Зура2: Цурам ажиллагааг үзэх таван шалтгаан

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 23 ・ 2

Фантастик продакшны шинэ уран бүтээл болох Зура2 Цурам ажиллагаа нээлтээ хийгээд ердөө арваад хонож буй. Тус кино Фантастик продакшны 14 дэх дэлгэцийн бүтээл бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа урлаг судлаач, кино шүүмжлэгчдийн нүдэнд өртөөд эхлэв. Үүний зэрэгцээ үзэгчдийн сонирхолыг тун ихээр татаж буй. Иймд уншигч та бүхэнд "Зура2 Цурам ажиллагаа"-ны тухай сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.  


-Шинэ адал явдал-

"Зура2-Цурам ажиллагаа" кино "Зура-1" киноны үргэлжлэл биш гэдгийг уншигч та бүхэн аль хэдийн мэдсэн гэдэгт итгэлтэй байна. "Зура-2" кинонд цоо шинэ адал явдал өрнөх бөгөөд өгүүлж буй санаа нь тун өвөрмөц. Найруулагч, зохиолч бүр барьж авахгүй сэдвийг ойлгомжтой байдлаар үзэгчдэд харуулахыг зорьжээ. Фантастик продакшн киноны өгүүлэмж, сэдвээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг билээ. Тэгвэл тэд шинэ уран бүтээлдээ үндэсний аюулгүй байдал, улс төр, эх орны тухай шинэ шинэлэг өнцгийг тусгажээ. Кино гэхэд бодит амьдрал шиг. Яг л бидний амьдрал, өнөөгийн нийгэмд болж буй, болсоор ч байх үйл явдлууд өрнөх нь тэр. Дүрүүдийн амнаас гарч буй үгс ганц хоёрхон үгэнд, ганцхан өгүүлбэрт киноны утга санаа агуулагдаж байв. Тэгвэл "Зура-2" киноны шинэ адал явдал уншигч таны төсөөлөлтэй хэр нийцэх бол?

-Сонирхол татахуйц дүр сонголт-

Дүр сонголтын тухайд шинэхэн гавьяат Ш.Доржсүрэн, СТА С.Ариунбямба, Г.Баярхүү, Х.Отгонтунгалаг нарыг урьж тоглуулжээ. Мөн Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, СТА Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ц.Номин нар тоглосон. Зөвхөн Монголын уран бүтээлчид гэлтгүй Сингапур, Малайз, Хонг Конг, Казакстан зэрэг гадаадын туршлагатай уран бүтээлчдийн урьж тоглуулсан юм.

Дүр бүтээх, дүрд тоглох хоёр ялгаатай хэмээн кино уран бүтээлчид ярьдаг. Тэгвэл уг киноны дүрүүд өөр өөрсдийн дүрээ амилуулж, хүлээсэн үүргээ ягшитал биелүүлжээ. Тийм ээ, тэд зүгээр нэг кинонд тоглоод өнгөрсөнгүй. Тэд дүрээ бүтээж, тухайн дүрээрээ үзэгчдэд маш олон дуут дохиог үлдээж чаджээ.

Ялангуяа киноны эсрэг дүрүүдийг өндөр түвшинд бүтээсэн жүжигчид болох С.Болд-Эрдэнэ, Б.Барслхагва, Малайзын жүжигчин Steve Yap нар бүх дүрүүд дотроос оргил нь байв. Мөн үүний зэрэгцээ эерэг талын дүр болох С.Ариунбямба, Ж.Алтаншагай нар өөрсдийн үүргийг өндөр гүйцэтгэлтэйгээр харуулж чаджээ.

Яг энд киноны цөөн хэдэн эмэгтэй дүрийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тухайлбал, Фантастик продакшны залуу жүжигчин Ц.Номин Саруулын дүрийг бүтээжээ. Тэрбээр ТЕГ-ын алба хаагчдын ганц шигтгээ нь байв.  Яг энэ кинонд энэ дүр, энэ дүрд энэ жүжигчин байх ёстой мэт зохицол. Үзэгдэл бүрд гараад байхгүй ч гарах бүртээ үзэгчдийг дэлгэцийн нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү буюу өөр рүүгээ татахуйц...

1 хүн нарын зураг байж магад

-Сүүлийн үеийн техник технологи-

Фантастик продакшны шинэхэн уран бүтээлийн зураг авалтын тухай бичихийн өмнө тоног төхөөрөмжийг дурдах нь зүйтэй юм. Тэд шинэ шинэлэг бүхнийг эрэлхийлдэг хүмүүс. Тиймдээ ч шинэ уран бүтээл бүртээ шинэлэг зүйлсийг агуулуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг ч мөн орхигдуулсангүй. Кино уран бүтээлч, зураглаачид амьд мэдэржийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьдог. Тийм ч учраас "Цурам ажиллагаа" уран сайхны киноны зураг авалтыг ARRI камераар хийжээ.

