УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 02

 

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож буйг онцлоод, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн отгон чуулган үүгээр эхэлж байна гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн идэвхжил эхэлсэн, иргэдийн хүлээлт үүссэн, намрын их ажил ундарсан, өвөлжилтийн бэлтгэл хангагдах өндөр хэмнэлттэй цаг үед энэ чуулган эхэлж байна. Монголын улс төр уламжлал шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Үндсэн хууль бол монголын ардчиллын тулгуур багана учир Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, улс төрийн намын шинэ хууль, улс төрийн цоо шинэ уур амьсгалын итгэл хүлээлт дор монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн цогцоор нь амилуулах ёстой.

Хуучинсаг, хаалттай, дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байна. УИХ-ын гишүүд ард иргэдийнхээ чин хүсэл зоригийг мэдэрч ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчиж, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл зорилготой нийцэж ажиллах хэрэгтэй.

Монголын төр засаг авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байгаа ч үр дүн нь өргөс авсан шиг түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөнх хэсгийн шуналт үйлдэл Монгол төрийн нэр хүндийг удаанаар тогтвортой унагаж, баллуурдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүд Та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэж байна.

Та бид өнгөрсөн чуулганыг авлигын эсрэг чуулган болгож, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг баталсан.  Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан нүүрсний гэх тодотголтой хэргийн сонсголыг зохион байгуулахыг ард иргэд шаардаж байна. Тиймээс энэ удаагийн чуулганыг авлигын эсрэг чуулган болгон үргэлжлүүлэх шаардлагатай" гэлээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд түвшинд хүрч, валютын нөөц 4 тэрбум ам.долларыг давж, нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн нааштай цаг үед тулж ирлээ. Бид улс төсвийг сонгуулийн төсөв болголгүй батлах шаардлага байна гээд намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдэе" гэв.

Эх сурвалж: www.montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх