"Туршлага"-тай сайд...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 04 сар 17

 

"Ширээгээ угаагаад" шар нь тайлагдаж амжаагүй шинэхэн сайд яамныхаа ямбатнуудыг дагуулан өндөр хөгжилтэй орны туршлага судлахаар явлаа. Үнэндээ хариуцсан салбар нь Улаан-Үд, Замын-Үүд хоёроос долоон дор байхад заавал долоон мянган килмийтрийн цаанаас хөгжлийн түлхүүр олж ирнэ гэв. Харин үйлчилгээний хэдэн ажилчдаа, доод шатны мэргэжилтнүүдийн хамт Манжуур луу "туршлага" судлуулхаар илгээв. 
Уул нь манай сайд сайд болох гээд нэр нь цуурайтаж байх даа чухам л салбараа хөгжүүлэх "туршлага"-тай, ховорхон нэгэн байх боловч сайд болохоороо ямар ч туршлагагүй, түмний нэг болж орхино. Салбараа яг хөгжүүлэх гэсэн чинь жоохон туршлага дутчихлаа. Судлалгүй нь горьгүй... 
 
- Эхнээр чамдаантай хувцас бэлд. Шоорт, подоолк, сандаал. Нарны тос, нүдний шил, саравчтай малгай, солих бандааш. Захих юмныхаа жагсаалтыг гарга. Юмыг яаж мэдэх вэ, нэг гонжоом хийчээрэй. 
 
"Татвар төлөгчид минь сайн сууж байгаарай. Та нарынхаа мөнгөөр та нарыгаа жаргаах "туршлага" олж ирэхээр ард түмний хүү чинь алс холын хөгжсөн орон луу "ажлаар" явчихаад ирье"...
Үнэндээ Монголын сайд, дарга нар бүгд туршлагатай. Тэд дэлхийн тэргүүлэх улсуудын хөгжлийн нууцыг цээжээрээ мэднэ. Нэр цохож байгаад дуржигнуулна. Сонгуульд нэр дэвшихдээ 76 маань өөрсдийгөө туршлагатай улстөрчид гэж сайшаана. Найман сонгуулийн дараа эргээд харахад тэдэнд маань ямар туршлага байв аа? 
- Би яахав ээ, улс орон минь, ард түмэн минь л болж байвал хэмээн хоолой зангируулан хэлнэ. Хийснээс нь харвал "Би л болж байвал, бусад нь падгүй" гэсэн мэт. Сонгууль болгоны дараахан манай шинэхэн УИХ-н гишүүд, сайд, дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид бүгд өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлага олж ирэхээр мордоцгооно. Гэвч хамгийн хөгжил буурай орон луу явсан мэт туршлагуудыг Монголдоо хэрэгжүүлнэ. 
 
"Азийн бар"-уудыг гэхээс "Африкын хар"-уудыг дуурайна. Авхуулсан зураг, бичлэгэн дээрээ арслан, заантай бус автуус, метронд, усны үхэр, анааштай бус үйлдвэр, завод, цехэд, буутай босогч, цэрэгтэй бус инженер, эрдэмтэн, эдийн засагчтай инээмсэглэж, гар барьж, гарын үсгээ зуралцаж байх юм. 
Сингапурын хөгжлийн нууц манайд нууц биш болсон. Гэвч тэр нууцыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа нь Монголд нууц байгаад байна. Солонгос, Японоос туршлага судлаагүй нэг ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, яам, тамгийн газрынхан, аймаг, нийслэлийн “хурга”, “төлөг”, “хуц”, “ухна” байхгүй. 
Норвегийн баялагийн санг Хийморийн сан шиг сонгууль бүрээр ард түмэндээ уншиж өгч хийморийг нь сэргээнэ. Норвегийн сангийн оронд ЖДҮ сан, Боловсролын зээлийн сан, Тариалангийн сан, "Хулгайчдын сан", "Тонуулчдын сан", "Авлигалчдын сан" л Монголыг "хөгжүүлж" байна. 
 
- Манай гишүүн бол УИХ-д ... удаа сонгогдсон туршлагатай улстөрч өө 
- Ямар туршлага билээ? 
Улс орон, ард түмнийхээ байгаа царай, зүс, төр, төсөв, нийтийн албаны авлига, хулгай, тонуул, завхралаа хэлээгүй байгаа даа. 
 
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас манай дарга нар хормой дүүрэн туршлагатай ирнэ. 
"Бидэнд тэдэн шиг хөгжих боломж байна, бид ийм, ийм боломжийг олж харлаа, судаллаа, манай улсад хэрэгжих боломжтой төсөл, боломжтой хөтөлбөр, боломжтой хөгжлийн шийдэл, боломжтой гарц, боломжтой гаргалгаа, боломжтой загвар, боломжтой жишээ, боломжтой шоглоом, боломжтой үлгэр, боломжтой, боломжтой, боломжтой..." 
Тэгээд боломжтой юм бол юугаа хүлээсэн юм бэ? 10% уу? авлига уу? "наац" уу? хувь, хувьцаа, унац уу? 
"Бид тэдний туршлагыг судалж байна, энэ туршлагыг нэвтрүүлхээр ажиллаж байна, туршилтын шатандаа явна, судлахгүй бол болохгүй, судалгаа хийнэ, судлахыг үүрэг, чиглэл болгоно, тушаал буулгана, ингэнэ, тэгнэ, хийнэ, бүтээнэ, хараарай, хар, цагаан, халзан, халимагтай, гельтэй, хадмынхаа, ханийнхаа толгой, арьс, мах, чөмөг, богтосоор амлая. Гэвч ГДЕ хийчихлээ, бүтээчихлээ, чадчихлаа, амласан даа хүрлээ. 
 
Метроны мэдлэг, туршлагаараа сайд нар маань метротой улсуудаас давна уу гэхээс дутахгүй. Баялагийн санг судалсан туршлагаараа баян орнуудыг хол орхино уу гэхээс бараадуулахгүй. 
 
Судласан туршлага бүрээ хэрэгжүүлж ирсэн бол Монгол гэдэг улс өнөөдөр Орос, Хятад хоёрын хооронд орчлонд хосгүй, оосор бүсгүй, оройн дээд Азийн дагина гунхалзаж байх байлаа.
Япон, Солонгос, Скандинавын орнууд манай сайчуулаас залхаж байгаа байх даа. Сайд солигдох болгонд л "За нөгөөдүүл чинь ирж туршлагаа судлах нь байна шүү"...
Далайн ус, экваторын наранд түлэгдэж борлоод улаан хүрэн болсон сайд Улаанбаатартаа эргэн ирлээ. 
- За сайдаа явсан газрын сонин яриач хө? 
“Казино орж азаа үзлээ, дэлгүүр орж хувцас харлаа, бар орж хүүхэн ширтлээ, баахан л явав шив дээ. Манай Монгол тэдэн шиг болох хаа байсан юм байна өө, алив цаад Кука-гаа аваад өгөөч, ойггг”...
 
Б.Бямбахишиг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх