ШУА мөнгө үрж, хямрахыг уриаллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 13
 

     Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгүүдийг татан буулгах Ч.Сайханбилэгийн мэдээллийн шилийг даран тус академиас Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлжээ. Уг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань хямралтай холбогдуулан төсөв танах хэмнэх үүднээс хүрээлэнгүүдийг татан буулгах тухай ярьсан юм. Гэтэл академиас нь мөнгө үрэх тухай уриалга гаргаж байгаа нь өнөөх хошин шогчдын ярьдаг шиг “сөрсөн базаа” хийв үү яав.

 

      Уг нь ШУА-иас буруу зүйл ч яриагүй л байна лээ. Тухайлбал, уг мэдэгдэл уриалгад “Манай өмнөд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байна. Тиймээс монголчууд бид Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэнийг олон нийтэд таниулах, их хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодруулан байр суурийг нь эзлүүлэх нь зүй ёсны хэрэг юм гэдгийг эрдэмтэд онцолж байгаагаа дурдажээ.

 

     Мөнгөтэй төгрөгтэй улс оронд бол боддог л зүйлийн нэг. Ер нь бол бид хятадад чухам юугаа булаалгаад байгааг мэдэх аргагүй. Газар нутгаас эхлээд олон зүйлийг мэрүүлсээр байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болчихгүй. Бид л өнгөн дээрээ хэдэн хааны нэр устай зууралдаад байгаа болохоос биш цаанаа бол шал өөр зүйл байгаа юм. Тэгэхээр нэг талдаа ШУА түүний харъяа хүрээлэнгүүд нэг ойн баяр тэмдэглэх тухайд санаа зовж суухаар энэ мэт асуудлаа цэгцэлж, эрх баригчдад дохио өгдөг баймаар юм. ШУА түүний харъяа хүрээлэнгүүд үндэсний аюулгүй байдал, геополитекийн асуудлаар ямар нэгэн санаа дэвшүүлж түүний төлөө ажиллаж байсныг уншигч та сонсоогүй л болов уу.

 

     Юутай ч энд тус академиас гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

                                                                              УРИАЛГА

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА  

МОНГОЛЫН ИХ ХААН ХУБИЛАЙН МЭНДЭЛСНИЙ 800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСЛЭЛИЙН ТУХАЙ  

 

           Монголын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн нэр хүндтэй түүхэн зүтгэлтэнүүд олон буй. Түүний дотроос эзэн Богд Чингис хааны дараах хүн бол түүний ач хөвгүүн Хубилай сэцэн хаан юм. Хубилай бол Чингис хааны голомт сахисан отгон хөвгүүн Толуй ноёны хоёрдугаар хөвгүүн болно. Тэрээр хөхөгчин гахай жилийн (1215 он) найм дугаар сарын хөхөгчин туулай өдөр (1215 оны 9-р сарын 23-нд) Хархорумын ойролцоо төрсөн. Тэрээр Монгол төдийгүй дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Монголын их хаан, төрийн түүхэн зүтгэлтэн юм. Түүний түүхэн үүрэг гавьяа зүтгэлийг дараах байдлаар тоймлон өгүүлж болно.

 

 Нэг. Хубилай сэцэн хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг.

 Их Монгол улсыг бататган бэхжүүлж, Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг урьд өмнө байгаагүйгээр өргөтгөн тэлж Хубилай сэцэн хаан 1271 онд улсын цолыг “Их Юань” хэмээн өөрчлөв. “Юань” гэдэг нь “зурхайт ном”-ын “чиань юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх санааг үндэслэж улсын цолыг Их Юань улс хэмээн нэрлэсэн хэрэг байлаа. Лувсанданзаны “Алтан товч”-ид “Хубилай сэцэн хаган ану боорсаг хуврагуудыг албанаас гаргаад хоёр ёсыг тэгш зохиож Чингис хааны их төрийг бататган барьснаараа чихтнээ сэцэн хаан хэмээн олноо алдаршивай” хэмээн тэмдэглэжээ. Чингис хааны “Их засаг” хуулийн зориг санааг үндэслэж тухайн нийгмийн нөхцөл байдалд зохицуулан арав гаруй хуулийг шинээр батлан тогтоогоод хуулиар төр улсаа засах явдлыг баталгаажуулжээ. Төрийн дотоод хямралыг сэргийлж, “хаан хөвгүүн өргөмжлөх” ёсыг албан журам болгож монгол амьдрал, төр засах ёсонд сургаснаараа монголын уламжлалт төрийн тогтолцоог бататган бэхжүүлсэн ба үндэстний өв уламжлалаа хадгалан, нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлж монгол орны эдийн засгийн хөгжлийг баталжээ. Монголын соёлыг хөгжүүлэх үүднээс 1261 онд улсын “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буюу түүхийн судар бичгийн хүрээлэнг байгуулж, Чингис хаан тэргүүтэй монгол хаадын цадиг намтар, Монголын нууц товчоон зэрэг олон тооны ном судрыг эмхтгэн бичсэн ба хятад, түвэдийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж, улсын багш Пагбагаар шинэ үсэг зохиолгон монгол соёл дэлгэрэн хөгжихийг батлан, хятад соёлд уусах аюулыг ухамсартайгаар сэргийлж чадсан ажээ. Монгол нутгийнхаа өмнө хязгаарт улсын нийслэлээ байгуулж хятадын аюулыг хятад дотор нь сэргийлж, монголоо монголоор нь авч үлдэж чадсан Чингис хааны угсааны их хаан юм.

 

Хоёр. Хубилай сэцэн хааны бүс нутгийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

 

 Хубилай хаан Сүн улсыг мөхөөснөөрөө Тан улсаас хойш таван зуу гаруй жил тархай бутархай, нэгдмэл бус байсан явдлыг устгаж, Түвэд, Дали, Тайвань зэрэг орныг хятад улсад нэгтгэн өнөөдрийн хятад улсын үндэс суурийг тавьж өгсөн байна.  Хубилай хаан бээр “төр улс нь ард иргэдээр үндэс болгомой. Ард иргэд нь идэж өмсөхөөр үндэс болгомой. Идэж өмсөх нь тариалан ялмаар үндэс болгомой” хэмээн үзэж тариалангаар үндэс болгон нийт эзэнт гүрний хэмжээнд эдийн засаг дээд хэмжээгээр сэргэн хөгжүүлсэн ба үүний нэг тод илрэл нь олон үндэстний соёлын элементийг шингээсэн нэг хөх цэцэгтэй цагаан шаазан нь хятад төдийгүй дорно дахины соёлын нэгэн илэрхийлэл болсон байна. Хубилай хааны үед өрнө дорныг холбосон дэлхийн худалдааны зам нээгдэж, соёл иргэншлийн их уулзалт болж чадсан юм. Их Юань улсаа захирахаас гадна Монгол угсаатны Ази-Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улс, Хүлэгийн байгуулсан Иль хаант улсыг захирч хамгийн том газар нутагт эзэнт гүрнийг тогтоон захирч байв.

 

Гурав. Хубилай сэцэн хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг.

 

 Чингис хааны хөвгүүдийн байгуулсан хаант улсууд нь зарчим дээрээ Юань улсын байр суурийг хүлээн зөвшөөрч байнгын харилцаатай байсан бөгөөд олон орон тус улсад алба барьж байсан нь Юань улс нь жинхэнэ утгаараа дэлхийн эзэнт гүрэн байсны тод жишээ билээ. Мөн нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж болохыг бодит амьдралаар баталж угсаатан бүхний соёлыг тэгш хөгжүүлэх зарчим баримталж байв. Улс төрийн хүрээнд олон тогтолцоо зэргээр оршиж болох төр ёсны загварыг олон улсад харуулж чаджээ. Тухайлбал, Солонгос, Түвэд, Монгол, Хятадыг тус тусынх нь хуулиар засаглаж, нэгэн гарт нэгтгэн захирсан нь Хубилай хааны төр барих гайхамшигт урлагын нэг нь болж мөнхөрчээ. 

 

 Дэлхий дээр анх удаа хууль ёсны цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж, олон улсын арилжаа худалдааг дээд хэмжээгээр хөгжүүлж худалдааны чөлөөт бүс байгуулсан явдал нь дэлхийн эдийн засаг, соёлын солилцоонд эерэг нөлөө үзүүлж, хүн төрөлхтөний түүхэнд эргэлтийн шинжтэй чухал үйл явдал байлаа.Дэлхийд анхны усан флот байгуулж, далайн аялал хөгжих суурийг тавьсан байна. Юань улсын үед Шанхай, Гуаньжоу зэрэг далай дагуу долоон орныг худалдааны чөлөөт бүс нутаг болгож, Ази, Африк, Европ, Дундад Азийн зуу гаруй оронтой арилжаа худалдаа явуулж байжээ. Дэлхийн улс орнууд дорно, өрнө нэгэн сүлжээнд багтсан нь дэлхий дахины хөгжлийг түргэтгэж, хөгжлийн шинэ шатанд гаргасан юм. Гаалийн татвар маш хөнгөн байсан тул Марко Поло зэрэг олон хүмүүс Юань улсыг зорин ирдэг байв.

 

Юань улсын үед бурханы шашныг төрийн шашин болгон дээдлэн хүндэтгэж, байснаас гадна бусад шашныг ч шүтэж болох чөлөөт бодлого явуулснаар улс орон амар амгалан байж олон соёл зэрэг хөгжиж болохыг бодитоор харуулсан байна. Тэрээр хүн төрөлхтөний соёл иргэншлийн холбоог буй болгож, бүс нутагт “Fax Mongolica” тогтоож байлаа.

 

Ийнхүү Монголын их хаан Хубилай сэцэний мэндэлсний түүхт 800 жилийг ойг Монгол улс даяар 2015 онд тэмдэглэн өнгөрүүлэх, түүний суу алдарыг монголын ард түмэнд төдийгүй дэлхий дахинд сурталчилан таниулах, түүх-соёлын судалгааг дэмжихийг эрхэм Ерөнхийлөгч Танаас хүсэж, зарлиг гарган тэмдэглэхийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас уриалж байгааг хүлээн авна уу.

 

Монгол Улсын Шннжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх