Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 07
“Магтсан хүүхэн хуримандаа унгав” гэгчээр элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч, өрийн босгоо нэмэхгүйгээр улс орноо хямралаас аврах талаар амлалт өгч байсан улстөрчид өнөөдөр ам руугаа алгадуулчихлаа. Долларын дотогшлох урсгалын амсар нь хаагдаж, Оюутолгойн сураг алдарчихаад байхад л улстөрчид өнөөх популизмаа хийсээр.
Өрөө нэмж, гаднаас доллар олж ирнэ гэвэл Засгийн газраас гарна хэмээн шантааж хийсээр сууна. Аргаа барахдаа ард түмнийхээ халаасыг сэгсрэх шийдвэр гаргасан ч ам.доллар улам галзуурсаар, ард түмний амьдрал улам л доройтсоор. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш арилжааны банкуудад 1909 төгрөгт хүрлээ. МАН, АН хоёр нэгдэх сургаар ам.долларын үнэ буурчихлаа. МАН ёстой мундаг, АН ч зөв шийдвэр гаргалаа гэж мянга сурталчлаад ноён доллар номхрохгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Тэгэхээр намууд нэгдэхээр буурчихдаг юм гэсэн “гэнэн” тайлбар хийж суухаар ам.долларын эрэлд гарах цаг нь болжээ, улстөрчдөө.
Мэдээж энэ ажлыг Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайдууд нь хийх учиртай. Монголын том том уул уурхайг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг зад “найраад” доллар олоод ирэх Монгол Улсын сайд гэх албан тушаалыг ид шидийг одоо л үзэх хэрэгтэй байна. Эдийн засгийг аврахаар эрх баригчидтай нэгдсэн Ардын намын арван мэхийг одоо л үзье.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахын хэрээр ам.долларын нөөц улам бүр багассаар байна. Аж ахуйн нэгжүүдийг элдвийн татвараар шантаажилж, хаалга үүдийг нь бариулж байх зуур доллар дураараа дургиж байгаа нь харамсалтай. Монголбанк хэдийгээр бодлогын хүүгээ нэмэх зэргээр өөрт оногдсон үүргээ биелүүлж байгаа ч доллар олж ирэх субьект нь улс төр хийгээд суучихаар аргаа барах нь тодорхой юм.
Монголбанкны валютын нөөц одоогоор ямар хэмжээнд байгаа талаар тус банкны ВЭЗГ-ын СЗЗХ-ийн захирал Ж.Батаагаас тодруулахад “Монголбанк гадаад валютын нөөцийг нэг сарын хоцрогдолтой өөрийн веб хуудас дээр байнга мэдээлж байдаг. Гадаад валютын нөөц 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлээр 1.352.1 сая ам доллар байсан. Гадаад валютын нөөц 2014 оны эцэст 1.650 сая ам доллар болж нэмэгдсэн байгаа.
Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн арванэгдүгээр сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байна. Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа. Гэхдээ валютын захад огцом хэлбэлзэл гарсан үед Монголбанк байнга оролцож ирсэн бодлого хэвээрээ хадгалагдана” гэсэн хариулт өгсөн юм. Сэхээнд оруулчихалгүй өндийлгөж байгаа дээр нь улстөрчид маань ажлаа хийж валютын нөөцөө нэмэгдүүлэх ямар л арга байна түүнийг ашиглая.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.