Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 08
・ 5
Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг батлуулах гэж нүдэн балай, чихэн дүлий аашилж байна. Эхчүүдийн мөнгийг танаж, хүүхдүүдийн мөнгийг “хэмлэж”, иргэдээсээ авдаг “татвар”-ыг нэмж, хойд эх шиг аашилсаар.
Тэгсэн атлаа өөрсдийнхөө гар утасны төлбөр, унадаг машиныхаа шатахууныг татвар төлөгчдийн нөгөө ядарсан иргэдээсээ авч “ярвайдаг” шүү дээ. Засгийн газарт дарамтлахгүй зүйл үлдэхгүй нь. Эрдэмтдээ, багш, эмч нараа, төрийн албан хаагчдаа, ээжүүдийг, оюутнуудыг, тэтгэвэрт гарах , гарсан ахмадууд, оюутнууд, хүүхдүүдийг бүр төрөөгүй нялх үрсээ хүртэл өрөнд оруулчихсан. Төрийн түшээд, сайд, дарга нар л сэтгэл хангалуун, аз жаргалтай байх шиг. Элдэв дарамтгүй, мөнгөөр дутагдаж, гачигдахын зовлонгүй. Авна, булаана, торгоно, шийтгэнэ гэхээр эхнээсээ залхаад буулт хийж байна. МОХ-ны төлөөлөл өчигдөр оюутнууд 70,000 төгрөгийн тэтгэлгээсээ татгалзаж, эхчүүдийн мөнгийг битгий хасаач гэсэн буулт хийлээ. Арга ядсандаа ингэсэн болов уу. 2012 оноос бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг гэж жилд дунджаар 100 гаруй тэрбум, сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон гэсэн үг. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон. Харин оюутнуудын төлөөлөл сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулсан. Хэдийгээр 180 мянга гаруй оюутны санал биш ч тэдний төлөөлөл гэж ойлгосон. Ер нь, улстөрчид л өөрсдөө мөнгө өгье гэдэг зуршилтай. Оюутнуудын саналыг авахын тулд нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг болгосон. Түүнийг хэн нэгэн дураар өөрчилж болохгүй 4-5 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж хэвийн болгох юм билээ. Түүнчлэн оюутнуудыг 70000 төгрөгийн тэтгэлэг авна гээгүй байхад улстөрийн намууд сонгуульд санал авахын тулд өөрсдөө “өгнө” гэж амласан.
Эцэстээ улс орныхоо эдийн засгийг “самарч” хаячхаад Засгийн газрын тэргүүн нь ард түмнээ үнэт эдлэлээ өгч, эдийн засгаа сэргээхэд туслаач гэсэнтэй утга үг хэлээд зогсч байх. Дайн, дажины хөлд үрэгдэж, доройтсон 1930-1940-өөд оны үеийн Солонгос орон биш ээ. 21 дүгээр зууны Монгол Улс шүү дээ. Байгалийн баялгаараа гайхуулдаг атлаа ард түмэн нь туйлдчихсан, төрийн эрх мэдэлтнүүд нь баяжчихсан Монгол орон. Оюутнууд 70.000 төгрөгийн тэтгэлгээс татгалзая гэлээ. Одоо дарга нарын ээлж. ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн хэлснээр ядаж гар утсаар ярьсан төлбөрөө өөрөө төлье гэж хэлэх зориг зүрхтэй дарга байна уу. Ард түмэнд гоё харагдана даа?
www.times.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.