Н.Удаанжаргал зугтсанаас болоод оффтейк гэрээний хэрэг "гацсан" уу?!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 02 сар 13 ・ 2

​​​​​​​

Нүүрсний хулгайн хамгийн том, гол хохирол нь оффтейк гэрээний араас гарч ирнэ. Албаны эх сурвалжууд, хууль хяналтынхан  ингэж үзэж, тайлбарлаж байна.

Тиймээс Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны хуралдаанаараа  "Эрдэнэс Тавантолгой" компанийн есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Хууль хяналтынхан залгуулаад эдгээр гэрээтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм. 2017-2019 онд байгуулсан эдгээр гэрээг тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулжээ. 

Эхнийх нь "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ", мөн түүний нэмэлт өөрчлөлт №1 гэрээ байна.  Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой Төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан.

Гэрээний нийт төлбөр 7.092.199.507.42 ам.доллар аж.  Хоёр дахь нь "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт"  гэж бий.  Уг өөрчлөлтийг 2020 оны зургадугаар сарын 10-нд хийжээ. Ингэхдээ ТЭЗҮ-д заасны дагуу төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд нийт 1.068.577.163 тэрбум ам.доллар гэснийг 213.430.672 ам.доллароор нэмэгдүүлж, 1.282.007.835 ам.доллар болгожээ. 

Гурав дахь нь 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ байна.  Гэрээнд Тавантолгойн ордоос 3,4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг ам нөхцлөөр нэг тонн нь 60 ам.доллар байхаар тусгажээ.

Дөрөв дэх нь мөн л "Эрдэнэс Тавантолгой" ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 27-нд байгуулсан нүүрс худалдах гэрээ байна. Үүгээр "Богдхан төмөр зам”-ын ажлыг санхүүжүүлэхээр заасан байна. 

Тав дахь нь "Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд байгуулсан "Богд хан төмөр зам” төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ юм. 

 

Энэ мэт нууцаас гаргасан гэрээнүүд голдуу "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан байна. Гэтэл  "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Монголд байхгүй учраас хэргийг шалгах ажил "гацаа"-нд орсон байж болзошгүй байна. Учир нь "Тавантолгой төмөр зам" ХХК дээрх гэрээнүүдийн нэг тал бөгөөд Н.Удаанжаргал тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд төлөөлж, гэрээнүүдэд гарын үсэг зурсан байдаг. 

Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард эх орноосоо явсан. Одоо болтол ирээгүй байна. Тиймээс түүнийг "...Зугтсан" гэж үзэхээр байгаа юм. Тэгж ч байна. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоохоос сар шахмын өмнө явсан. Энэ нь дээрх дүгнэлтийг улам баталгаажуулж буй аж.Н.Удаанжаргалын сураг эхлээд Өмнөд Солонгост, дараа нь Сингапурт, сүүлд Америкт дуулдсан.  Тэгвэл Засгийн газар өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг "5Ш" үйл ажиллагаа явуулахаар зарласан нь Н.Удаанжаргал нартай холбоотой бололтой. Тодруулбал, "5Ш" арга хэмжээний "Шувуу", "Шилжүүлэн авах" зэрэг үйл ажиллагааны хүрээнд тэднийг авчрахаар ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр Н.Удаанжаргалыг авчирсан цагт оффтейк гэрээний хэрэг "гацаа"-наас гарч, томоохон улстөрчид, бизнесийн хүрээнийхэнд хариуцлага тооцох асуудал бодитойгоор яригдах юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 0202 / 2023 02 сар 13/

    Хулгай хийсээр байгаа хөдөлмөрийн баатар болчихдог бас болоогүй эх орноосоо зугтсан

    Хариулах
  • Ха / 2023 02 сар 13/

    За даа, хулгайч хулгайчаа барих улгэр л яригдаад дуусна даа. Хулгайч, авилгач тертэй улс хэзээ ч ееделж байгуйн тод жишээ нь хойд херш ОХУ, БНАСАУ болон Оросын авилгач терийг дэмждэг Никарагуа, Венесуал болон Африкийн гуйлгачин улсууд.

    Хариулах