Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 07 сар 24
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Засгийн газар 22 агентлагтай. Өмнөх дугаарт 12 агентлагийн даргын ХОМ-ийг хүргэсэн билээ. 2022 онд тэд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг үргэлжлүүлэн хүргэе.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа
Түүний жилийн орлого нь 54 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 59.7 сая төгрөг байна. 364 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай. 15 сая төгрөгийн газар, Toyota, Mark-Х автомашин эзэмшдэг. 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 106 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Монконкорд Хоршоо”, “Монос хүнс “, “Алтан Дорнод Монгол” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал
Л.Баярмандалын жилийн орлого нь 29.9 сая, гэр бүлийнх нь орлого 124 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 559 сая төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 60 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, RX 330 автомашинтай. 50 сая төгрөгийн газартай бол, 23 сая төгрөгийн үнэт эдлэл. 180 сая төгрөгийн хадгаламж, 76 сая төгрөгийн авлагатай байна. “Эрдэнэс таван толгой” ХК, Төрийн банк ХК-д хувьцаа эзэмшдэг.
Соёл, урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзул
Түүний жилийн орлого нь 17 сая бол гэр бүлийн гишүүд нь 31 сая төгрөгийн орлоготой. 120 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, Hyundai -I30 маркийн автомашин эзэмшдэг. 100 сая төгрөгийн газартай бол “Виста експертиз” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Биеийн тамир, спортын газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Баттулга
Тэрбээр жилд 23 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийнх нь гишүүд 32 сая төгрөг олдог. 348 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Prius- 1 автомашинтай бол 74 сая төгрөгийн мал аж ахуйтай. 30 сая төгрөгийн газартай, 19 сая төгрөгийн үнэт эдлэл 37 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
Түүний жилийн орлого нь 40 сая бол гэр бүлийн гишүүд нь 114 сая төгрөгийн орлоготой. 2.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Lexus, RX 330,Toyota, Prius, Hyundai, Sonata V зэрэг гурван автомашин эзэмшдэг. 82 сая төгрөгийн мал аж ахуйтай. 47 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг
Тэрбээр жилд 48.9 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 55.6 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 373 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Lexus автомашинтай. 65 сая төгрөгийн газартай бол 161 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр
Түүний жилийн орлого нь 30 сая бол гэр бүлийн гишүүд нь 37 сая төгрөгийн орлоготой. 264 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 64 сая төгрөгийн 73 тооны адуутай. 85 сая төгрөгийн үнэт эдлэл, 17 сая төгрөгийн хадгаламжтай бол “Эрдэнэс таван толгой” ХК, Өвөрбөянбүрд ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа
Түүний жилийн орлого нь 54 сая бол гэр бүлийн гишүүд нь гурван сая төгрөгийн орлоготой. 150 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 28 сая төгрөгийн мал аж ахуйтай. 81 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, банкинд 158 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн
Тэрбээр жилд 87 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд 14 сая төгрөгийн орлого олдог. 792 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 60 сая төгрөгийн Toyota, Rav 4 автомашинтай. 11 сая төгрөгийн мал аж ахуй, 30 сая төгрөгийн газар, 14 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.