Нүүрсний хэргээр МАН-аас хөөгдсөн гишүүд АН-д орохоор эргэлдэж байна гэв үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 05 сар 10

МАН-ын Хяналтын хороо саяхан хуралдаж долоо, найман хүнийг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ дунд нүүрсчид, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон хүмүүс багтсан байна.

Яг хэн, хэн МАН-аас хөөгдсөнийг одоохондоо албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Ганхуяг, Н.Наранбаатар нарын нэрс хамгийн түрүүнд цоллогдсон гэх яриа Тусгаар тогтнолын ордноос сонсогдох болов.

МАН-ын Үндсэн дүрэмд “Илтэд ёс зүйн болон ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүн байхыг хориглоно” гэж тодорхой заажээ. Улмаар “Нам болоод намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргах ёстой” гэж шаарддаг юм байна. Иймд МАН-ын Хяналтын хороо нийгэмд ил зарлагдсан нүүрсчдээ намын дүрмийг уландаа гишгэсэн гэж үзэн хөөх шийдвэрт хүрсэн бололтой юм. Харин хөөгдсөн гишүүд нь Үндсэн дүрэмд заасанчлан 30 хоногийн хугацаанд өргөдлөө ирүүлэх учиртай. Одоогийн байдлаар таван хүн тайлбараа өгсөн сураг байна. Тэдний хувьд намаасаа бүр мөсөн явахаар хатуу шийдчихсэн гэх яриа сонсогдох болов. Энэ нь ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. МАН-аас хөөгдсөн нүүрсчид дараагийн нүүдлээ хийгээд эхэлсэн сурагтай. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар тэд АН-д орохоор эргэлдэж байгаа гэх юм. Сайндаа ч биш, аминд тулсан үед АН-ын малгай дор хорогддог танил технологийг тэд хэрэглэж байна гэж зарим нь ярих юм билээ. Ялангуяа Т.Аюурсайханы хувьд АН-д орохоор нэлээд идэвхтэй сонирхож буй гэж дуулдана лээ. Харин Ж.Мөнхбат жаахан хойш суугаад байгаа бололтой шүү. Хашир юу ч болоо билээ гэж харзнаж байж ч мэднэ.

МАН-ын дүрэмд “Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй” гэсэн заалт байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН-ын дүрмийн энэхүү заалт бодитой хэрэгжсэн бил үү. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдийнхээ толгойг илсээр ирсэн нь худлаа биш. Бүхэл бүтэн зуун жилийн түүхтэй энэ том нам хариуцлага тооцохдоо хойрго гэх нийгмийн шүүмжтэй өнөөдрийг хүртэл нүүр тулсан. Тэгвэл одоо МАН-ын удирдах аппаратад үе шилжилт хийгдэж, 1980-аад оныхон гарч ирээд байгаа. Тэд цүнх барьж, сандал суудалтайгаа зууралддаг биш, эх орныхоо эрх ашгийг тэргүүндээ залсан бодлогын нам байх ёстой гэж үргэлж хэлдэг. Иймд МАН нүүрсчидтэйгээ, хулгайчидтайгаа хатуу тэмцэж, хариуцлага хүлээлгэнэ гэж хэдэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр намаасаа өршөөлгүй хөөгдөх нь тодорхой болсон нүүрсчид ирэх сонгуульд сойгдохын тулд АН-д орохоор оволзож байгаа нь тэр ажээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх