Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэрээр АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн ч Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтээсээ өөрөө татгалзсан билээ. Гэсэн ч энэ үйлдлээрээ тэрээр өөрийнхөө улс төрд эргэн ирэх амбицыг ил болгосон юм.Үүнтэй зэрэгцэн л түүнд холбогдох хэргүүд ил болж эхэлсэн билээ.
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар гэхэд л түүний тухай: "Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна гээд товчхон тайлбарлачихъя. ",..."2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга.
Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон.
Дараа нь энэ зам дээр "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна."..., "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Ийм үнээр мань хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байж магадгүй. Тэр бол зөвхөн Х.Баттулгын зорилгодоо хүрсэн үйлдэл. Нийт монголчууд, "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой!. Энэ талаар материалыг холбогдох байгууллагаас ирүүлэх хүсэлтийг тавьсан." хэмээн удаа дараа мэдэгдэж байв.
Гэсэн хэдий ч яагаад ч юм бэ? түүнд холбогдох хэргүүд удаашрах буюу шийдэгдэхгүй байсаар ирлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан л гэхэд ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмааг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж буюу "Женко" Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгасан гэж үзсэн. Үүнд эргэлзэх хүн маш их байгаа нь нууц биш. Шуудхан хэлэхэд шүүх, хуулийн байгууллага яагаад ч юм бэ? Х.Баттулгад хэрэг үүсгэх, хэргийг шийдвэрлэх нэг л дургүй явж ирсэн гэхэд болно. Гэвч МАН-ын удирдлага, залуу лидерүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль бус үйлдлүүдэд заавал хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй аж.
Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохой гэсэн гурван үйлдвэрийг класстер хэлбэрээр хөгжиж, үйл ажиллагаа явуулах боломжтойг мэдсэн хэсэг бүлэг этгээдүүд 2009 оноос эхлээд хувьчилж авах ажиллагаагаа эхлүүлсэн.“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг тухайн үеийн төрийн өмчийн хороо, ҮХАА-н сайд Х.Баттулга нар 24 цагийн дотор маш хурдтай “Бейзмент”-д хувьчилсан. Гадны 10 аж ахуйн нэгжид хувьчилж авах санал тавьсан ч нэг хоногийн дотор ийм том үйлдвэрийг хувьчилж авах төслийг нэг ч компани шууд боловсруулж чадахгүй. Ингээд Хөтөлийн Цемент шохой үйлдвэрийг хувьчилснаар үйлдвэрийн дансаар дамжуулан Хөгжлийн банк, арилжааны банкнуудын мөнгийг угаах ажил эхэлсэн”" хэмээсэн билээ.
Хуулийн байгууллагууд ч Х.Баттулгад холбогдох хэд хэдэн хэргийг шинээр шалгаж эхэлж буй гэнэ. Ер нь бол УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө Х.Баттулгын "оймсыг гозолзуулах" буюу баривчлах төлөвлөгөө хэдийн боловсруулагдсан бололтой. Хэрэгжих эсэх нь МАН-ын бүлэг, фракц хоорондын тохиролцоо ба хамгийн гол нь хуулийн байгууллагуудын удирдлагуудаас хамаарна.
Э.Мягмар
sonin.mn