Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 09 сар 21
Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Жэймс Хоулдэр тэргүүтэй уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, шинэ техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн Британичууд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа дэлхийн зэсийн томоохон үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Тэд өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр зэрэг үндсэн үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, технологиудыг танилцуулж, үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай санал солилцлоо. Мөн Өмнөд Америкийн зэсийн үйлдвэрүүдэд тоосжилт дарах технологи нэвтрүүлсэн туршлагатай RFS компанийн төлөөлөгчид Баяжуулах үйлдвэрийн бутлуураас гарч буй тоосжилтыг 95 хувь хүртэл бууруулах боломжтой хөөсөн технологио танилцуулав. Тэрхүү технологи нь усны хэрэглээг багасгаж, эдийн засгийн үр ашиг авчрах давуу талтайг онцолсон.
Их Британи болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан Британийн Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү уулзалт боллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.