Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 09 сар 22
"Уул уурхайн долоо хоног-2022" арга хэмжээ үргэлжилж байна.
Өчигдөр болсон Аж үйлдвэржилт салбар хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр "Уул уурхайн салбар дэлхийн чиг хандлагыг тодорхойлж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамгийн өндөр хамааралтай гэдгийг Дэлхийн Банк тогтоосон буюу эрдэс баялгийн нөөцөөр ОХУ болон Казахстан улстай зэрэгцэн явдаг. Энэ нөхцөл байдалд хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц зарчмыг УУХҮЯ-аас баримтлан ажилласан" гэдгийг дурдав.
"Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдэвт илтгэлийн онцлох мэдээллийг танилцуулж байна.
Өнгөрсөн оны гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого 13.4 их наяд төгрөг байна. Үүний 28.9 хувь буюу 4.1 их наяд төгрөг нь уул уурхайн салбараас орж иржээ. Уул уурхайн салбар дундаа "Эрдэнэ үйлдвэр" ТӨҮГ 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна.
Монгол Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн байгаагийн 10.7 сая тонн нь "Эрдэнэт үйлдвэр"-т харьяалагдаж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь анх 1972 онд 521 сая тонн нөөц батлуулж байсан. Тухайн үед 32 жил үйл ажиллагаа явуулах боломжтой талаар тооцоолж байжээ. Үүнээс хойш тогтмол геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлж байна. Улмаар 2016 онд хүдрийн 2.04 тэрбум тонн нөөцийг баталж, 2056 он хүртэл ашиглах боломж бүрджээ.
Өнгөрсөн онд 3 тэрбум хүдрийн нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. 2081 он хүртэл буюу дахин 60 жил үйл ажиллагаа явуулах боломжтой ба энэхүү нөөцийн баталгаажуулалтыг 2020 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JORC стандартаар батлуулсан байна.
"ГАЗРЫН ХЭВЛИЙГЭЭС ГАРГАЖ ИРСЭН ЭРДЭС БАЯЛАГТАА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХ НЬ ЧУХАЛ"
Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ "Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн салбарт үргэлж өсөн нэмэгдүүлэх шаардлагатай зүйл бол нөөц. Үндсэндээ эрдэс баялгийн нөөц, хүний нөөц хоёр дээр тогтдог. Эрдэс баялгийн нөөцийг тогтмол өсгөж, нэмэгдүүлэх нь аливаа уул уурхайн үйлдвэрийн эрхэм зорилго юм. Тэр дундаа үйлдвэр маань Эрдэнэт хотыг авч явж байна. Өөрөөр хэлбэл, хот дагуулсан үйлдвэрүүд нь нийгэм, эдийн засгийн асар чухал ач холбогдолтой" хэмээв.
Эрдэнэт үйлдвэрийн стратегийн ач холбогдол бүхий талбай:
- Хужир
- Могой
- Цагаанчулуут
- Шанд талбайн нөөц нэмэгдэх боломжтой бөгөөд эдгээр талбайд тогтмол, тасралтгүй хайгуулын ажиллагааг явуулж байгаа аж.
Монгол Улс эрдэс баялгаас 90 орчим хувийн хамааралтай байгааг дараах зураг харуулж байна.
"Бид эрдэс баялгаасаа хэдий хэмжээний өртөг шингээж чадаж байна вэ гэдгийг босоо шугам үзүүлж байгаа юм. Босоо шугамаас харахад, манай улс нь эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага.
Тухайлбал, Канад, Өмнөд Африк, Хятад зэрэг улс орнууд нь газрын хэвлийгээс гаргаж ирж буй байгалийн баялгаа маш сайн боловсруулж, нэмүү өртөг шингээж чаддаг. Харин манайх энэ үзүүлэлтээр маш тааруу. Бид газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь чухал. Тиймээс ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс нь олборлолтоос боловсруулалтад шилжинэ гэж тодорхой заасан байдаг" гэдгийг Г.Ёндон илтгэлийн үеэр хэлсэн юм.
Мөн тэрбээр "Улс орнууд зэсийн салбарт маш ихээр хөрөнгө оруулалт хийж байна. Жишээлбэл, Канад улс энэ оны дөрөвдүгээр сард төсвийн өртөг дээрээ 3.8 тэрбум канад доллар буюу гурван тэрбум орчим америк долларыг чухал ашигт малтмал болох критик минералд хайгуул, олборлолт, боловсруулалтад зориулахаар болсон байна. Дэлхийн 34 орчим улсыг хамруулсан критик минералын жагсаалт бий. Энэхүү чухал ашигт малтмалд зэс ордог.
Зэс бол эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал.
2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ жагсаалтын эхний долдугаарт манай улс орсон. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Ингэснээр Монгол Улс зэсийн салбарт тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа" гэдгийг онцлов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.