орны хүрэлцээгүй байдал багагүй маргаан дагуулж, эмнэлгийн каридор, шалан дээр өвчтэй хүүхдүүддээ эмчилгээ хийлгэж буй эцэг эхчүүд олон байв.

Тэгвэл энэ асуудлыг ирэх онд яаралтай шийдвэрлэж 100 ор бүхий хүүхдийн эмнэлэг нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр барихаар  нийслэлийн төсөвт тусгажээ.

 Мөн 2014 онд эхлүүлсэн 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажлаас нэг сургууль, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг 2015 онд ашиглалтад орно.

2015 онд зургаан цэцэрлэг, хоёр сургууль шинээр барьж, гурван цэцэрлэг, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэх ажлыг төсөвт тусгасан байна. Түүнчлэн Концессын гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөтийн 24 байршлаас 20 байршилд тодорхой хэсгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт тус бүр хөрөнгө оруулалт хийх юм байна.

 

-КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ-

2015 онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, автозам тээвэр, боловсрол биеийн тамир, соёл урлаг, спорт эрүүл мэнд, инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 ажлыг хийхээр төлөвлөжээ.

Концесс эзэмшигч өөрийн боломжоор олсон хөрөнгөөрөө хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь шинэ барилга барьж, талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглах юм байна.

Мөн Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам, Хотын төв-Зайсан, Зайсан-Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын замыг барих аж.      

Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд “Сэтгэмж” сургуулийн барилгыг буулгаж, 640 хүүхдийн сургуулийг барих юм байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль, 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилгыг тус тус барих аж.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн концессын гэрээгээр орчин үеийн урлагийн театр, Хан-Уул  дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд тус тус 60 ортой "Ахмадын сувилал" барих юм байна. Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглах юм.

 

-НАЛАЙХЧУУД НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО-

Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой нэгдсэн эмнэлгийн байрыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор босгосон хөрөнгөөр барина.

Хуучин нэгдсэн эмнэлгийн барилгын хашаанд шинээр барилга барьж, нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийг ирэх онд барих ажээ.

 

-ОРШУУЛГЫН ГАЗРЫГ ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО-

Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороо, “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийслэлийн өмчид шилжүүлнэ.

 Мөн гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих бөгөөд концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна.

 

-ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙР ИРЭХ ОНД БАРИГДАНА-

Түлэнхийн төвийн барилга ашиглалтын хугацаа дуусч, балгас болон үүдээ барьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулах тухай яриа гурван он дамнаж, салбарынхан нь энэ тухай төсөв хүрэлцэхгүй гэх тайлбар өгдөг.

Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт Түлэнхийн төвийг барих төсвийг суулгасан байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал “2015 онд шинэ объект төлөвлөлтөд цөөн орсон. Засгийн газраас шинэ объектыг оруулах боломжгүй. Хуучин эхлүүлсэн барилгуудаа дуусгах шаардлагатай. Шинэ хөрөнгө оруулалтыг төсвийн ачаалал даахгүй байгаа. Харин Түлэнхийн төвийг 2015 оноос эхлэн барина” гэж хэлсэн билээ.

 

-АРМАТУРЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО-

Манай улсын арматурын жилийн хэрэглээ 210 мянган тонн байдгаас 30 гаруй хувь буюу 70 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэдэг. 140-150 мянган тонныг нь гаднаас импортолдог бөгөөд барилга бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн өнөө үед арматурын хэрэгцээ 200-300 мянгад хүрнэ гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ.

 Иймд “Бэрэн групп” компани 100 мянган тонн арматур болон ган, төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал  бүхий үйлдвэрийг Эрдэнэт хотод барьж байна. Үйлдвэр 2015 онд ашиглалтад орно.

 

-НҮҮРСНИЙ ХИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО-

“Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний хий боловсруулах туршилтын үйлдвэр барихаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргад өндөр чанартай хий хуримтлагдсан байгааг тогтоожээ. 

Уг боловсруулах туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-д угсарч байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.

 

- МАНАЙ УЛСАД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН-

2015 он спортын салбарынхны хувьд завгүй жил байх бололтой. Эх орондоо олон улсын хэмжээний 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.

Монгол Улсад 2015 онд Олон Улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн

3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн

4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн

7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн

9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн

10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн

11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн

12. “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт

13. Монгол туургатан бөхийн барилдаан

14. Олон улсын Ахмадын спортын наадам

Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталжээ.   

Ц.Эрдэнэ

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх