Манай сонины сурвалжлах хэсэг өнгөрсөн ням гарагт хотоос гарч, Хандгайт болон Скай ресортыг зорьсон юм. Өвлийн цагт нийслэлийн иргэд амралтын өдрөөр цэвэр агаарт гарахыг зорьдог болсон. Цэвэр агаарт гарахын хажуугаар цастай бол цана, чаргаар гулгаж, амралтынхаа нэг өдрийг хөгжилтэй, хөдөлгөөнтэй, нөгөө талаараа спортоор хичээллэж өнгөрөхийг боддог болж.
Зарим нь бүр уул, хаданд авирч, нөгөө хэсэг нь цэвэр агаарт гүйхийг хичээж байна. Амарч, зугаалахыг эрхэм болголгүй эрүүл мэнддээ илүүтэй анхаардаг болсон гэвэл бараг онох байх. Харин нийслэлийн иргэдэд амралтын өдрөөрөө зориод очих, очоод өдрийг хөгжилтэй өнгөрөөх, гулгаж тоглох, спортоор хичээллэх газар тун цөөн байна. Сайндаа л Хандгайт руу явна. Эсвэл “Скай Ресорт”. Цастай үед бол Хандгайт гэлтгүй Орбит, Найрамдал, Нисэх рүү явж, уулнаас чаргаар гулгаж болж байгаа аж. Харин цасгүй үед “Скай ресорт”-оос өөр сонголт байхгүй шахам.
Сүүлийн жилүүдэд ганц нэг цанын бааз байгуулагдаж байгаа ч иргэдэд танигдсан нь бага байна. Тиймээс бид энэ удаад Хандгайт болон “Скай Ресорт”-ыг ерөнхийд нь харьцуулахын хажуугаар Улаанбаатарчууд утаанаас хэрхэн дайжиж, амралтын өдрөөрөө цэвэр агаарын эрэлд гарч байгааг сурвалжилсан юм.
Хандгайт хаалттай байна
Манай сурвалжлах хэсэг юуны өмнө Хандгайт амралтын баазыг зорьсон юм. Нийслэлийн иргэдийн амралтын өдрөөрөө зүглэдэг ганц газар нь энэ гэхэд болно. Очоод цэвэр агаар амьсгалчихна, чаргаар гулгаад хөгжилдчихнө. Цэвэр агаарт хоноё гэвэл янз бүрийн амралтын газрууд ч элбэг. Ерөнхийдөө бүх үйлчилгээ нэг дороо. Үнэ өртөг ч хямд. Бид явсаар Шарга морьтын гүүрэн дээр очлоо. Хүмүүсийн эрэлтийг мэдэрчихсэн зарим нь цэвэр агаар гарагсдын замыг тосоод чарга зараад зогсч байна билээ.
Хоёр ч хүн чарга зарж байсан. Солонгосоос оруулж ирсэн, хагардаггүй, Европ руу гаргадаг чанартай эд гэсэн. Гишгэж, дэвсч үзүүлэх аж. Үнэ нь 25 мянга. Мөн зөвхөн бөгсөн дороо хийгээд гулгадаг жижиг чарга ч байна. Чарга гэхэд хаашаа ч юм бэ дээ. Үнэ нь 5000 төгрөг. Хүмүүс нэлээд сонирхож, худалдан авах аж. Ерөөс амралтын өдөр хотын бүх машин хойшоо явж байна уу гэлтэй. Чарга зарж байгаа нөхрийн ярьж байгаагаар оны эхэнд, 1, 2-нд чарга утгаараа зарагдсан гэнэ ээ. Өдөрт л 100-гаараа зарагдсан гэж сууна лээ. Тэгэхээр хүмүүс амарсан ганц хоёр өдрөө ашиглаад цэвэр агаарт гарахын төлөө “дайтаж” байгааг энэ жишээ харуулж байна.
Чарганы үнэ судалсны дараа чигээрээ явсаар Хандгайт орлоо. Өдрийн 12:00 цагийн үед очсон болохоор цөөн хүмүүс байлаа. Батлан хамгаалах яамны байшингуудын хажуу талаар хүүхэд, залуучууд нийлсэн цөөн хүмүүс гулгаж байв. Онцгой байдлын газраас хүн оччихсон хянаж байна. Цагаан хоолой бариад “Хүүхдүүдээ чарганы өөдөөс битгий гулгаарай, Зүүн талаар нь, харласан хэсгээр яваарай” хэмээн хашгирч байна лээ. Ямар учиртай ингэж анхаарах болсон талаар цагаан хоолой барьсан залуугаас асуухад, энэ сарын 2-ны өдөр гарсан ослоос хойш Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтаас хүмүүс ирж хянадаг болсон.
Мөн осол болсноос хойш өмнө нь гулгаж байсан хаалттай, зориулалтын маягтай болгож зассан талбайг хаасан байсан юм. Мэргэжлийн хяналтын газраас шийдвэр гарган хэсэгтээ л нээхээргүй хаасан тухай “цагаан хоолойтон” хэлж байлаа. Манайхан ер нь ниргэсэн хойно нь хашгирах дуртай. Өмнө нь Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт бөөн бөөнөөрөө тэнд зогсдоггүй юмаа гэхэд багахан зохион байгуулалтад оруулчихсан бол хүн бэртэж гэмтэж, амь насаа алдаа ч уу, үгүй ч үү.
Үнэ хямд ч үйлчилгээ алга
Биднийг энэ тэрийг сонирхож, албаны хүнтэй ярилцаж байх зуур амрагч гулгагчын тоо улам нэмэгдэж, 13:00 цагийн үед ёстой нэг түм түжигнэж, бум бужигнав. Гэсэн ч тэндхийхэн 14-15 цагийн хооронд улам ч их бужигнадаг талаар ярьж байлаа. Гулгах талбайн хажууд 10 орчим хүн цана, чарга тавиад түрээслүүлнэ. Нэг чарга бүтэн өдрийн 5000 төгрөг. Харин цана түрээслэхэд бүтэн өдрийн 2500 мянган төгрөг аж. Чаргаар гулгах томчуудын гулгах талбай арай өөр.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу