Б.Мөнгөнтуяа: Амьдралын дасгалжуулагч мэргэжил сэтгэлзүйчээс өөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 11

Б.Мөнгөнтуяа: Амьдралын дасгалжуулагч мэргэжил сэтгэлзүйчээс өөр

21 минутын өмнө | 0 сэтгэгдэл

Уншигч авхай таныг "Амьдралын дасгалжуулагч" Б.Мөнгөнтуяатай уулзуулж байна. Түүнийг ихэнхи хүмүүс Моника Батсүх нэрээр нь андахгүй таньдаг. Ингээд түүнтэй дасгалжуулагч гэх содон мэргэжлийнх нь талаар ярилцсанаа хүргье.

-Монгол амьдралын дасгалжуулагч гэхээр их сонирхол татлаа. Чухам та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм. Энэ түүхээсээ ярилцлагаа эхэлье?

-Их баярлалаа. Урьд нь сонсоогүй болохоор сонин санагдаж байгаа байх л даа. Ер нь бол би багаасаа л спортын дасгалжуулагчийн тамирчдынхаа төлөө сэтгэлээ зориулж, тэднийгээ амжилтанд хүрэхэд нь далдаас дэмжиж ямар ч өндөр түвшингийн уралдаан тэмцээнд, олимпийн аваргад ч хүргэх хэмжээний сэтгэлзүй, бие бялдар, үйл хөдлөл бүхнийг нь ойлгож зэрэгцэж алхаж чаддаг тэр онцгой харилцааг их биширдэг байлаа л даа. Гэхдээ өөрийгөө хэзээ ч амьдралын дасгалжуулагч болчихно гэж зүүдэлж байгаагүй.

Яагаад би өөрөө болохоор шийдсэн бэ гэхээр би өөрөө амжилтанд хүрэхийг их хүсдэг байсан. Багаасаа л хичээлдээ мэрийгээд л, онц авахын төлөө их шартай, бууж өгөх дургүй охин байсан. Сургууль бол яахав хичээвэл ямар ч хүүхэд онц сурчихаж чадна, гэтэл амьдрал дээр гараад ирэхээр бид сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх, хүссэн мөрөөдлөө биелүүлэх дээр тулахаараа тийм ч амар биш юм гэдгийг л би өөрийн эрхгүй мэдэрсэн юм.

Гадаадад хичнээн жил сургууль төгсөж ирчихээд ажил дээр гарч ирэхээр Монголын зах зээл, нийгмийн орчинд асар их бэрхшээл, үр дүнгүй, утгагүй зүйлийн араас хөөцөлдөж явж байгааг, хүмүүсийн хоорондох эрх мэдлийн зөрчилдөөн, сул дорой байдалууд их анзаарагддаг шүү дээ. Тэр үеэс л би энэ бүхнийг гардаж шийдээд би өөрөө амьдрал дээрээ амжилт гаргахад надад тэр бүхнийг далдаас ярьж зөвлөөд, оюун санаагаа дайчлахад маань туслах хүн байдаг ч болоосой гэж өөрийн эрхгүй хүсдэг байсан.

Бараг одоогоос 10-аад жилийн өмнөөс л би энэ бодолдоо илүү их автаж эхэлсэн. Мэдээж намайг амжилтанд хүртэл нь тусалж дэмжиж чадах тийм хүн Монголд байхгүй, миний тулгарч байгаа бэрхшээлийг надаас илүү ойлгох хэмжээний ухаалаг чадварлаг хүн Монголын хаанаас ч би олохгүй. Миний итгэлийг даах, хүндэтгэлийг эдлэх хэмжээний тийм хүнийг би олох юмсан л гэж боддог байсан. Аав маань олон жил цэргийн хүн байсан болохоор миний ганц хүндэтгэлийг хүлээдэг, намайг ирлэж хурцалдаг, намайг дэмждэг байсан л даа. Харин аав маань зуурдаар нас барсан тэр мөчид л би жинхэнэ утгаараа амьдралынхаа өмнө тулгараад байгаа бүх асуудал бэрхшээлүүдийг шийдэж сурах, бас хүмүүсийн өмнө тулгараад байгаа тэр бэрхшээл асуудлуудыг шийдэж сурах хэмжээний чадвартай болохгүй л бол надад тэр чигээрээ явахад утгагүй юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн. Тэр мөчөөс хойш л би амьдралын бэрхшээл шийдэж сурах аяндаа гарсан. Тэр аян маань аажимдаа надад Англи улсад ирээд, Монголын хамгийн анхны мэргэжлийн Амьдралын Дасгалжуулагч болоход маань л хүргэсэн дээ.

Одоо бол би урьд нь яг өөр шигээ амжилтанд хүрэхийг хүсээд байгаа атлаа, дэмжиж туслах хүн хайгаад яваа тэр залуучуудтай л ажилладаг. Тэр залуучуудаа амжилтанд нь хүрэхэд нь дасгалжуулж, оюун санааг нь тэлж, дотор нь нуугдаад буй айдас эргэлзээгээ таньж эрч хүч, зориг, арга ухаан суухад нь дасгалжуулдаг. Яг л над шиг тэмүүлж яваа бүх хүмүүс надаар үйлчлүүлдэг. Үүгээрээ л би бахархаж явна даа.

-Хүн бэрхшээлийг өөрийн биеэр туулж байж амьдралыг туулах замаа сонгодог байх. Монголд энэ талын ухааныг залуучуудад маань заах тал дээр дулимаг санагддаг. Одоогийн залуус л гэж хамгийн түрүүнд адлах юм?

-Тийм шүү. Одоогийн залуусаасаа их юм шаардаад тэгдэг юм. Өөрсдийн алдсан, олж амжаагүй, эсвэл ойлгож чадаагүй зүйлсээ одоогийн залууст найдаад, горьдлого тавиад байхаар итгэл дааж чадахааргүй аймаар санагддаг байх. Энэ одоогийн залуус гэдэг дотор бахархах юмс бас зөндөө бий л дээ.

Тийм ээ? Надтай дан залуучууд ч ажилладаг биш л дээ. Надаас настай, өндөр албан тушаалд ажилладаг, өндөр ачаалал, бизнесийн сэтгэлгээгээрээ тэргүүлж яваа хүмүүс ч бас ажилладаг. Бусдын нүдэнд амжилтанд хүрчихсэн юм шиг харагддаг хүмүүс л ардаа дасгалжуулагчтай байдаг тэдний амжилтанд хүрсэн нууц гэмээр юм уу. Би ч нээх сүрхий бас бэрхшээл туулаад давчихсан хүн биш байх л даа. Надаас илүү хүнд нөхцөлд яваа илүү бэрхшээлтэй нөхцөлд байдаг хүмүүс зөндөө байгаа байх. Харин нэг ялгарах юм нь, би их ч бай, бага ч бай бэрхшээл дотроо уйлаад суух тэвчээргүй хүн юм байгаа юм. Шийдээд шийдээд ард нь гарчихмаар санагдаад, янз янзын асуудал бэрхшээл тулгараад, хүмүүсээс мохоосон үг сонсохоороо заавал давж гарах арга хайгаад байдаг тийм л нэг зантай юм шиг байна лээ. Тэр нь миний амьдралын сонгосон заманд бас их нөлөөлсөн юм болов уу гэж гайхаж сууна.

-Тийм гэж үү. Монголчууд бид дасгалжуулагч дээр очих нь бүү хэл сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө авахыг нэг их таалдаггүй юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

-Сэтгэлзүйч гэдэг чинь сэтгэцийн эмгэг өвчинтэй, донтой, эсвэл асуудалтай хүнтэй л ажилладаг гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг юм. Гадны орнуудад бол ямар ч мэргэжлийн хүмүүс хувийн цаг авч сэтгэлзүйчтэй байдаг. Хувийн тулгарсан асуудал бэрхшээлээ хаа хамаагүй тус болж чадахгүй хүмүүст очоод гомдоллоод байдаггүй. Монголд харин эсрэгээрээ, таарсан хүн болгондоо уурлаад л бухимдаад яваад байдаг мөртлөө мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авахаасаа нэрэлхээд байдаг.

Дээр нь дасгалжуулагч, сэтгэлзүйч хоорондоо их ялгаатай л даа. Сэтгэлзүйч бол өнгөрсөн амьдралын шархийг эдгээхэд нь тайвшруулж тусалж өгдөг. Харин дасгалжуулагч бол ирээдүйд хүрэх амжилтыг нь ойртуулж хурцалж өгдөг. Дасгалжуулагчтай ажиллана гэдэг бахархал. Амьдралаа цоо шинэ ертөнц рүү залж чадварлаг яваагийн шинж, бас орлого олз өндөртэй яваагийн гайхалтай илрэл.

Хүмүүс өөрийн оюун ухаан, сэтгэлгээний эрүүл мэнддээ хөрөнгө оруулж сураагүй болоод л тэр байх. Өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс л өөрийн оюун ухаандаа хөрөнгө оруулах хэмжээний ухамсар суугаагүй, өөрөөсөө мөнгө харамладаг шүү дээ. Мөнгөтэй хүмүүс бол тэгдэггүй, олсон мөнгөө арвижуулахын тулд өөрийн оюун ухаанаа илүү дайчлах арга барилыг дасгалжуулалтаас олж авдаг болохоор, төлсөн мөнгө нь эргээд олон дахин үржих боломж арга барилыг бид бий болгож өгдөг.

-Та Монгол хүний амьдралын дасгалжуулагчаар ажиллаж байв уу. Барууны оронд бол амьдралын дасгалжуулагчийг өөрийн баруун гарын туслах шигээ хамтран ажиллаж сурсан бололтой?

-Би сүүлийн жилүүдэд Монголчуудтайгаа илүү түлхүү ажиллаж байгаа. Илүү олон цагийг зориулж байгаа. Ер нь цаашдаа ч энэ хандлагаа баримталж ажиллах байх. Англид бол би бизнесийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг. Ихэвчлэн бизнесийн дасгалжуулалт тал руугаа, ажилтны дотоод сэтгэлгээний ур чадварыг, ажил дээрээ гаргах амжилтын төлөө ажилладаг бол Монгол хүмүүстэй бол ихэвчлэн хувийн амьдралын тал дээр, бизнесээ эхлүүлэх тал дээр нь дасгалжуулалт хийдэг. Ер нь бол янз янзын Монгол хүмүүстэй таарч байсан. Гадаадад байдаг Монголчууд ч надтай олноороо холбогддог. Skype дээр дасгалжуулалт хийдэг болохоор би Англид хийдэг мэргэжлийн үйлчилгээг Монгол хүмүүст дэлхийн аль ч өнцөг буланд, ямар ч орчинд ажиллаж байгаа хүмүүст хамаагүй тулж хүрч ажилладаг.

Тухайн хүний сэтгэлгээнд, хүсэл тэмүүлэлд, тулгарч байгаа бэрхшээл айдас хаана л нуугдаж байна би тэр орчныг нь ойлгож, сэтгэлгээг нь тэлж ажилладаг болохоор. Монголчууд ч бас сүүлийн үед надтай илүү олон сараар гэрээ хийж ажиллах нь мэдрэгддэг болсон. Яг л таны хэлж байгаа шиг баруун гарын туслах шигээ хамтран ажилладаг болж байгаа. Манай зарим залуучууд, "Тантай ажиллахаар би өөрийн эрхгүй бүтээлч, шинийг санаачлагч Мятрашгүй Жулиа шиг болчихдог. Манай ажлынхан хүртэл анзаардаг" гэх мэтээр хууч хөөрдөг. Тэр утгаараа харвал залуучууд улам л хүчтэй, улам л бүтээлч болох арга боломжийг л бид бүх талаар нь нээж өгдөг.

-Таны мэргэжил гайхалтай юм аа.

-Их баярлалаа. Одоо бас нилээн хэдэн жил болж байна, жил ирэх тусам л сайжирч байх шиг байна.

-Таны туурвисан номнууд нь өөр өөрсдийн гэсэн онцлогтой юм байна лээ. Харин та гэр бүлийн асуудлаар дасгажуулдаг уу?

-Их баярлалаа. Би хоёр ном бүтээсэн. Одоо 2015 онд дахиад хоёр ном гаргах санаа байна.  Бэрхшээл ба Боломж, Мөнгө ба Миний Үнэ Цэнэ гээд нэртэй. Гэхдээ миний зорилго бол яг над шиг амьдралдаа амжилтанд, тулгарч байгаа асуудал бэрхшээлээ өөрөө шийдээд сурах хүсэлтэй тэр залуучууддаа л тулах түших хэрэгцээтэй гарын авлагыг бэлтгэх гэж хичээдэг болохоор дан ганц ном уншихаар биш, ном унших завгүй хүмүүстээ бас ажил гэрийн хооронд завгүй явах зууртаа аудиогоор сонсоод, оюун санаагаа хурцлах зорилгоор бүх номнуудаа аудио болгож уншсан юм. Ер нь хүн ном уншсан ч амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй шүү дээ. Тэгвэл амьдралд нь хэрэгжүүлэхэд нь хэрэгцээтэй зүйл бол аудио програмууд сонсоход илүү дөхөмтэй байдаг юм билээ. Хэдийгээр Монголд хүмүүс амьдралдаа ингэж дадаж суралцаагүй ч гэсэн, цаашдаа чадварлаг залуучууд бол оюун санаа, хувь хүний хөгжилд хамгийн хүчтэй нөлөөлдөг тэр л арга барилыг олж авах байх. Би тэр зорилгоор тухайн хүнийг л хөгжүүлэх чадваржуулахын төлөө бүх боломжтой хэлбэрүүдийг хайж ажиллаж байгаа юм.

Бэрхшээл гээд ярихаар бид яах аргагүй янз янзын асуудал гарч ирдэг. Салах гэж байсан эхнэр нөхрүүд буцаад нийлдэг, бат бөх гэр бүл үүсгэх арга учраа олдог. Суугаагүй байсан, суух үгүйгээ мэдэхгүй эргэлзээд л айгаад явсан залуу хосууд ч хүртэл бие биенээ хайрлаж илүү бат бөх гэр бүл болох эх үүсвэрээ хүртэл тавьж байсан зөндөө жишээнүүд бий.

Хамгийн гол нь би гэр бүлийн чиглэлд дасгалжуулалт хийж байна гэж зарлаад байдаггүй атлаа, хувь хүний амьдралын тал талынхаа асуудал орчин нөхцлийг нь ойлгоод, тэр залуучуудад өөрөө шийдэх чадварыг нь олгоод өгчихдөг учраас тэр залуучууд өөрсдөө гэр бүлийнхээ асуудлуудыг дор дор нь шийдээд явах хэмжээний чадвартай болж байгаад нууц нь байгаа юм.

Дасгалжуулагч бол хүнийг ур чадвартай л болгож өгдөг. Тийм ухаалаг чадварлаг болчихсон хүн хувийн амьдралдаа ч бай, гэр бүлийн амьдралдаа ч бай, бизнестээ ч бай илүү овсгоотой дайчин болж хувирдаг л даа. Тийм ч утгаараа, би "Загас барьж өгөх биш, загасаа өөрөө барьж идэх чадварыг нь олгож өг" гэдэг аргыг үнэн утгаар нь хэрэгжүүлдэг байх.

-Олон хүний амьдралыг дасгалжуулж гэрэл гэгээ оруулж өгч байгаа таны ажилд амжилт хүсье.

-Их баярлалаа.

Ярилцсан. Х.Даваанаа

Нэмж хэлэхэд манай сайт тун удахгүй энэхүү сонирхолтой бүсгүйн өөр олон мэдээлэл, зөвлөгөө, амьдралын дасгалжуулалтын видео хичээлүүдийг сайтынхаа зөвлөгөө буланд оруулах болно. 

Эх сурвалж: www.Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх