Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 01 сар 08
・ 2
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Адъяа нарыг хүлээн авч уулзан, 2015 оны төсвийн тодотголын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төсвийн тодотгол нь хямралаас ард иргэдийн амьдрал ахуйг яаж хамгаалах вэ гэсэн хүлээлтэд нааштай хариулт өгч чадахгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. Эдийн засаг хямарсан үед иргэдийн бодит орлогыг танах, нийгмийн хамгааллын хүрсэн төвшнөөс ухрах байдлаар төсөвт тодотгол хийх гэж байгааг эсэргүүцэж аймаг, нийслэлийн олон иргэд санал хүсэлтээ тус байгууллагад уламжилж байгаа аж. Тиймээс хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг урагшлуулахын тулд ард иргэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн тавьж буй санал хүсэлттэй уялдуулан төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатайг онцолсон. Ялангуяа төсвийн тодотголыг Засгийн газар буцаан татаж, долоо хоногийн хугацаанд тооцоо судалгаагаа сайтар нягтлаад дахин оруулж ирэх ёстой гэсэн санааг ч МҮЭХ-ны удирдлагууд гаргав. Үүний тулд ард иргэдийнхээ халаасыг тэмтрэх бус төр өөрөө бүсээ илүү чангалах, захиргааны зардлаа дахин бууруулах, орлогын шинэ эх үүсвэрүүдийг дайчлах боломжтойг онцлон тэмдэглэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлэг эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөж байгаа бага, дунд орлоготой иргэдийн цалин, тэтгэврийг өнгөрсөн жилийн инфляцийг нөхөх түвшинд нэмэгдүүлэх, хэт данхайсан төрийн захиргааны албан хаагчдын орон тоог 2012 оны төвшинд аваачих, төрийн захиргааны зардлыг бууруулах чиглэлийг өмнө нь ч баримталж байсныг онцлоод энэ асуудлаар МҮЭХ-той байр суурь нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Алдарт эхийн одонтой эхчүүдийн 90 хувь нь тэтгэврийн насны хүмүүс тул одонгийн мөнгө, жирэмсэн, нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж гэх мэт зайлшгүй дэмжлэгийг үргэлжлүүлэн олгоё гэсэн байр суурьтай байгаа. Хямралын үед зөвхөн хасч танах биш, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг хадгалах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж бүрдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч төсөвтөө тусгах ёстой. Зөвхөн өрийн босгыг нэмэх, иргэдийн орлого, хөрөнгө оруулалтын зардлыг автоматаар танах, шинээр татвар бий болгоход Засгийн газар бодлогоо чиглүүлж болохгүй. Харин хямралыг даван туулах тодорхой гарц гаргалгааг тусгасан бодлого, төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг Засгийн газраас шаардаж ажиллахаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.