Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 11 сар 03
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Түрүүч нь өмнөх дугаарт
УИХ-ын дарга З.Энхболд:
-Бат-Эрдэнэ гишүүн асууя.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ Цагаан суваргын ордыг төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, өөр бас хэд хэдэн ордын тухай асуудал яригдсан л даа. Тэгэхээр үүний цаад учир шалтгааныг нь бид харах ёстой юм. Цаад талынх нь гол асуудал Ашигт малтмалын тухай хуулийн л асуудал байгаа. Энэ эрх зүйн зохицуулалтын асуудал бол үндсэндээ улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Тийм ч учраас Монгол төрийн тэргүүн Ашигт малтмалын салбарт бий болсон энэ их замбараагүй лиценз олголт, энэ хар захын наймаа, энэ нь улс үндэсний аюулгүй байдал дээр очиж холбогдож байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хориглох хуулийн төсөл санаачлаад тухайн үедээ эрх барьж байсан Ардын нам, цөөнх байсан Ардчилсан нам бүгдээрээ дэмжээд баталсан. Энд бий болсон юмаа бүгдийг нь цэгц журманд нь оруулах хэрэгтэй байна. Тэгээд баялгаасаа иргэдэд тэгш шударга хүртдэг, энэ зах замбараагүй олгосон асуудлуудыг бүгдийг нэг цэгц журамлая гээд нэгдүгээрт. Хоёрдугаарт, мөн Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн төсөл санаачлаад боловсруулж байсан. Нэлээн ултай суурьтай судалгаа хийгээд, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг хийгээд явж байхад зэрэгцүүлээд Засгийн газар бушуу туулай гэдэг шиг хам хум Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна гээд аваад ороод ирсэн. Энэ оруулж ирж байгаа хуулийн төслийн зүйл заалт болгоны цаад талд хоёрхон сонирхол байгаа. Нэг нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээж өгье, эдийн засгийн хямралаар далимдуулж нээгээд, дахин хуваарилалт хийх шунахай зорилго байгаа. Нөгөө нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт төрийн оролцоог үгүй хийе гэсэн ийм л хоёр санаа байгаа шүү дээ, та нарт. Хоёр дахь санаагаа гүйцэтгүүлэхийн тулд сугалж болохгүй шонгийн модыг хоёр тийш нь ганхуулдаг шиг гишүүдийн асуугаад байгаа стратегийн орд газарт хамаарагдах хэмжээний нөхцөл бололцоог хангаагүй ордуудыг хамж шимж оруулж ирээд. Оюу толгойг сайжруулна гэж явсан та нөхдүүд маань одоо тамга барьж байхдаа Хөрөнгө оруулалтын гэрээг нь юун сайжруулах, төрийн оролцооны 34 хувийг нь байхгүй болгох, Эрдэнэтийн 51 хувийг үгүй хийх тухай өнөөдөр Их Хурлын чуулганы танхимд хэлсэн шүү дээ. Дарханы хар төмөрлөгийн ордыг хуваагаад залгичихсан. Түүнийхээ араас бүх юмнуудаа хийх л санаа байгаа шүү дээ, ерөөсөө бодитой асуудал. Тэгээд энэ Ашигт малтмалын хуулийг баяр наадам, дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн болно. Олон нийтийн анхаарлаас холдсон үед та бүхэн шуурхайлаад эдийн засгийн хямрал гэдэг юман доогуур оруулаад батлуулах гээд байгаа шүү дээ. Бидэнд нийгэм, ард түмэн, үндэсний эрх ашиг, улс орны аюулгүй байдал гэдэг юм байна уу. Энэ дээр Их Хурлыг бүрдүүлж байгаа олонх, цөөнх гэх юм байхгүй, эрх барьж байгаа бүлэглэл ч тэр, цөөнх байгаа улс төрийн хүчин ч тэр, энд сууж байгаа улстөрчид ямар байр суурьтай байх нь вэ гэдгийг л бид харах үлдээд байгаа юм. Яг бодитой байдал бол ийм байгаа. Та бол Ашигт малтмалын хууль батлагдахгүй байгаа учраас үүнийг оруулж ирж байгаа гэж. Үүнийг чинь Ашигт малтмалын хуулийн асуудлыг шийдчихээд дараа нь стратегийн ач холбогдол бүхий орд /хугацаа дуусав/.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Асуусан уу. Үг хэлэв үү. Ганбат гишүүн. Ажлын хэсгийн гишүүн хариулъя.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Энэ хуулийнхаа дагуу явж байгаа юмаа, Бат-Эрдэнэ аварга аа. Манай Уул уурхайн сайд чинь буруутай юм биш. Угаасаа стратегийн орд гэдгийг хуулиндаа заачихсан байхгүй юу. ДНБ-ий 4 хувиас дээш гарсныг нь стратегийн орд гэж нэрлэнэ, түүнийг 34 хувьтай байх ёстой. Үүнийг УИХ-аар шийднэ гэсэн ийм юм байдаг юм байна. Тэгээд энэ тогтоолынхоо дагуу оруулж ирж байгаа. Нөгөө компани маань, МАК компани маань өнөө маргаашгүй ажил нь эхлэх болчихсон. Юу юугүй ажлаа эхлээд явчихсан. Одоо улс шийддэг юмаа шийдээтэх гэсэн ийм байдалтай байгаа юм. Энэ компани маань 1400-1500 хүнийг ажлын байраар хангадаг Монгол Улсын компани. Сүүлийн 5-6 жил татвараа их сайн төлж байсан, тэргүүний татвар төлөгч. Эхний 5-д орж байсан компани байдаг юм байна. Энэ Цагаан суваргын орд маань ерөөсөө. Эрдэнэт маань өнөөдөр 51 хувьтай, Оюу толгой 34 хувьтай ийм байгаа. Хэрвээ бид нар хөрөнгө оруулаад явах юм бол 350 сая доллар гаргаж өгөөд, 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд үүний 350 саяыг төр төлөх юм. Тийм мөнгө нь өнөөдөр алга. Тийм учраас яаралтай Монгол Улсын компанийг ажлын байртай болгох, энэ ордыг эзэмшүүлэхийн тулд ерөөсөө төр хувь эзэмших нь утгагүй юм гэж үзсэн. Бид нар мэдэж л байгаа шүү дээ. 51 хувьтай төрийн өмчийн Эрдэнэт компани маань хэдийгээр гайгүй ажилладаг ч тэнд дарга нар маань яаж шахдаг вэ. Тэнд хичнээн олон жилээр “О”-ын цаас, янз янзын бараа бүтээгдэхүүн шахуулчихсан байдалтай байгааг мэдэж байгаа. Нөгөө Оюу толгойн 34 хувь маань өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг нэмээд байдаг нөгөө 60-70 хэдэн хувьтай компани маань. Одоо хоёр дахь ээлжээ ашиглалтад оруулж чадахгүй байдалтай болчихсон. Гурав дахь хувилбараараа энэ МАК маань Монгол Улсын Үндэсний, татвар төлөгч, тогтвортой ажил хийж байгаа ийм компани. Даахгүй нохой булуу хурааж байхаар бушуухан энэ компанийг ажилд нь оруулъя. Уул уурхайн яам, Засгийн газраас Ганхуяг сайд маань яг хуулийн дагуу оруулж ирж байгаа юм. Ашигт малтмалын хууль бол нэлээн дуншиж байна. Нэлээн удах юм шиг байна. Энэ ажил төрөл нь болохоо байгаад ингэчихсэн компанийг явуулъя. Тэгээд дахиад булуу хураахаа больё, төр. Угаасаа төр нэг их сайн менежер биш. Ажлын хэсэг Зоригт гишүүн, миний бие ахлаад Батцогт, Энх-Амгалан гишүүн, бид хэд нухацтай сайн ярьсан. Дэд ажлын хэсэг нэлээн сайн ажилласан. Уул уурхайн яам нэлээн сайн зөвлөгөө өгсөн. Яг өнөөдрийн нөхцөлд манай Монгол Улсад мөнгө төгрөг алга, төрд маань мөнгө алга. Энэ үед компани маань хийдэг юмаа хийгээд яваа гэсэн бодлын үүднээс энэ тогтоолын төслийг Монгол Улсын төр бол ерөөсөө хувь эзэмших шаардлагагүй юмаа, МАК маань, энэ бол аль 60 хэдэн оноос эхлээд явж байгаа орд юм билээ. Хэд хэдэн компани дамжсан. Мандал сумын нутаг дээр байдаг компани. Тийм учраас энэ ажлаа хийгээд яваг аа. Тэгэхгүй бол бүх юм зогсчихсон байдалтай байгаа юм билээ гэдгийг бас тайлбарлаж хэлж байна. Гишүүд дэмжээд явчих байх аа.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Тодруулъя Бат-Эрдэнэ гишүүн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хэлэлцүүлгийн явцад өгч байгаа хариултаас маш тодорхой байгаа юм. Цаад талын санаа бол стратегийн орд газар гэдэг юмыг юун өргөжүүлэх, бүгдээрээ 12 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дэх төрийн оролцоог 51-ээс дээш болгоно гэсэн зорилтоосоо ухарч байгааг нэгдүгээрт харуулж байгаа юм. Тэгээд энэ том орд газрыг үгүй хийх зорилгынхоо үүднээс огт хамаа байхгүй шалгуур, тэнцэхгүй ДНБ-ий 5 хувийг үйлдвэрлэх хэмжээний биш баахан компани, Цайдам ямар ямар юм ч билээ, би нэрийг нь мартчихаж. Олон компани оруулж ирээд хажуугаар нь чихэлдүүлээд байгаа юм. Тэгээд эцсийн дүндээ авч гарах юм нь стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг үгүй хийх, нөгөө Оюу толгойн эзэмших 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг бүгдийг хүчингүй хийлгэх, тэртэй тэргүй ойлгомжтой 350 сая ам доллар төр гаргаж өгч чадахгүй шүү дээ. Ийм юмыг та нар ингэж чихэлдүүлж оруулж ирж байгаа нь маш ойлгомжтой байгаа юм. Тийм учраас одоо нэгэнт оруулаад ирсэн бол үүнийг Ашигт малтмалын хууль гартал/ хугацаа дуусав/.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Болорчулуун гишүүн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Цагаан суваргын ордыг төр авах талаар Их Хурлаар ороод ирж байна, асуудал. Үнэхээр гайхаж байна. 40 жилийн өмнө биш шүү дээ, 4 жилийн өмнө стратегийн 15 ордтой Монгол Улс байна гээд зарлачихсан. Энэ дотор Эрдэнэтээс авахуулаад энэ Цагаан суварга байгаа. Гэтэл Ашигт малтмалын хууль хэлэлцэж байгаа энэ үед Цагаан суваргыг ганцааранг нь оруулж ирээд, шалтгаан тайлбараа хэлж байна. Төрд авахгүй гэж ярьж байна. Цагаан суваргыг авахгүй юм бол үлдсэн 14-ийг авахгүй биз дээ, төр. Тэгж ойлгогдохоор байна. Тийм л шоглоом жишиг болох юм шиг байна. 2006 оны Ашигт малтмалын хуульд 34 хувь хүртэл, 50 хувь хүртэлхийг төр авахдаа, мөн төлж авахаар байгаа. Харин одоо өргөн баригдаад хэлэлцэгдээд явж байгаа Ашигт малтмалын хуулин дээр төр мөнгө төлөхгүйгээр авахаар орж ирсэн тийм сайн заалт байна. 5.4, 5.5-даа. Энэ Ашигт малтмалын хууль хэдхэн хоногийн дараа шийдэгдэх гэж байхад дундуур нь 350 сая доллар төлөх эсэх асуудал яригдаад, ингээд энэ Цагаан суваргыг ганцааранг нь ярьж байгаа нь бас их хачирхалтай санагдаж байна. Ер нь Монгол төр хувь хэмжээгээ эзэмших ёстой. Төрийн эзэмших хувиар дамжуулан Монголын ард иргэд хувиа хүртэнэ. Түүнээс төр эзэмшсэн болгон муу байдаг юм биш. Норвегийн жишээг харахад, Чили гэхэд хамгийн том зэсийн орд дэлхийн зэсийн үнийг барьж байна. Улс нь. Дийлэнх хувийг улс нь эзэмшдэг. Гэтэл 4 жилийн өмнө 2009 онд гаргасан бодлогоо байхгүй болгоод төр эзэмшихгүй тал руугаа явж байна. Монгол төрийн хууль гаргахдаа ялангуяа энэ уул уурхай дээр залгамж чанар, бодлого гэж байхгүй болжээ. Би энэ Уул уурхайн яамыг, сайдыг ийм зүйл оруулж ирж байгаад үнэхээр гайхаж байна. Өөр зүйлгүй.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.