АН-д “өр”-өө муулах нүүр бол байна, эрх байгаа юу?!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 06

 

АН хүчгүй байсан хүчтэй сөрөг хүчнээр нэрлэгдсээр л байдаг. Гэвч тэд маань 2024 онд засаг авахаасаа өмнө зад үсэрчих гээд хэцүү л харагдаж байна. Дөнгөж эвлээд, бүтцийнхээ дийлэхийг сонгоод улс төрөө эхлүүлж байх шиг байна. Гэвч “...Буруу хөл дээрээ босно” гэдэг шиг шал дэмий сэдэв барьж аваад улс төр хийж эхлэв. Тэр нь “...Өр” юм. Аймгуудаар тойроод, өр яриад явж өгч байна аа. Заримыг нь тухалж сонсов. Тэд ярьж чаддаг л юм байна. Тэгж ярьж болдог л юм байна. Ер нь бол Монгол Улс, монгол хүн маш их өртэй байгаа нь намуудын л хийсэн ажил шүү. Тэр тусмаа засаг барьсан намуудтай шууд холбоотой. МАН-д ч, АН-д ч хамаатай. Хэн нь ч “муулах” эрхгүй. Аль алийнх нь айж явах ёстой сэдэв юм.

Өрөөр улс төр хийгээд байгаа АН л гэхэд засаг барих хугацаандаа шууд 7.2 тэрбум ам.долларын зээл авчихсан байдаг. Эргэн төлөлт нь одоо ч явж байна. Сануулбал, Чингис бондын 500 сая ам.долларыг 4.125 хувийн хүүтэй, энэ бонд дээр нэмээд 1.0 тэрбум ам.долларыг 5.125 хувийн хүүтэй,  Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, Самурай бондын 291 сая ам.доллар 1.62 хувийн хүүтэй, Хятадын Хөгжлийн банкны зээлийн 162 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 185 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, ХБНГУ-ын Коммерц банкны зээлийн 13.1 сая евро буюу 13.9 сая ам.долларыг тодорхойгүй хүүтэй, Димсам бондын 1.0 тэрбум ам.доллар, 175 сая ам.доллар 7.5 хувийн хүүтэй, БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг, юанийн свопын 1.0 тэрбум юань, 2.3 тэрбум ам.долларыг  5.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 250 сая ам.доллар, 500 сая ам.долларыг 8-11 хувийн хүүтэй тус тус зээлжээ. Энэ зээлүүдийн нэрийг бид бүгдээрээ мэддэг болсон.

Ийм байхад л “...Өр муухай”, “...Тэд өр тавьж байна” гэсэн улс төр хийгээд байгаа нь хачин байгаа юм. Тэдэнд хэн ингэж зөвлөөд, заагаад өгчихсөн юм, бүү мэд. Улстөрчид угаасаа ард түмнийг цагаан цаас, загасны ой санамжтай гэцгээдэг. Гэвч, арай ч өр ширний мэдээллийг мартталаа “цагаан цаас, загас” болно гэж юу байхав. Яагаав, найрах арга чинь буруутаад байна гэдэг орчин үеийн дуу байдаг даа. Тэр л болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-д “өр”-өө муулах нүүр бол байна. Харин эрх нь байгаа юу. Ер нь бол улс төр хийх бол жаахан бодож хийх нь зөв болов уу даа. Ийм учраас л засаг барихаасаа өмнө зад үсэрчих гээд байгаа юм, АН.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх