Хүүхдүүдийнхээ мөнгийг л үлдээе

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29 ・ 1

“Тэсье, тэвчье, хэмнэе” гэдэг үгийг 2015 оны уриа  болгон ажиллахаа Ерөнхий  сайд  Ч.Сайханбилэг  өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь сэдэв болж  байна. Хэмнэх  мөнгөний тоонд 0-18 насны хүүхдүүдэд  сар  бүр өгч буй 20 мянган төгрөг хүртэл орчихсон яваа. Иргэд элдэв янзын тэтгэмжүүдийг тэглэж зах зээлээ цэвэрлэх нь зөв гэж  байгаа боловч хүүхдийн мөнгөний тухайд  өөр бодолтой байна. Хэдийгээр өрхийн орлого  нь нэг сая төгрөгөөс давсан гэр бүлд энэ мөнгийг олгохгүй гэж байгаа ч мөнгөний ханш унасан энэ үед ийм хэмжээний мөнгөөр  гачигдахгүй амьдрахад бас л  хүнд байгаа  билээ. Өнөө маргаашдаа сар бүрийн  20 мянган төгрөгөөр  гарчигдаагүй ч энэ мөнгөө  хуримтлуулж хүүхдийнхээ  ирээдүйд хадгалж  буй  гэр бүл маш олон. Төрсөн цагаас нь эхлэн 18 нас  хүртэл нь банкинд хадгалуулахад сар бүр олгосон  20 мянган төгрөг 20 сая төгрөг болж өсөх юм билээ. Тэгэхээр  банкинд хадгаламж  нээлгэж  чаддаггүй  одоогийнхоо  амьдралыг авч яваа олон гэр бүлд хүүхдийн мөнгө чухал тэтгэмж цаашилбал хөрөнгө оруулалт болж буй юм.

Тиймээс хүүхдийн  мөнгөө  л битгий хасаарай  Ерөнхий сайд аа, бусад  нь бол  дүүрч. 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгөхөд жилд 150 орчим тэрбум  төгрөг болдог юм байна. “Энэ мөнгийг хэмнэх аргыг хангалттай заагаад өгье. Бидэнд  хандаач” гэдэг үгийг эдийн засагчид  Ч.Сайханбилэгт хаяглан телевизээр ярьж байна лээ. Бид  өөр бусад олон зүйлээс мөнгө харамлаж болно. Гэхдээ  хүүхдүүдээсээ, улс орныхоо ирээдүйгээс  харамлаж болохгүй.  Хүүхдийн мөнгийг л  энэ чигт нь  орхичих Ерөнхий  сайд аа, бусад  халамжаа  өөрөө  мэд хэмээн олон эцэг, эх гуйж байна.

Ө.БАТХҮҮ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: