Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 05 сар 04
Банкны салбарын хөгжлийн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадралтай ярилцлаа.
- Монгол Улсын эдийн засаг цар тахал гэх хүндхэн сорилттой нүүр тулаад хоёр жилийн нүүрийг үзлээ. Энэ үеийг амжилттай давж гарахад эдийн засгийн гол тулгын чулуу болох банк, санхүүгийн салбарын үүрэг оролцоо хэр байгаа вэ?
Эдийн засгийн хүндрэлийг давахад банк, санхүүгийн салбар хамгийн чухал оролцоотой. Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбар дангаараа бүрдүүлдэг учраас ирэх жилүүдэд ч ачааны хүндийг энэ салбар үүрч гарах нь гарцаагүй. Эдийн засгийг тогтворжуулах, солонгоруулах буюу аль нэг салбараас хамаарах хамаарлыг бууруулах үйл явцад мөнгөний бодлого нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад, эдийн засгийн мөчлөгийг амжилттай даван туулахад банкны салбар мөнгөний нийлүүлэлтээр дэмжин ажиллаж байна. Нэгэнт бизнесүүдийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдаж байгаа тохиолдолд иргэд ажил орлоготой байж, Засгийн газраас бизнес болон иргэдийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн бодлогуудаа хэрэгжүүлэх боломжтой болно.
- Тэгвэл Голомт банкны зүгээс ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?
Бид 27 жилийн турш банкны салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна. Уламжлалт банкны үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Хамгийн гол нь харилцагчдынхаа үйл ажиллагааг тасалдал, доголдолгүйгээр хэвийн үргэлжлүүлэх нь бидний зорилго. Иймд нэн түрүүнд хүний оролцоотойгоор хийгддэг байсан ажил үүргүүдийг автоматжуулах чиглэлд бид анхааран ажилласнаар харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлж өглөө. Мөн өнгөрсөн хугацаанд технологийн талбарт онцгой ач холбогдол өгч, хөрөнгө оруулж байсан нь дижитал шилжилтийг богино хугацаанд амжилттай хийх нэг үндэс болсон. Хоёрдугаарт, бид энэ нөхцөл байдалд дасан зохицоход ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Цаашид ямарваа нэг эрсдэл, болзошгүй хүчин зүйлс тохиолдоход бид цочирдолгүйгээр хамтдаа даван гарах дэд бүтцийг бий болгож чадсан.
“Голомт банк харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэн тэлэх, тулгараад буй бэрхшээлийг амжилттай даван туулахад нь хамтрагч нь байх ёстой гэдэгт итгэдэг. Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу бид “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж байна.”
- Голомт банк өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд ямар стратеги бодлого баримтлан ажилладаг вэ?
Мэдээж хэрэг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд бид хамтарч, хамтын ажиллагааны давуу талыг бий болгож, улмаар харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэн тэлэх, тулгараад буй бэрхшээлийг амжилттай даван туулахад нь хамтрагч нь байх ёстой гэдэгт итгэдэг. Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу бид “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж байна.
Нээлттэй банк гэдэг нь хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулан хамтдаа хөгжихийг илэрхийлэх бөгөөд энэ нь Голомт банкны ирээдүйн гол чиг шугам байх болно. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан Монгол Улсыг аль нэг салбар дангаар бүтээх боломжгүй бөгөөд бизнесүүд, салбар хоорондын нээлттэй хамтын ажиллагаа, хүчин чармайлт бидний энэ мөрөөдлийг бодит болгоно.
- Ингэж нээлттэй хамтран ажиллах боломжийг та бүхэнд юу олгож байна вэ?
Нээлттэй банк гэх ойлголтыг технологийн шийдэл олгож байна. Тухайлбал, бид 2013 онд мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” буюу банкны үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлаа эхлүүлсэн нь хүн хүч, хөрөнгө оруулалтын хувьд нүсэр том төсөл байсан юм. Тухайн үед энэхүү системд Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй, харилцагчдын зан төлөвт тохиромжгүй функц, үйлчилгээнүүд олон байсан хэдий ч бид ирээдүйд болох технологийн хувьсал өөрчлөлтүүдэд бэлэн байхын тулд зориг шулуудан нэвтрүүлж байлаа. Энэ мэтчилэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, дэвшилтэт шинэлэг технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь манай банкны уугуул соёлын нэг юм. Хамгийн чухал нь технологийн дэвшил харилцагчдад давуу тал авчирдаг байх ёстой буюу Голомт банк харилцагчидтайгаа нягт холбоотой хамтран ажиллаж, тэдний асуудлыг өөрийн мэт хүлээн авч, гарц шийдэл олохыг зорин ажилладаг. Ийм ч учраас бид “Харилцагч төвтэй банк” гэж өөрсдийгөө тодотгодог, энэ нь зүгээр нэг үг биш манай байгууллагын нийт ажилтан, албан хаагчдаас эхлээд удирдлага, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд хадагдсан стратеги юм.
- Голомт банк өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж ирсэн бэ?
Монгол Улсын сүүлийн 30 жилийн өөрчлөлтийг бид бүгд нүдээр харж, биеэр туулж явна. Асуудал бэрхшээлүүд их байсан, одоо ч байгаа. Гэхдээ бид ухраагүй, урагш тэмүүлсээр байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг дөрөв дахин томорсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн гол ажлуудыг арилжааны банкнууд хийсэн гэж би боддог юм. Ялангуяа корпорэйт суурьтай, байгууллагын зах зээлд төвлөрөн ажиллаж байсан банкнууд нэн чухал үүргийг гүйцэтгэсэн.
Улс эх орны хөгжилд Голомт банкны оруулсан хувь нэмэр гэвэл би өнгөрсөн 27 жилийн хөгжлийг ярих ёстой гэж хэлнэ. Бид энэ төслийг хэрэгжүүлсэн, тэдэн мянган км зам тавихад оролцсон, тэр бүтээн байгуулалтад зээл олгосон гээд дурдвал дуусахгүй учраас би ганцхан жишээг онцолъё. Голомт банк одоогоос арван жилийн өмнө Эрдэнэс Таван Толгой компанид анхны санхүүжилтийг нь өгч байлаа. Үр дүнд нь тус компани анхны экспортоо хийсэн бөгөөд маш өндөр дүнтэй, улс төрөөс хамааралтай, эрсдэл ихтэй төсөл байсан юм. Мөн сонгууль ч дөхчихсөн байсан санагдаж байна. Тухайн үед бид нэгэнт Монгол Улсын голлох банк юм бол улс орны хөгжлийг шийдэж болохуйц энэ том төсөлд хамтрах ёстой гэж шийдээд ханцуй шамлан орж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ төсөл нэг их наяд төгрөгийн борлуулалттай, манай эдийн засгийн гол хөдөлгүүр болсон том компани болсныг хараад бахархах сэтгэл төрдөг дөө.
“Өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан Монгол Улсыг аль нэг салбар дангаар бүтээх боломжгүй бөгөөд бизнесүүд, салбар хоорондын нээлттэй хамтын ажиллагаа, хүчин чармайлт бидний энэ мөрөөдлийг бодит болгоно.”
- Та Голомт банкны Байгууллагын банкны газрыг олон жил удирдсан туршлагатай. Тэгвэл Байгууллагын банк хамтран ажилладаг бизнесүүддээ ямар давуу тал, боломжуудыг олгодог вэ?
-Манай банк 2007 онд гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран бүтцийн өөрчлөлт хийж, Байгууллагын банкны газрыг анх байгуулж байсан. Тухайн үед би картын төвийн менежерээс Байгууллагын банкны газарт туслах ажилтнаар шилжин ирж байлаа. Тэр үеийн удирдлага бидэнд нэг л зүйлийг ойлгуулсан юм. Байгууллагын банканд Монгол Улсын эдийн засгийн амин чухал төслүүдийг санхүүжүүлэх шилдэг менежерүүд ажиллах болно. Эдгээр менежерүүд Голомт банкнаас цалинждаг банкны ажилтан боловч нөгөөтэйгүүр тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах төслийн мэргэжилтэн байх болно. Энэ итгэл үнэмшил өнөөдөр ч оршсоор байгаа. Бид зөвхөн зээл олгоод зогсох биш хамтран ажиллаж, зааж зөвлөж, тухайн төслийг амжилтад хүртэл эрсдэлийг хамтдаа үүрэлцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл амжилтад хүрээгүй бол төслийг хариуцан ажиллаж байгаа менежер болон бид бүгдийн буруу гэж үздэг.
- Голомт банканд ажилласан 20 орчим жилийн хугацаанд банкаараа хамгийн их бахархсан дурсамжтай мөчөөсөө хуваалцвал?
Би банкаараа өдөр бүр бахархдаг. Хүн бусдад аз жаргал бэлэглэсэн мөчөөрөө их бахархдаг шүү дээ. Голомт банк өнгөрсөн хугацаанд нийт 133 мянга гаруй айл өрхийг гал голомтоо бадраан орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, орон сууцны зээлийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Мөн миний анхны зээлийг нь олгож байсан компани өнөөдөр Монгол Улсын худалдааны салбарт тэргүүлэгч компани болон өргөжин тэлснийг харахад маш сайхан байдаг. Ийм жишээ дурдвал маш олон болохоор би өдөр бүр банкаараа, ажлаараа маш их бахархдаг даа.
- Удахгүй системийн топ 5 банк хувьцаагаа нээлттэй арилжиж, олон нийтийн компани болно. Энэ өөрчлөлт Голомт банканд ямар нөлөө үзүүлэх бол?
Банкны тухай хуульд системийн голлох 5 банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ёстой гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсныг бид дэмжин таатай хүлээж авсан. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл хөгжихөд сайн бүтээгдэхүүнүүд ихээр хэрэгтэй. Тэгэхээр банкнууд хөрөнгийн зах зээл дээр гарвал жинхэнэ төгс бүтээгдэхүүн болж, иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл ч нэмэгдэнэ.
Мөн банкны салбарт дөрвөн том давуу тал бий. Нэгдүгээрт, банк хатуу хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн шилдэг засаглалтай салбар. Хоёрдугаарт, ирээдүйн луужин гэж хэлж болох технологийн хөгжлөөр тэргүүлдэг салбар. Гуравдугаарт, санхүүгийн хувьд илт тод, нээлттэй буюу өдөр бүр тайлангаа гаргаж, олон улсын компаниудаар аудит хийлгэдэг салбар банкнаас өөр байхгүй. Дөрөвдүгээрт, өнгөрсөн хугацаанд хамгийн шилдэг хүний нөөцийг бүрдүүлж чадсан салбар бол банкны салбар. Дээрх дөрвөн чухал шинжийг цогцлоосон өөр салбар одоогоор байхгүй.
- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: Өдрийн сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.