ARRI камер нь Герман улсын үйлдвэрлэгч ARRI группийн үйлдвэрлэсэн кино зураг авалтад ашигладаг камер юм. Уг камераар Hugo, Life of Pi, Gravity, Birdman, The Revenant, 1917 зэрэг шилдэг кино уран бүтээлүүдэд ашигладаг. Тухайлбал, дээр дурдсан кинонууд бүгд шилдэг зураглаачийн төрөлд Оскарын шагнал хүртсэн юм.  Үүнд ARRI камер чухал нөлөө үзүүлсэн.

Иймд Фантастик продакшны өмнөх уран бүтээлүүд төдийгүй Монголын кино урлагт урд өмнө үзэгдэж байгаагүй камерын өнцөг шийдлүүд, уран зураг шиг байгалийн үзэгдлүүд зэрэг нь нүд баясгам тансаг.

Киноны зураг авалтыг Монгол, БНХСУ, Тайланд улсад хийсэн бөгөөд ерөнхий зураглаачаар Г.Гүеэнбаатар ажиллажээ. Тэрбээр Маш нууц, Байтаг богд, 37-р Точко, Зура 1 киноны ерөнхий зураглаачаар ажилласан юм.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

-Монголын кино урлагт нэг шат ахиулсан зураг авалт-

Нүд баясгам, шар үс босгом, уулга алдуулам, суудлаасаа өндөлзүүлэм үзэгдэл зураглалууд киноны турш үргэлжилнэ гэдгийг уншигч танд юуны өмнө хэлье. Тэр бүх үзэгдэл дундаас тулааны хэсэг үзэгчид, кино шүүмжлэгчдийн хүлээлтийг хэдэн төө давав.

Зарим тулаантай киног харцаа буруулан байж үзсэн тохиолдол цөөнгүй бий. Харин Фантастик продакшны хамт олон үзэгчдийн нүдийг өвтгөхгүйгүйгээр тулааны хэсгүүдийг чадварлаг харуулжээ. Хуруулах харуулахдаа бодит байдалд ойртож, амьд мэдрэмжийг үзэгч танд мэдрүүлэхээр зэхжээ.

Тулааны хэсгүүдийг Мулан, Шангчи зэрэг холливиудын кинонд ажилласан “Mongol stunt” баг гүйцэтгэсэн бол гал буудалцаан, тэсэлгээний хэсгийг Казакстаны “Nomad stunts” гүйцэтгэжээ. “Nomad stunts”  нь Мулан, Марко Поло, Тобол зэрэг уран бүтээлүүдэд ажилласан юм.

Мөн жүжигчдийн зэвсэгтэйгээ харьцаж буй байдал нь жинхэнэ тусгай хүчний алба хаагчид гэлтэй.

-Чадварлаг найруулагчийн бүтээл-

Кино зохиолчид, найруулагчид хувь хүнийхээ хувьд хэн болох, сэтгэлзүйн хувьд ямар зөрчил, эмзэглэлийг агуулж явдаг хүн юм гэдгээс тухайн найруулагчийн бүтээлүүд төрдөг мэт. Тэгвэл найруулагч Б.Тамирын хувьд эх орон, хайр, эр зориг, итгэл үнэмшил, шударга ёс түүнд хамгийн ойр, яах аргагүй түүнийг хөглөж чаддаг сэдэв бололтой.

Мөн дүр хувиарлалт, жүжигчдийн сонголтыг найруулагч Б.Тамир оновчтой сонгожээ. Тэрбээр “найруулагч хүн уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд хүргэж чаддаг нь хамгийн сайхан. Уран бүтээл нь сайн болж, хүнд хүрч чадвал нийгмийг ч тодорхой хэмжээгээр өөрчлөх боломжтой” гэж үздэг. Тиймдээ ч илэрхийлж буй санаагаа нягт нямбаа дүрслэл, өгүүлэмжээр илэрхийлдэг хүн.

Тэрбээр хамгийн анх “Амингоо” богино хэмжээний киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Үүнээс хойш “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Зүрхний хилэн”, “37-р Точка”, “Зура” зэрэг УСК-нуудын ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд “Шилдэг найруулагч”-ийн шагнал хэд хэдэн удаа хүртсэн билээ.

Дашрамд, Киноны төгсгөл үзэгч бүрт "Зура-3" гарна гэх сэдлийг өгөв. Марвелийн киноны төгсгөлийг хүлээн байж үздэг бид Монгол киноны төгсгөлийн догдлол дүүрэн хүлээдэггүй. Энэ ч утгаараа төгсгөлийг нь үзээгүй гарсан үзэгч энэ хэд хоногт цөөн байсангүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний цувралуудтай дүйцэхүйц уялдаа холбоо байв. Энэ нь үзэгчдэд дараагийн ангийг тэсэн ядан хүлээх, төсөөлөх боломжийг олгов.

Д.Батчулуун

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: