Украин: Путины төгсгөлгүй жүжиг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 11
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 1 жил 7 дахь сардаа үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, оросын профессор Валерий Соловей, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, украины нийгмийн зүтгэлтэн Тарас Загородний, зохиолч политтехнологч Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украин дахь дайндаа Орос ганцаараа нүцгэрэн үлдэхэд тун ойрхон байна. Зэвсгийн тусламж Иранаас авдаг байсан бол одоо Хойд Солонгос нэмэгдэх тухай яриа өрнөсөн, гэхдээ энэ мэдээлэл 100% баталгаатай биш. ОДКБ хэмээх Оросын толгойлдог цэрэг-улс төрийн эвслийг Украины эсрэг босгож тавих гэсэн нь 100% баларсан, ядаж гал зогсоолгож энхийг сахиулахад ашиглана гэдэг нь ч бүтэлгүйтсэн.
 
Тэр ч байтугай ОДКБ дэх холбоотнуудаа нэг нэгээр нь цувуулж алдах байдал руу шилжив. Ереваны эрх баригчид нуруугаа үүрд харуулах шиг боллоо. ОХУ аюулгүй байдлынх нь баталгаа болж чадахгүй учраас  Москватай тогтоосон найрамдалт харилцаагаа Ерөнхий сайд Н.Пашинян стратегийн алдаа байлаа гэж улайм цайм хэлсэн төдийгүй зөрүүлээд НАТО-д орон зай хайгаад эхлэв. Михаил Шейтельман энэ тухай ярихдаа Армен нь гадаад бодлогын чиг шугамаа өөрчилж байна, АНУ-тай хамтран нутагтаа НАТО-гийн программын хүрээнд цэргийн хээрийн сургууль хийх гэж байна гэв. Хамтарсан цэргийн хээрийн сургууль хийж, тэндээсээ шат ахисаар Арменыг НАТО-д элсүүлэх тухай Брюсселийн санал Путины зүрхийг золтой л зогсоочихсонгүй. Арментай зэрэгцээд Казахстан Оросоос хүнийсээд эхэллээ.
 
Зэвсэгт хүчнээ өөрийн хүчээр шинэчлэнэ, өөрсдөө эх орныхоо техник, дроныг үйлдвэрлэж эхэлнэ, Оростой хилээ бэхжүүлнэ болоод явчихлаа. Батлан хамгаалах салбарт нэгдүгээр түнш нь Орос биш Турк, тэгээд АНУ гэж энэ улсын сөрөг хүчнийхэн хээв нэг ярина. 
 
АНУ-ын ТНБД Энтони Блинкен Киевт айлчлахдаа зөвхөн Украинд санхүүгийн тусламж үзүүлэх тухай ярьсан юм биш, Армены улс төрийн дискурс, магадгүй Төв Азийг ярьсан, үйл явц бүх талаар ОХУ-д ашиггүй эргэж байна, Оросын арми украины цохилтын дор орж ирсэн, түүнээсээ гарах гарцгүй болсныг хуучин СССР-ийн бүх улсууд гайхшран харж, дор дороо дүгнэлт хийж байна, оросын арми одоо энд тэнд алдаг оног ганц нэг бай онох байдлаар, тэнэж төөрсөн ганц нэг пуужин харвадаг, өдөрт хэдэн зуун цэргээ алддаг, бүх фронт дээр бүтэлгүйтэж байна, гэтэл бас ар талд нь Оросын бүс нутгуудад, хотуудад өдөр бүр түймэр, гал, дроны халдлага, түгшүүрийн дохио, Орос орон өөрөө баларч байгаа тухай Тарас Загородний ярьжээ.
 
сонин mn
Москвагийн ОУХДС-ийн профессор асан Валерий Соловей хачин таамаг дэвшүүлжээ. ЧВК Вагнерын толгойлогч Евгений Пригожин  амьд, түүний орлон тоглогчийг л устгасан, тэрээр удахгүй оросын диктатор Владимир Путинээс өс хонзонгоо авна хэмээн “Daily Mail”-д ярьсан тухай мэдээ түгжээ. Пригожины двойник алагдаад, харин өөрөө нууцлагдсан, нэрийг нь хэлж болохгүй нэг газар бүгэж байгаа, Пригожины двойникийг алчихлаа гэдгээ ч Путин маш сайн мэдэж байгаа, тэгсэн хэрнээ Пригожины ДНК олдсон, зөв байсан гэж худлаа хэлсээр байна, үнэндээ Путин сүүдрээсээ ч айж байна,  Пригожин лав Африкт байхгүй, оны төгсгөл гэхэд тэр нөхөр ил гарч ирнэ, өөрийгөө алуулсан гэж оросууддаа итгүүлж, тэгснээрээ тэднээр Оросын эрх баригчдыг улам үзэн ядуулах тактик сонгосон гэж МГИМО-гийн нэр хүндтэй ахмад тэр багш ярьжээ.
 
сонин mn
Петр Порошенко туркийн “Haberturk TV” телеканалаар ярьснаас Путиныг Осама бен Ладентай харьцуулсан нь гойд этгээд ба сонин аргумент юм. Оросын диктатор яг  Бен Ладен шиг амьдрал амь насаа төгсгөнө гэсэн нь бүр ч ноцтой гэхээр дүгнэлт ажээ. Түүний урт яриаг англи хэлнээс товчлон буулгая. Пригожин амьд, хаа нэг газар нуугдаж байгаа гэдгийг Порошенко няцаажээ. Пригожин Москва руу хийж байсан ая дайнаа цуцалсан яг тэр өдөр би хэлж байсан, юу гэвэл Пригожинд сайндаа 2-3 сар л үлдсэн гэж. Түүний хувь заяаны талаар би эргэлзээгүй үнэн хэлсэн байгаа биз дээ. Түүнд хоёр хувилбар байсан: нэг бол Хаага хотод Олон улсын эрүүгийн шүүхэд очиж торны цаана суух, нэг бол алуулах. Энэ өнцгөөс авч үзвэл Путинд ч үнэмлэхүй баталгаа байхгүй нь харагдаж байна.
 
Путинтэй хэлэлцээ хий хэмээн биднийг шахаж дарамталдаг манай түншүүдэд би нотлон харуулахыг хүсдэг, юу гэвэл Путинд огтоос итгэж болохгүй гэж Украины 5 дахь Ерөнхийлөгч Порошенко ярьжээ.
 
Цааш нь тэрээр ингэж хэлэв: Миний хоёр дахь байр суур. Путины гар, Пригожины гар хоёулаа украины цусаар будагдсан. Пригожин байлдааны операцаа бүр 2014 онд эхлүүлж, манай Донецк, Луганск мужид Вагнерынхаа 20 мянган боевикийг авчирч, украинчуудыг алж, өдөөн хатгалгаа эхлүүлсэн. Энэ бол үнэндээ оросын жинхэнэ арми. Харин Пригожиныг онгоцтой нь сүйрүүлдэг нь санаатай үйлдэл, Путин маягийн ажиллагаа. Зүйрлэвээс 2014 оны зун малайзын иргэний агаарын тээврийн MH17 онгоцыг сөнөөсөн теракттай яг адилхан. Путины ирээдүйд би эргэлзэхгүй байна. Өөрт нь өлзийтэй тусах нь Хаагийн шүүхэд очих, энэ бол хамгийн нааштай хувилбар. Харин хамгийн таагүй нь бол Путин өөрийнхөө хүрээллийн аль нэг бүлгийнхэнд алуулна. Путиныг тойрсон уур амьсгалын (температур) түвшин, асуудал бэрхшээлийн түвшин, стрессийн түвшин нэгэн зэрэг өссөөр тэсрэх рүүгээ дөхөж байна гэж Порошенко прогнозлов. 
 
сонин mn
 
Сануулах зүйл байна. Сануулахыг хүсч байна. Путин бол өөрөө биечлэн Вагнер бүлгийг санхүүжүүлэхэд оролцсон. Тэгснээрээ Путин бол өөрөө терроризмын спонсор болж хувирсан. Терроризмыг спонсорлосны төлөө хүлээлгэдэг олон улсын эрх зүйн хариуцлага гэж даян дэлхийд бий. Тэгэхлээр Путин бол Осама бен Ладентай маш адилхан болчихоод байна. Тэдний хооронд том ялгаа гэж байхгүй. Дэлхий тэгж л үзнэ. Тэгээд ч Путины төгсгөл нь яг л тийм байх болно хэмээн Петр Порошенко итгэлтэй ярьж байв.
 
Ингэхэд Путин яагаад Украины эсрэг дайн өдөөсөн юм бэ гэдэгт элдэв хариулт тайлбар олон улсын сайтуудаар дүүрэн. Улс болгоны эрдэмтэд, сэтгүүлчид тайлбар хэлнэ. Гэхдээ нийт яригчдын лав 90% нь ганц л дүгнэлт хэлнэ. Оросын суртал нэвтрүүлэгчид тэс хөндлөн, Барууныг үзэн ядуулах үлгэр ярина. Тэр олонхийн дүгнэлтээр бол ХХ зууны СССР гүрний колоничлолын бодлогын үргэлжлэл нь энэхүү дайн ажээ.
 
Эзэнт их гүрнийг мөрөөдсөн оросуудын ХХ зуунд хийсэн бодлогыг олон талаас нь олон баримтаар хүүрнэн өгүүлнэ. Зөвхөн тухайн улс орон, ард түмний газар нутаг, цаашлаад баялгийг дээрэмдэх гэж маш олон удаа колоничлолын дайн өдөөсөн нь хагас мянганы тэртээгээс уламжлагдан иржээ. Хаант Оросын, коммунист Зөвлөлтийн  колоничлол гэж нэрлэдэггүй, тийм нэр томъёог  барууны гүрнүүд рүү тохчихдог. Харин тэдний савраас ядуу буурайг нь хамгаалж ирсэн болж жүжиглэдэг ч колоничлолын бүх элементүүд Хаант Орос, Зөвлөлт улсын гадаад бодлого, цэрэг-стратегид гүн шингээсэн  байжээ. Тэгж колоничлохдоо “Бид та нарыг аврах гэж байна, бид та нарт туслах гэж байна, бид бол ахан дүүс чинь” гэж бүх колоничлогдсон улс орнууддаа хүчээр ойлгуулдаг, дараа нь суртал нэвтрүүлэг болгоод хэсэг хугацааны дараа үүнд нь оросын өөрийнх нь иргэд ч гүн бат итгэдэг. Тэндээсээ улбаалаад “Оросууд бид бол том ах нар, бид бүдүүлэг ядуу хөршүүд, түншүүдээ аврагч нар” гэж боддог болчихсон. Колоничлогдсон улс орны хүн ардын эхний 1-2 үе нь харин тэднийг үзэн ядаж, тэмцэхийг оролдох боловч тэднийг хүчээр дарж, цус урсган алж устгасны үр дүнд 3 дахь үеэсээ эхлэн оросууд бол үнэхээр биднийг аварсан, биднийг тэтгэгч нар, бидний том ах нар гэж гүн бат итгэж сүсэглэдэг. Харин оросуудын хувьд, өнөөгийн ОХУ-ын хувь ч адил, хэзээ ч цаад улс орноо үнэнээсээ аврах, хөгжүүлэх зорилгыг нэгдүгээр тавьдаггүй, Оросын эзэнт гүрний хил хязгаарыг тэллээ, тэндээс үүрд явахгүй, яг одоо Украины кейс дээр бол эзлэгдсэн Донбасс, Херсон, Запорожид  Орос үүрд энд байна болоод явчихдаг. Орос үүрд энд байна: Молдова, Гүрж, Украин, хэтдээ Умард Казахстан, Беларусь бүхэлдээ... Путины төгсгөлгүй жүжиг үргэлжилсээр!
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
 
сонин mn
 
www.SONIN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх