Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр “...Санзайн зуслан” гэж ярьсан нь оффтейк гэрээний оролцогчидтой холбоотой юу?!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 02 сар 14
Нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгаж буй хэргийн хамгийн том нь оффтейк гэрээ болоод байна. Голдуу “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан эдгээр гэрээг Засгийн газар нууцаас гаргачихсан.
 
Энэ гэрээнүүдэд гарын үсэг зурсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад таван сар болж байна. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс мэдээлэв. Одоогоор түүнийг “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэрэгт буруутган шалгаж буй аж.
 
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг хоёр долоо хоногийн өмнө “...Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт оффисын зориулалт бүхий талбай 464.5 м.кв оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байна” гэж мэдээлсэн.
 
Тэр нь мань Н.Удаанжаргал юм байна. Тэрчлэн түүнийг эх оронд нь буцааж авчрах талаар мөрдөх байгууллагууд ажиллаж байгаа аж. Гэвч Н.Удаанжаргал удвал баярлах хүмүүс бас бий. Учир нь тэр ирвэл “эрх ашиг” нь хөндөгдөх нэр бүхий хэд хэдэн хүн байна. Ер нь бол оффтейк гэрээний оролцогчид 2019 оноос хойш задарч байсан талаар олон мэдээ, мэдээлэл яригддаг. Нэг нь мань эр байдаг. 
 
Яг хоёр сарын өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд үг хэлсэн дээ. Тэгэхдээ “...Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэсэн. Сонин л сонсогдсон. Гэхдээ хэн ч “...Яагаад, юу гэх гээд ингээд хэлчихэв” гэж сонирхоогүй. Тэгээд өнгөрсөн. Тэгвэл энэ үг оффтейк гэрээний оролцогчидтой холбоотой бололтой. Үнэхээр ч тухайн үед оффтейк гэрээнийхэн Санзайн зусланд байдаг нэгнийхээ тансаг хауст байн байн зочилдог байсан гэх мэдээлэл яригддаг байв. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр болсон “уулзалт”-ын үеэр нэг нь “...Энэ хотхоноос байр худалдаж авмаар байна. Хэрвээ байр байгаа бол төмөр замын далан барих ажлыг гүйцэтгэж байгаа манай жолооч Н-ээр авахуулна” гэсэн гээд л шуугисан. Тэгсгээд чимээгүй болсон. Оффтейк гэрээнийнхний энэ мэтийн нарийн нандин холбоо сүлбээ олон л дуулддаг юм. 
 
Б.Дамдин-Очир 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх