Х.Баттулгын “бай” хэн бэ, юу вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 08 сар 25 ・ 12

АН-ын ҮБХ-ны хурал ирэх даваа гаригт болно. Төрийн ордны их танхимд ҮБХ-ны 500 гаруй гишүүн нь хуралдана. “Сонгууль тулчихсан. 10-хан сар үлдсэн. Тиймээс АН-ын бүх шатны томилгоо хийгдэнэ.

Дунд болон анхан шатны журамд өөрчлөлт оруулах, түүнийг батлах талаар нээлттэй ярилцана. ҮБХ-ны хурлаар ярьж болох бүх зүйлсээ ярилцана. Шийдвэрээ гаргана” гэж Ж.Батсуурь хэлсэн. Тэр үнэн.

Гэхдээ өчигдөр ингэж албан ёсоор зарлах хүртэл “Хуралдах уу, болих уу” гэдэг асуудал хэд хэд дахин яригджээ. Яагаад гэхээр АН-ын энд тэндээс ургасан олон фракцын толгойлогч нар ҮБХ-ны хурлыг ашиглаж, улс төрөө хийчих гээд сандаргаад байгаа аж. Ярьж ярьж, яадаг ч байсан хийе гэж шийдсэн бололтой. Нэг үгээр хэлбэл, энэ ҮБХ-ны хурал нэлээд ширүүн, халуун болох шинжтэй боллоо.

 

 

Ер нь бол АН-ынхан ингэж нүүр нүүрээ харж суугаад нанчилдаж, зодолдоод ч гэсэн учраа олохгүй цаг нь болсон.

 

 

Эх сурвалжуудын мэдээллээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн тухайд фракцуудынхаа  тавьсан саналыг хэрэгжүүлэх гэтэл намынх нь хүчин чадал хүрэлцэхгүй. Дэд дарга хэдхэн, генсекийн суудал ганцхан. УИХ-ын тойрог, жагсаалт тоотой. НИТХ-д нэр дэвшүүлэх квот ч хэмжээтэй. Ингээд л нэгийг нь баярлуулах гэхээр нөгөөх нь гомдчих асуудал үүсээд байгаа юм байна.

Лу.Гантөмөрийг ингэж зовлонд унагаад байгаа фракцын толгойлогч нь хоёр “экс” л дээ. Нэг нь ил, нөгөө нь далд үзээд байна. Далд үзээд байгаа нь өмнөөсөө С.Баярцогтыг гаргаж тавьчихаад, “Би хамаагүй шүү. Жагсаалтад бичигдчих бодолтой байна. Та юу гэж бодож байна вэ” гээд намын даргаа аргадах, аргалах байдлаар харьцаад эхэлжээ. Харин С.Баярцогт нь Лу.Гантөмөрт арай хатуу санал тавьчихаад байгаа дуулдана.

 

Нөгөө “экс” Х.Баттулга нь сүүлийн хэдэн өдөр жинхэнэ “од” болж байна. Магтаад байна уу, муулаад байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй л түүний талаар бичицгээж байна.

 

 

Тэрбээр АН-ын дарга Лу.Гантөмөрийг аймгуудаар явж байхтай зэрэгцээд УИХ-ын хоёр гишүүн, 100-гаад хүнтэй дагуулаад хөдөө гараад шидчихсэн. Өдгөө баруун аймагт явж байгаа аж. Гэхдээ Х.Баттулга АН биш МоАХ-г өмнөө барьж явна. МоАХ их эвгүй л дээ. АН-ынхны дөнгүүр хэд нь бүгдээрээ энэ ТББ-д харьяалагдаж явсан. Эвтэйхэн гаргаж ирвэл АН-аас ч томорч мэдэх байгууллага гэдэг. Гэвч хаа явсан газартаа хагарал бутралыг дагуулж явдаг гэх нэртэй болсон Х.Баттулгын үед нийтэд биш түүнд л хүртээмжтэй гэдгийг эрхбиш ойлгоод байх шиг байна. Гэхдээ л эвгүй дээ.

 

 

 

Хамгийн гол нь Х.Баттулга ингээд “хөх туг” бариад хөдөө гараад явчихсан нь яахын аргагүй олны анхаарлыг татаж байна. Түүний энэ хөдөлгөөн ирэх сонгуультай холбоотой гэдэг нь тов тодорхой юм. Яг үнэндээ Х.Баттулгад АН-аас хүссэн нь олдохгүй бол гаргаж ирээд сонгуульд бүртгүүлэх хэдэн нам халаасанд нь бий гэж ярьдаг. Бараг л үнэн. Тиймээс л тэр намуудаа сурталчлахгүй, АН-аа ч ярихгүй ингээд “тэнээд” яваа нь л сонин байгаа юм.

 

 

Улс төрийн “урт чихтнүүд”-ийн ярих нь, Х.Баттулга ирэх даваа гаригт Төрийн ордонд ирж ҮБХ-ны хуралд оролцох гэнэ. Дагаж яваа УИХ-ын хоёр гишүүн, АН-ын ҮБХ-ны батлахтай бусад гишүүд нь ч ирнэ. Тэгээд “АН-ын ээлжит бус Онц их хурлыг зарлан хуралдуулах шаардлага”-ыг Лу.Гантөмөр, түүний одоогоор бүрдсэн багт гардуулах гэнэ. Энэ нь АН-ыг бужигнуулах л нэг жижигхэн ажиллагаа гэсэн үг л дээ.

Харин Х.Баттулгын санааны мухарт С.Баярцогт, Ерөнхийлөгч байхдаа ярьдаг байсан “30 гэр бүл” яваа бололтой. Тун удахгүй “бууны ам” нь тэдэн рүү чиглэх төлөвтэй. “Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон” гэж ярьдаг байснаа цухалзуулаад эхэллээ. Бас “С.Баярцогт бол шүүхийн луйвраар гарч ирсэн. Шүүх хууль бусаар түүнийг цагаатгасан” гэж хэлээд эхэлсэн байна. Товчхондоо, Х.Баттулгын “бай” нь С.Баярцогт хийгээд 30 гэр бүл, бас хууль шийдвэр гаргасан гэх шүүгчид болж таараад байгаа юм. Нэмж хэлэхэд, мань эр мөд нөгөөх улаан ороолтоо зүүчихсэн шүүхийн гадна жагсаал хийгээд гараад ирж ч болзошгүй дуулдаж байх юм. Энэ бол улс төрийн хүрээнд маш хурдтай тарж байгаа мэдээлэл бөгөөд удахгүй үнэн худал нь мэдэгдэнэ дээ.

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: