Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 10 сар 31
(түүхээр аялахуйд)
XIX, ХХ зууны Төв Ази дахь олон улсын харилцааны нэн их ээдрээтэй нөхцөл, байдлын үед Ар Монгол тусгаар улс болж чадсан нь үнэхээрийн гайхал төрүүлэхээр сонин, содон баримт юм. Түүхэн тэр цаг үед 12 том улс гүрэн дэлхий дахиныг хуваагаад авчихсан, тэр мөртлөө Ойрхи Дорнод, Өмнөд Азийн сул дэл бүхэн рүү Англи, Орос, Япон, Франц тэргүүтэй томчууд шунахайран өнгөлзөж, хоорондоо зөрчилдөж, нөлөө, хүрээгээ булаацалдсаар байжээ.
Манжийн эзэнт гүрэн сулран доройтох үед Англи, Орос, Японы сонирхол энэ бүс нутагт мөргөлдөж, цэрэг дайны үйл ажиллагаа болон хурцдаж Англи, Францтай хийсэн дайнд Манж ялагдаж, Японтой хийсэн дайнд Орос ялагджээ. Энэ байдал нь Орос, Манж-Хятадыг хооронд нь нэлээд ойртуулжээ.
Ар Монголын нутаг дэвсгэр, түүхий эд, ашигт малтмал (алт, мах, ноос, арьс шир) Оросын хувьд чухалчлагдаж, мөн Японы эсрэг тэмцэхэд нь Хятад болон Монголын нутаг дэвсгэр түшиц болох учиртай байжээ.
Ар Монгол Манжийн вассал, хязгаарын мужийн статустай байсан болохоор Хаант Орос Бээжинтэй харьцах замаар Ар Монголд нэвтэрч, бэхжиж эхэлжээ. Ар Монголын хойд хил нь Орос, Манжийн хил болох тул оросууд Ар Монголыг сонирхох нь зүйн дагуух асуудал байлаа. Ар Монголд нөлөөгөө өргөжүүлэх нь Оросын хувьд стратегийн ач холбогдолтой, өмнөд хилийн нь аюулгүй байдалд тустай, Япон, Хятадаас хөндийрүүлэх бамбай болж ч мэдэх ирээдүйтэйг оросууд тооцжээ. Иймээс Ар Монголын харьцангуй биеэ даасан байдлыг оросууд ил, далд дэмжих зам дээр аажмаар, өөрийн эрхгүй гарчээ. Гэхдээ шороон түмэн хятадуудтай муудалцахаас оросууд маш их болгоомжлох ёстой байлаа. Японтой дайны байдалтай байсан нь ч ингэхийг шууд нөхцөлдүүлж байв. Япон хүчирхэгжиж эх газар руу түрэмгийлж эхэлсэн нь ч Манж (Хятад) Оростой ойртоход хүргэжээ. Чухамхүү ийм нөхцөл, байдлын улмаас Орос нь Ар Монголыг далдуур дэмжиж, мөн Хятадтай далдуур сүлбээлдэх болжээ. Ийм эгзэг ээдрээтэй гурван талт харилцаа 1911 он, 1912 он, 1915 он, 1924 он, бүр 1945 оныг дамнан үргэлжилсэн байна. Өнгөц харах, гүйхэн сэтгэх аваас Хаант Оросын засгийн газар, мөн Зөвлөлт засгийн газар байнгад л хоёр нүүр гаргаж, холчиргон загнаж ирсэн мэт ойлгогддог. Гэхдээ тэгэх нь ч аргагүй байсан нь цаанаа том том учир шалтгаантай байсан нь бас үнэн юм. Хятад, Монгол, Оросын энэ гурвалсан эгзэг ээдрээтэй харилцаанд Оросын тал ямагт шахам хөтлөх рольтой явж ирсэн нь харин монголчуудын хувьд аз ёндоо байжээ. Гэхдээ асуудлыг логик төгсгөлд нь хөтлөн хүргэхэд тусалсан гол хүчин зүйл бол монголчууд Хүрээ, хөдөөгүй үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд шуудран босож 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан явдал юм. Энэ үзэл санаандаа үнэнчээр, тууштай хөглөгдөж, хөтлөгдсөөр байсан ноёд, түшмэдүүд, лам, хар монголчуудын хичээл зүтгэл, гавъяа, амь хайргүй тэмцэл мөнхүү ялалтын гол тал, шийдвэрлэх хүчин зүйл байлаа.
Томчилж, тоймлож хэлэх аваас монголчуудын нэг хэсэг нь Манжийн холбоотон болж хүч хавсран Бээжинг эзэлсэн, нөгөө нэг хэсэг нь өөрсдөө ирж Манжтай нэгдсэн, гурав дахь хэсгийг нь Манжийн их цэрэг бараг 100 жилийн туршид арай ядан байж буулгаж авсан. Зөвхөн энэний дараа л Манж нар монголчуудтай эзэн мэт, ноён мэт харьцах болсон юм. Манжийн төрийн харьцаа улам бүр дарангуй, бурангуй болсоор эцэсдээ монголчуудыг вассал биш, дайснаа болгож хувиргажээ. Харамсалтай нь мөн л тухайн цаг үеийн нөхцөл, байдлаас, хүчний харьцаанаас шалтгаалаад зөвхөн Ар Монгол л тусгаар тогтнолоо олж, хилийн дээсээ тогтоож, НҮБ-ын гишүүн болж чаджээ.
****
1911 онд Ар Монгол тусгаар тогтнолоо зарласан боловч Хятад, Орос хоёрын нууц хэлэлцээрийн дагуу Автономит болж Хятадын эзэн эрхэнд үлджээ. Октябрийн хувьсгалын дараа Хятадын төр засаг Ар Монголын автономи эрхийг устгаж дотоод мужаа болгожээ. 1921 онд монголчууд Барон Унгерны цэрэгтэй хүч хавсран тулалдаж Хүрээг гамин цэргээс чөлөөлж, мөн үлдэгдэл хүчийг нь устгажээ.
1920, 1921 оны үед Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хороо болон Хятадын Бүгд Найрамдах Улсын хооронд найрсаг, найрамдалт харилцаа тогтоод байсан болохоор Хүрээг эзэлсэн гамин цэрэгт Оросын улаан армийн зүгээс аюул учрахгүй нь тодорхой байлаа. Товчилж хэлбэл Ар Монголын хувь заяа Өвөр Монголынхтой адилханаар шийдэгдэх байв. Учир нь Оросын улаан арми Хятадын БНУ-ын зөвшөөрөлгүйгээр Монголын хилийг нэвтрэхгүй, тэр тусмаа Хятадын гамин цэрэгтэй тулалдахгүй, Ар Монгол Хятадын дотоод муж болон үлдэх ёстой байжээ. Чухамдаа тийм болох байсныг дараах баримт бичиг гэрчилж байна.
“Москва. 1920.11.04. Ерөнхий командлагчийн Сибирийг хариуцсан туслах В.И.Шоронд (Хуулбарыг Гадаад хэргийн Ардын комиссар Чечеринд).
Хятадын Бүгд Найрамдах Улсад Барон Унгерны эсрэг тэмцэхэд нь туслах тухай тушаал. Дугаар 6528.
Монгол дахь Хятад цэргийн командлалын хүсэлтийг хүлээн авч Гадаад хэргийн Ардын комиссариаттай зөвшилцсөний үндсэн дээр тушаах нь: Хятадын талын хүсэлтийг хүлээн авч барон Унгерны цэргийг Монголын нутаг дэвсгэр дээр бүрмөсөн бутцохих ажиллагаа явуул!
Ажилчин, тариачны Улаан армийн ерөнхий командлагч Каменев
Цэргийн зөвлөлийн дарга Гиршфельд
Штабын дарга Лебедев”
Энэ тушаалаас үзэхэд Оросын улаан арми Хүрээн дэх гамин цэрэгтэй хамтран Унгерны дивизийг бутцохих байжээ. Тэгээд л гамин цэрэг Хүрээнд үлдэж орос цэргүүд нутаг буцсанаар Ар Монгол Хятадын муж болон үлдэх байв.
1911 онд тусгаар тогтнолоо зарласан Монголын эх орончид мөн л өөрсдөө тэмцэн тэмцсээр Автономи эрхийг олжээ. 1919 онд гамин цэрэгт эзлэгдэж Автономио цуцлуулаад мөн л тэмцэн тэмцсээр Бароны дивизийг ашиглан (өөрсдөө гол хүч болон оролцож байж) Хүрээг чөлөөлж, гамин цэргээс Монголыг цэвэрлэжээ. Дараа нь 1924 онд Хятад, Оросын нууц хэлэлцээрийг сөрж (Монголыг Хятадын салшгүй хэсэг мөн хэмээн Орос нууцаар зөвшөөрсөн хэлэлцээ) Улсын Анхдугаар Их Хурлыг хуралдуулж, БНМАУ-ыг тунхаглан зарлаж, Үндсэн хууль боловсруулан баталжээ. Ингэж л “эзэд нь хичээснээр заяа нь хичээсэн” түүхтэй.
Хятадын хараа нөлөө даамжрах, хүчээ авахаас өмнө өрсөж, яаравчлан хийсэн Улсын Анхдугаар Их Хурал Хятадын бодлого, санаархалд том хаалт болж чаджээ.
Энэ их хурал нь 1924 оны 5-р сарын 31-нд Орос, Хятадын хооронд болсон нууц хэлэлцээрт сөргүүлэн тавьсан том, оновчтой үйлдэл мөн байлаа. Их хуралд оролцсон төлөөлөгчдийн тоо, чанар, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, хуралдсан хугацаа, төлөөлөгчдийн нийгмийн бүтэц зэргийг голох, гоочлох зүйл ер байсангүй. Хурал 1924 оны 11-р сарын 8-наас 28-ны хооронд үргэлжилжээ. Хуралд 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь хүрэлцэн ирсний тав нь тайж, ес нь лам, нэг нь эмэгтэй (Д.Пагмадулам) байжээ. Мөн үндэсний цөөнхийг төлөөлж гурван казах оролцжээ. Ирсэн төлөөлөгчид бүгд бичиг үсэгтэйн дээр тэдний дунд орос, герман, англи, хятад, манж хэлтэй хүмүүс цөөнгүй байлаа. Коментернийн бүрэн эрхт төлөөлөгч Рыскулов, Оросын элчин Юдин, Зөвлөлт Казахын төлөөлөгч Хангелдинов, Буриадын ерөнхий сайд Ербанов болон Ордос, Хөлөнбуйр, Барга, Төвдийн төлөөлөгч урилгаар оролцжээ.
Хурлаар Монгол улсын хандах чигийг тодорхойлж, Бүгд найрамдах засгийг тогтоож, парламентат ёсны эх үүсвэрийг тавьж, үндсэн хуулийг баталжээ. Төлөөлөгчдийн идэвх маш өндөр байж асуудал нэгбүрээр маргаан өрнөж, зөвшилцөлд хүрч, зарим төлөөлөгч 4-15 удаа үг хэлжээ. Үг хэлсэн зарим хүн Англи, Бельги, Голланд, Герман улсын үндсэн хуулиас иш татаж Зөвлөлт Оросын үндсэн хуулийг загвар болгон ярьж, төлөөллийн ардчилалд талтай байгаагаа онцлон илэрхийлж байжээ.
Хурлын протоколыг Дашдоржийн Нацагдорж хөтөлжээ. Протоколд тэмдэглэснээр Улсын Бага Хурлын тэргүүлэгчдэд Дамбадорж, Гэлэгсэнгэ, Дангаа, Ламжав, Цэрэндорж, Элбэгдорж нарыг баталж, Засгийн газрын гишүүнээр 12 хүнийг томилжээ.
Монголын эх орончид ийнхүү тууштай, зоригтой тэмцэгчид болохоо, мөн нэхэл хатуутай улстөрчид гэдгээ, мэдлэг боловсролтой, оюунлаг хүмүүс болохоо нотлон харуулсан түүхтэй.
Энэ түүхийг үнэн мөнөөр дэлгэн өгүүлж, үнэн зөвөөр үнэлж, дүгнэж, жишээ, сургамжаар нь залгамж үеэ хүмүүжүүлж, хүн амаа түүхийн ухамсрын хувьд нэгдмэл болгох, байлгах нь өнөөгийн бидний зорилго, ажил байх ёстой.
Евразийн том, хүчирхэг эзэнт гүрэн Орос болон Азийн том, хүчирхэг эзэнт гүрэн Хятад хоёрын шууд нөлөө, оролцоог яаж ийж зохицуулсаар байгаад биеэ даасан тусгаар улс болж чадсан Ар Монголын сонин, содон хувь заяаг улстөрийн шинжлэх ухааны үүднээс судалж нэн эртнээс эх сурвалж, үндэстэй улстөрийн сэтгэлгээний нь урлаг, ололтыг нээн харуулах, жишээ сургамжийг нь тодруулах ажил өнөө үед үгүйлэгдсээр байгаа нь үнэн юм. Ийм шинж, байдалтай судалгаа, үр дүн, бүтээл түүхчид, философичид, улстөр судлаачдын аль алинд нь бараг алга шахуу гэж хэлж болно. Оюун ухааны хүч, оролцоогоор бүтсэн, бүтээгдсэн бүхнийг зөвхөн, ганцхүү оюун ухааны хүч, оролцоогоор задлан дэлгэж, бас эвлүүлэн угсарч болдог жамтай. Ингэхлээр түүхчдээ, философичдоо, мөн улстөр судлаачдаа бэлтгэх сургалтыг чанаржуулах, бас дахин чанаржуулах шаардлагатай байна. “Өндөр модтой ойд л хамгийн өндөр мод ургадаг” болохоор үнэхээрийн чадварлаг судлаачид бүхий эрдэм шинжилгээний байгууллага л сайн эрдэмтдийг төрүүлэх байх даа. Хүрээлэнгүүдийн захирлууд энэ талаар ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Байгуулагдаад 50 жил болсон зарим хүрээлэн дөнгөж саяхан л байгуулагдсан юм шиг сулхан чадавхтай байх нь ч ажиглагдах болжээ.
“Өнгөрснөө сайтар ухаарваас өнөөг ойлгоход хялбар, өнөөгийн утгыг гүнзгий ухваас ирээдүйг нээхэд дөхөмтэй” гэдэг болохоор “түүх, түүхийн философи” гэх шинжлэх ухааныг их, дээд сургуулиудад заавал үзэх, судлах шаардлагатай байна.
****
Монголчууд бол энэ л газар нутаг дээрээ анх өвөрмөц угсаатан болон бүрэлдсэн ба анхны төр улсаа ч мөн энэ газар нутаг дээрээ л байгуулжээ. Энэ бол Хүннү улс. Хүннү улс ойр зэргэлдээх нүүдэлчдийг нөлөөндөө аван нэгтгэсээр Хүннүгийн эзэнт гүрэн болон томорч хүчирхэгжжээ. Төв Азид Хүннүгийн эзэнт гүрэнтэй өрсөлдөх улс орон Хятадын Хан гүрэн л байжээ. Энэ хоёр их гүрэн бие биенээ харилцан хүлээн зөвшөөрч Их Цагаан хэрмээр хилээ тогтоон зэрэгцэн оршиж байжээ. Олон хэлний, олон угсааны нүүдэлчдийг өөртөө хураан нэгтгэсэн Их Хүннү гүрэн задарч өмнөд хэсэг нь Хятадтай нэгдэж, нэг хэсэг нь Өмнөд Ази, Энэтхэг чигт нүүж, нөгөө хэсэг нь Зүүн Европ руу салан оджээ. Үлдэх хэсэг нь монгол Сүмбэ аймгийн удирдлага дор Сүмбэ гүрнийг байгуулжээ. Сүмбэ гүрний төрийн эрхэнд хожуу нь монгол Нирун аймаг гарч Их Нирун улс буй болжээ. Нийтийн тооллын VI зууны дундуур Нируны бүрэлдэхүүнд байсан Түрэг угсааны ноёд бослого гаргаж төрийн эрхийг булаажээ. VI зууны дундаас VIII зууны эцэс хүртэл Түрэгийн эзэнт гүрэн, VIII зууны эцсээс IX зууны дунд хүртэл Уйгарын эзэнт гүрэн, IX зууны дундаас X зууны дунд хүртэл Киргизийн эзэнт гүрэн Монголын өндөрлөгт оршин тогтнож ирсэн байна. Энэ бол ойролцоогоор 400 жилийн дотор болж өнгөрсөн түүхэн үйл явц юм. Энэний дараагаар олон хэлний нүүдэлчид зонхилсон, мөн Хятадын хойд хэсгийг эрхшээсэн Кидан улс буй болжээ. Кидан улс 936-1136 оны хооронд оршин тогтножээ. Энэ үед монгол угсааны овог, аймгуудын нэг хэсэг нь Киданы бүрэлдэхүүнд, үлдэх хэсэг нь Киданы хойгуур олон тооны ванлиг, ханлиг байдлаар нүүдэллэн аж төрж, хүн ам нь өсөж, хүчирхэгжсээр байжээ.
ХII зууны дундуур Кидан улс задран мөхөж харин монгол угсааны аймаг, ханлигууд ихэд хүчирхэгжжээ. Чингис хаан монгол угсааны овог, аймаг, ханлигуудыг хураан нэгтгэж Их Монгол улсыг байгуулжээ. Их Монгол улс Ази, Европыг бүхэлд нь шахам байлдан эзэлж Монголын эзэнт гүрэн болон томорчээ. Энэ үед Америк тив нээгдээгүй, Австрали тив нээгдээгүй, тэр цагийн дэлхий дахин үндсэндээ Ази, Европ, Африкийн хойд хэсгээс бүрдэж байв. Ингэхлээр Монголын эзэнт гүрэнд тэр үеийн дэлхий дахин бүхлээрээ шахам захирагдаж байжээ.
Хүн төрөлхтний түүхэнд ингэж тодорч, томорч, нөлөө хамаарлаа бүхэлд нь шахам тогтоож явсан монгол угсаатан 1911 онд бараг мөхөх, сөнөхөд хүрээд байснаа гэнэт шахам сэргэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмцэн олж чадсан нь үнэхээр нэгэн гайхамшиг мөн байлаа.
Монголчууд бол онцгой өвөрмөц, сондгой содон угсаатан гэдгээ ийнхүү нотолжээ. Энэ урт түүхийг үнэн мөнөөр нь бичих, дэлхий дахинд сурталчлах, үнэт зүйл, сургамжийг нь өвлөн авах, залгамж үедээ эзэмшүүлэх, ард түмнийхээ түүхийн ухамсрын нэгдмэл байдлыг хангах ажил харин тун ч чамлалтай байгаа нь үнэн болно. Энэ бол харамсахаар баримт, нөхцөл, байдал мөн.
Монгол хүний түүх бол хомосапиенсын түүх адил урт, монгол угсаатны түүх бол мэдээжээр монгол төр, улсын түүхээсээ урт, харин монгол төр, улсын түүх бол ойролцоогоор Хятадын Ся, Шан улсынхтай адилавтар, наад зах нь 3600 жилийн урттай байх боломжтой юм. Энэ урт түүхийн ул мөр олон хэлбэр, илрэлээр үлдэж хоцорсон хэдий ч монголчууд бид тэр бүхнийг олж, бүртгэж, шинжилж, судалж чадаагүй байгаа болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Эх сурвалж: www.SONIN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.